Хөгжиж буй орнуудыг гүн хямралд оруулж мэдэх нуугдмал өр
2015.10.13

Хөгжиж буй орнуудыг гүн хямралд оруулж мэдэх нуугдмал өр

Хөгжиж буй орнуудын эдийн засаг өдөр ирэх тутам тогтворгүй болж байна. Яг энэ үед дэлхийн улс орны төв банкны захирлууд, сангийн сайдууд Олон улсын Вальютын сан (ОУВС)-гийн хуралд оролцохоор Перу улсад цугларав. Нэг хэсэг ОУВС 2008 оны хямралын дараа хөгжингүй орнуудад үүссэн хүндрэлтэй байдалд санаа зовж байсан бол байдал өөрчлөгдөв. Тэд "Хөгжиж буй орнуудын санхүүгийн хямрал" сэдвээр хуралдаж байна.  

Бүх цаг үеийн санхүүгийн хямрал бүр харилцан адилгүй байдаг ч ижил төстэй шинж тэмдгүүд бий. Тухайлбайл,

-Хөгжингүй орнуудад эдийн засгийн өсөлт удааширсан.

-Экспорт нь багассан.

-Үнэт цаасны зах зээлийн үнэ "хөөсөрсөн".

-Төсвийн алдагдал ихэссэн.

-Зээлийн дахин санхүүжилт өссөн.

-Мөнгөний урсгал гадагшаа чиглэсэн төлөвтэй байна.

Хөгжиж буй орнуудыг гүн хямралд оруулж мэдэх, анзаарагдахгүй нэг аюул бол нуугдмал өр юм.

2013 онд АНУ-ын Холбооны нөөцийн бодлогын хүүгийн түвшин өндөрснө гэсэн хүлээлт үүсч, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөнөөс болж, хэсэг хугацаанд хөгжиж буй орнуудын эдийн засгийг тэтгэж байсан мөнгөний урсгал зогсоод байна. Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан нь дэлхийн зах зээлийг савлуулж, түүхий эдийн үнийг улам унагаж хөгжиж буй эдийн засгуудад хүнд цохилт болсон.

Дээр дурдсан асуудлууд бол ил харагдах эмгэгүүд. Хөгжиж буй орнуудыг бүр гүн хямралд оруулж мэдэх, анзаарагдахгүй нэг аюул бол нуугдмал өр юм. Нуугдмал өр заримдаа авлигатай холбогдсон байдаг учир тооцоо бүртгэлд тусгагддаггүй, мэдээллийн санд байдаггүй. Нуугдмал өр болон түүнийг үүсгэгч эзэд хямралаас хямралын хооронд өөрчлөгддөг. Удаан хугацаанд нуугдмал байсан өр нэг л өдөр савнаасаа хальж, маш том хямрал болж гадагшлах аюултай. Бодит жишээгээр үргэлжлүүлэхэд,

-1995 онд Мексикийн үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, хямрал нүүрлэхэд Мексикийн банкууд хүмүүст үндсэн хөрөнгөнөөс нь хэтэрсэн дүнтэй зээл олгох замаар валютын эрсдэлд оруулж байсан нь илэрчээ.

- 1997 онд Азид санхүүгийн хямрал нүүрлэхэд Тайландын төв банкны алтны нөөц бараг дууссан байсныг дэлхий дахин мэдээгүй байсан юм.

-2010 онд Грекийн хямрал нүүрлэхээс өмнө тус улсын өрийг "бага" гэж андуурч байсан нь санхүүгийн хийсвэрлэл, Грекийн Засгийн газрын хуурамч тайлангаас үүдэлтэй.

Хөгжиж буй орнуудын нуугдмал өр чухам хаана нуугдав? 

Харамсалтай нь нуугдмал өрийг илрүүлэхэд саад болох зүйлс багагүй.

Асуудал1: Сүүлийн 10 орчим жилийн туршид Хятад болон бусад хөгжиж буй орнуудын хооронд хийгдсэн санхүүгийн тунгалаг биш урсгал. Хятад улс дэд бүтцийн хөгжлийн оргил үедээ хөгжиж буй орнуудын олон зуун төслийг санхүүжүүлсэн. Ашиг малтмалын олборлолт, эрчим хүч, дэд бүтэцтэй холбоотой эдгээр төслийн санхүүжилтыг ам.доллараар хийсэн учраас энэ нь хөгжиж буй орнуудад валютын эрсдлийг бий болгож байна.

Эдгээр зээлийн хүрээ тодорхойгүй. Учир нь ихэнх зээлийг "Хятадын хөгжлийн банк" санхүүжүүлжээ. Энэ банк нь "Олон улсын төлбөр тооцооны банк"-нд статистикт мэдээллээ өгдөггүй байна. Түүнээс гадна эдгээр зээл дэлхийн хөрөнгийн зах зээлд үнэт цаас болж гардаггүй болохоор ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагын хараанд өртдөггүй.

Асуудал2: Олон улсын судалгааны байгууллагын тайланд Хятадын Латин Америкийн орнуудад олгосон зээлийн талаар тусгасан байна. Үүнээс харахад, Венесуэл улсын Хятадаас авсан зээл тус улсын ДНБ-ий 18%, Эквадорын авсан зээл ДНБ-ийнх нь 10 хувьтай тэнцэж байв.

Хятадын Латин Америкийн орнуудад олгосон зээлийн хэмжээ.

Түүхэн үйл явцаас харахад хөгжиж буй орнуудын өрийн ачаалал их биш ч албан бүртгэлд ороогүй их хэмжээний өр илрэх магадлал өндөр байна. Хэрэв тийм бол хөгжиж буй орнуудын гадагш чиглэсэн хөрөнгийн урсгал улам ихэснэ.