Төрийн ачааг үүрэлцэхэд түүртэх юм байхгүй
МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа
2015.10.09

Төрийн ачааг үүрэлцэхэд түүртэх юм байхгүй

МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаатай ярилцлаа.

-Яамны зарим ажлыг холбоондоо авч байгаа нь ямар учиртай юм бэ. Танайх төрийн бус байгууллага биз дээ. Өмнө нь ийм тохиолдол яамдуудад гарч байсан юм болов уу? 

-Өчигдөр Зам, тээврийн сайдтай уулзахад яамны зүгээс хийгээд байх шаардлагагүй хэд хэдэн ажил байна. Танай холбоогоор хийлгэж болох юм биш үү гэсэн санал тавьсан. Манай холбооны гол ажил бол гишүүн байгууллагуудынхаа болон замчдынхнаа эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төрд хүргэх, төрийн бодлогыг гишүүн байгууллагадаа хүргэх гүүр болж ажилладаг байгууллага. Манайх үүсэн байгуулагдаад найман жил болж байна. Би ч ерөнхийлөгчөөр нь ажиллаад бас төдий хугацаа өнгөрсөн.

Манай холбоо замын салбарынхаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх, инженер техникийн чиглэлээр 10 гаруй төрлийн сургалтыг хариуцдаг. Мөн замын компаниудын тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу анхан шатны материал бүрдүүлэлтийг зохион байгуулж, яаманд хүргүүлж шийдвэр гаргуулдаг. Ер нь яам болон төрийн байгууллагууд төрийн бус байгууллагад ажлаа өгөх маш дургүй байдаг. Харин Зам, тээврийн яам ажлаа зоригтой өгч байгаа нь бараг л Монголд анхных байх шүү. Өмнө нь А.Гансүх сайдын үед замын компаниудад олгох тусгай зөвшөөрлийн анхан шатны бүрдүүлэлтийг хийх эрхийг манай холбоонд хариуцуулсан юм.   

-Одоо ямар ямар үүрэг хариуцлага нэмэгдэж, ямар тодорхой ажлуудыг зохион байгуулахаар санамж бичиг байгуулсан бэ? 

-Санамж бичгийн хүрээнд авто зам барих, засварлах аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг бие даан олгож шийдвэрлэхээр болж байна. Замын зураг төсөв, барилгын ажилд экспертиз хийх, зам барилгын ажилд хөндлөнгийн дүгнэлт хийнэ. 

-Тэгвэл танай холбоонд маш том үүрэг хариуцлага оногдож байна. Тусгай зөвшөөрол олгоход зайлшгүй хяналт хэрэгтэй болно. Олон нийтэд тусгай зөвшөөрөл авахын тулд танил тал, найз нөхдийн холбоо ч гэдэг юм уу, арын хаалга заавал хэрэглэдэг гэсэн ойлголт байдаг. Тусгай зөвшөөрөл олгоно гэдэг нь тийм өндөр шалгууртай, хэцүү ажил уу? 

-Ер нь тусгай зөвшөөрөл авна гэдэг тийм хэцүү зүйл биш. Журамд заасан материалаа бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлээд ирсэн хэнд ч өгч болно. Гол нь зам барих, засварлах зөвшөөрөл авах гэж байгаа аж ахуйн нэгж мэргэжлийн авто замын инженер, мэргэжилтэн, зам барих машин тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх ёстой. 

-Санамж бичиг байгуулчихлаа. Яг хэзээнээс ажил хэрэг болж эхлэх вэ? 

-Одоо сайдын тушаал гарчихвал өнөөдрөөс ч эхлэх боломжтой. 

-Тусгай зөвшөөрөл олгох тухайд ямар ч асуудалгүй юм байна гэж ойлголоо. Экспертиз хийхэд бэлэн үү? 

-Ямар ч асуудалгүй. Манай холбоо 2010 оноос хойш тогтмол сургалт явуулж эхэлсэн. Энэ хүрээнд зөвлөх, мэргэшсэн инженер, техникийн ажилтнаа чанаржуулж чадваржуулж чадсан. Салбарын чадварлаг  мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг байгуулсан. Тийм учраас энэ ажилд нэг их түүртээд байх юм байхгүй. 

-Төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага хийж байгаа болохоор мөнгө, санхүүгийн асуудал гарах нь мэдээж? 

-Өмнө нь тусгай зөвшөөрөл олгож байхдаа улсаас ганц ч төгрөг авч байгаагүй. Харин одоо экспертиз хийхэд журмын дагуу олгогддог төлбөрийг авна. Дээр нь хөндлөнгийн хяналт шалгалт хийхэд зохих журам дүрмийн дагуу яамнаас төлбөрөө авах юм. 

-Танай төрийн бус байгууллага төрийн ажлыг нуруун дээрээ үүрэлцэхээр болж байна. Цаашдаа гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа яаж өргөжүүлэх вэ? 

-Монголын авто замчдын холбоо байгуулагдсан цагаасаа замын инженер техникийн ажилтнууд, компанийн захирлуудаа Америк, Япон, Хятад, Солонгос, ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах ажлуудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Гадны орнуудаас мэргэшсэн багш нарыг авчирч сургалт явуулж хэвшсэн. Ирэх 11 дүгээр сараас эхлэн замын 20 инженерийг Японд байр, хоол унааны зардал, цалин өгч ажиллуулна.

Гэрээгээ хийчихсэн. Явах инженерүүд маань хэлний бэлтгэлдээ суугаад эхэлчихсэн. 40 гаруй инженер байгаа. Тэднээс 20-ийг нь шалгаруулж явуулах юм. Мөн ирэх сард Солонгост Дэлхийн авто замчдын холбооны хурал болно. Энэ хуралд манай замчдаас 30 гаруй хүн оролцоно. Энэ үеэр манай холбоо Дэлхийн авто замчдын холбооны жинхэнэ гишүүн болох гэж байгаа.