Сургуулиудын дийлэнх нь нурах аюултай
Өнөөдөр гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблиас энэ жилийг "Аюулгүй амьдрах мэдлэг" уриан дор өнгөрүүлэхээр болжээ.
Сүүлийн арван жилийн судалгааг нэгтгэсэн тоон мэдээллээр Монгол Улсад 33 мянга орчим гамшиг тохиолджээ. Гамшгийн улмаас 2237 иргэний амь эрсдэж, 12.1 сая мал хорогдсон. Шууд хохирол нэг их наяд 70 тэрбум төгрөг, ойролцоогоор 600 сая төгрөгийн хохирол учирсэн гэсэн судалгаа байна. Харин 2015 он гарсаар Монгол Улсын хэмжээнд 4148 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 170 хүн амиа алдаж, 49.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн харамсалтай тоо баримт байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын шалтгаан нь ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Энэ нь иргэд аюулт үзэгдэл, осол гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дутмаг байдагтай холбоотой гэж ОБЕГ-аас тайлбарлав. Гэхдээ аюулт үзэгдэл, гэнэтийн осол аваар нь улирлаасаа хамаараад өөр өөр байдаг гэнэ.
ОБЕГ-ын газрын дарга Б.Ууганбаяр
МУЗН-ийн ЕНБ-ийн дарга Н.Болормаа
Жишээлбэл сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгджээ. 2015 он гарсаар Улаанбаатар хотын орчимд 390 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Хэрэв цаашид газар хөдлөлтийн балл, хэмжээ нэмэгдвэл нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг сургуулиудын 58 хувь нь нурах эрсдэлтэй гэсэн судалгагаа Дэлхийн банкнаас хийжээ.
Иймээс гэнэтийн аюулт, үзэгдлээс өөрсдийгөө хамгаалах дадал, хэвшлийг олон нийтэд суулгах шаардлага зайлшгүй байгаа юм. Гэхдээ чухам ямар хэлбэрээр, хэдэн удаагийн давталтаар иргэдийн ой толгойнд суулгах вэ гэдэг өнөөдөр тулгамдсан асуудал болжээ.
ОБЕГ-ын газрын дарга Б.Ууганбаяр
2010 онд Гайтид болсон газар хөдлөлтөөс болж 300 мянга гаруй хүн амиа алдаж, барилга байгууламжийнх нь 90 хувь нь нурсан. Манайд 6.6 магнитутын газар хөдлөхөд нийт барилга байгууламжийн 20-40 хувь нь нурж, маш олон хүн амиа алдана гэсэн тооцоолол гарсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтгэлдээ дурдсан байдаг.
Газар хөдлөлтийн аюул Монголд тохиох магадлал ойрхон учир урьдчилсан сэргийлэх, ослын үед хэрхэн яаж, биенээ аврах вэ гэдэг сургалт, сурталчилгээг явуулах нь чухал байна. Олон улсын жишигт эхний ээлжинд иргэн танд 72 цаг хэрэглэх хүнс, гэнэтийн аваар осол, аюулд өртсөнөө бусдад мэдэгдэх гар чийдэн, радио станц гар доороо байлгах ёстой байдгийг энд сануулъя.