Ө.Энхтүвшин: 110 мянган сурагч үдийн цай ууна
УИХ-ын дэд дарга Ө.Энхтүвшин
2008.08.16

Ө.Энхтүвшин: 110 мянган сурагч үдийн цай ууна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, дэд сайд С.Төмөр-Очир нар өчигдөр үдээс өмнө 10 аймгийн Засаг дарга болон боловсролын газрын ажилтнуудтай теле уулзалт хийж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Харин үдээс хойш болсон Засгийн газрын  хуралдаанаар бага ангийн сурагчдад зориулсан “Yдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, боловсролын салбарын мастер төлөвлөгөөг батлуулсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Бага ангийн сурагчид хэзээнээс үдийн цайнд ордог болох вэ?

-Ирэх есдүгээр сарын 1-нээс 1-2 дугаар ангийн сурагчдад зориулсан “Yдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм. Бага ангийн сурагчдад үдийн цай өгдөг болох тухай УИХ-ын тогтоол бий. Засгийн газрын хуралдаанаар уг хөтөлбөрийн санхүүгийн асуудлыг шийдлээ. Нийт 110 мянган хүүхэд уг хөтөлбөрт хамрагдах бөгөөд 2,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас гаргахаар боллоо. Ингэхдээ нэг хүүхдийн зардлыг 300 төгрөгөөр тооцсон.

-Yдийн цайгаа хаана уух вэ, хүүхдүүд?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой бэлтгэл хангах нь зайлшгүй. Бид зарим аймгийн холбогдох албан тушаалтнуудтай интернэтээр холбогдож санал, хүсэлтийг нь сонслоо. Хөдөөгийн сургуулиудын хувьд дотуур байраар дамжуулж, хэрэв дотуур байргүй бол сургуулийнх нь цайны газраар дамжуулж сурагчдад үдийн цайг өгөх юм. Хотын сургуулиудын хувьд хүндрэл гарахгүй гэж бодож байна.

-Yдийн цайнд юу өгөх вэ. Yндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн байх уу?

-Энэ хөтөлбөрийн нэг зорилго нь үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихэд оршиж байгаа юм. Сурагчдад нэг, хоёрдугаар хоол өгнө гэвэл зардал мөнгөнөөс авахуулаад бэрхшээл их байдаг. Гурилан болон сүүн бүтээгдэхүүн өгөх байх. Тараг, кальцитай сүү, аарц өгч болно. Ер нь хүүхдэд шаардлагатай амин дэмтэй, илчлэгтэй бүтээгдэхүүн өгөх шаардлага тавина.

-Санхүүжилтийг ямар зарчмаар хийх вэ?

-Сургуулийн төсөвт шууд хуваарилна. Тэгэхгүй бол тендер зарлах гэх мэтээр цаг хугацаа алдаж болох талтай. Сурагчдын тоог аваад түүнд таарсан мөнгийг тухайн сургуульд өгөх зарчим үйлчилнэ.

-Yдийн цай хөтөлбөр ямар хугацаанд хэрэгжих вэ?

-2007 оноос хөтөлбөрийн санхүүжилтийг төсөвт суулгаад явна. Цаашдаа 1-5 дугаар ангийн сурагчдад үдийн цай өгөх бодлого баримталж байгаа.

-Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарын мастер төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөг хэдэн жилээр тооцсон бэ?

-Мастер төлөвлөгөөг 2015 он хүртэл тооцсон. Ийм баримт бичигтэй болсноор боловсролын салбар суурь баримт бичигтэй болж байгаа юм. Тэр хэдэн удаа солигдсон ч боловсролын салбарын бодлого өөрчлөгдөхгүй гэсэн үг. Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа ганц боловсролыг бус, салбар дундын нөлөөллийг давхар бодолцсон. Өмнө нь батлагдсан баримт бичгүүд санхүүгийн тооцоо муу хийгдсэнээс үр дүнгүй болох тохиолдол цөөнгүй байсан. Бид салбарынхаа мастер төлөвлөгөөний санхүүжилтийг есөн хувилбартай боловсруулсан. Тийм болохоор үр дүнгээ сайн өгнө гэдэгт итгэлтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.