Шинэ үеийн багш нар
“Энэ жил эрт хичээл орсон болохоор улирлын амралт сарын дараа эхэлнэ. Одооноос бие даалтаа хийхгүй бол горьгүй нь” хэмээн тэрсхэн гурван охин сургуулийн хонгилд суунгаа хөөрөлдлөө. МУБИС нэгдүгээр давхрын хойд хэсэгтээ “Оюутан хөгжлийн төв” байгуулж, залуусыг хичээлээ давтахад нь таатай орчин бүрдүүлжээ.
Номын сан нь зай талбай багатай учраас энэ төвийг байгуулж, оюутнуудад цаг ашиглах боломж олгож буй гэж тус сургуулийн багш нар хэлж байсан. Салбарын шинэчлэлийн түүчээ энэ сургуулийнханд хамгийн их хамаатай. Учир нь бага, дунд сургуулийн сургалтын хөтөлбөр тэр чигтээ өөрчлөгдөж буй тул багш нараа сайн бэлтгэхэд Л.Гантөмөр сайд онцгой анхаарал хандуулж байгаа. Тэр ч утгаараа босго оноог нь нэмж, багшийн мэргэжил сонгосон, сайн сурлагатай оюутнуудад тэтгэлэг өгдөг болсон гээд чамгүй дэвшил гарчээ.
"Оюутны хөгжлийн төв' -өөр орвол “Ж" үсэг хичээнгүйлэн бичих охидын ширээн дээр “Бага боловсролын цөм хөтөлбөр” гэсэн цэнхэр хавтастай ном дэлгээстэй харагдана.
Тэд Багшийн сургуулийн оюутнууд гэдгээ хэллээ. Тус сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Э.Үүрийнтуяа “Өнгөрсөн жилээс кредит системд шилжсэн. Давуу тал нь хичээлийн хуваариа өөрөө сонгоно. Багшаа өөрөө сонгоно гэдэг том давуу тал. Оюутан хүсвэл өөрөө хичээлээ шахаж үзэх бололцоотой. Эхэндээ хичээл сонгоход түвэгтэй байсан. Дүнгийн голч буруу гарсан тохиолдол ч бий. Одоо овоо жигдэрч байна.
Гэхдээ ингэж хичээллэхэд анги гэдэг нэгдмэл байдлаа алддаг. Эв нэгдэлгүй болдог юм билээ. Бага ангийн багшийн мэргэжил сонгосон хүүхдүүдэд үгийн сан, геометр, математик орж байгаа. Энэ жилээс цөм хөтөлбөрийн дагуу хичээллэж байна. Манай багш нар олон улсад багшлах эрхтэй болно. Багшийн сургуулийн хувьд төлбөр нь нэмэгдээд байгаа хэрнээ оюутныхаа сурах орчныг бүрдүүлдэггүй. Номын сан нь хэтэрхий жижигхэн. Хэрэгцээтэй номнууд нь байнгын дутагдалтай байдаг” гэж ярилаа. МУБИС-ийн дөрөв-үгээр дамжааныхан хуучин хөтөлбөрөөр хичээллэсэн сүүлчийн төгсөлт нь болж байгаа аж.
Монгол хэл, уран зохиолын 4Б ангийн оюутан С.Анударь “Бидний үзсэн хичээлээр дадлага хийхэд цөм хөтөлбөрийн агуулга таардаг. Тэгэхээр манай сургуулийн сургалтын систем цөм хөтөлбөртэйгээ уялдаж чадаж байгаа. Шинэчилсэн хөтөлбөр сурагч төвтэй, багш сурагчийн харилцаа илүү ойртож байгаагаараа онцлогтой” хэмээсэн юм.
Х.ТАМИР: ОЮУТАНМЭДЭХИЙГ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ СУРАЛЦДАГ БОЛСОН
Бид МУБИС-ийн сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамиртай тус сургуулийн хөтөлбөрийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Боловсролын шинэчлэл танай сургууль дээр хэр өр-нөж байгаа вэ. Хичээлийн агуулгад хэр өөрчлөлт оруулсан бол?
-Багш бэлтгэх, мэргэжил эзэмшүүлэх гэсэн хоёр ангиллаар чанарын шинэчлэл хийж байна. Багш бэлтгэх тогтолцоо манай сургуулийн хувьд ангийн системээр явж байсан. Харин одоо бид сургуулийнхаа хэв шинжийг өөрчлөхөөр зүтгэж байна. Оюутан судлах хичээлээ өөрөө сонгох судалгаатай нь хослуулж байгаа.
Тэгэхээр багш, оюутны хийж буй зүйл судалгаа руугаа чиглэнэ гэсэн үг. Багш оюутанд заах зүйлээ өөрөө тодорхойлдог байсан бол өнөөдөр оюутан өөрийнхөө мэдэхийг хүссэн зүйл дээрээ тулгуурлан суралцдаг болсон. Энэ бүхний үр дүнд оюутан хичээлээ нөхөж судлах бололцоо бүрдсэн. Ийм байдлаар хэв шинжээсээ эхэлж өөрчлөлт хийж байна.
-Танай сургууль бусад их, дээд сургуулиас эрт хичээл ордог болсон байна. Ийм өөрчлөлт хийснээр ямар давуу галтай вэ?
-Манай сургууль чөлөөт симестрийн систем рүү шилжих гэж байгаа. Оюутнууд намар, өвөл гэсэн хоёр улирлаар хичээллэдэг байсан бол одоо дөрвөн улирлаар хичээллэнэ. Энэ жил наймдугаар сарын 15-наас хичээлээ эхлүүлсэн. Оюутнуудын улирлын амралтаар багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулна.
-Эцэг, эхчүүд багш нарын ур чадварт сэтгэл дундуур байдаг юм билээ. Суурь боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж байгаа энэ үед багш нарыг чадавхжуулахад яаж анхаарч байгаа вэ?
-Шинэчлэл хийж эхлээд хоёр жил болж байна. Өмнө нь төгссөн хүмүүсийн ур чадварын асуудлыг энэ шинэчлэлтэй холбох боломжгүй. Нөгөө талаар боловсролын шинэчлэл гэдэг ганцхан өдөр яриад болчихдог зүйл биш. Хүний хөгжлиин зүй тогтол учраас тодорхой цаг хугацааны дараа л үр дүн гарна. Багшийн чанарын асуудлыг зөвхөн манай сургуультай холбож ярих нь учир дутагдалтай. Манай сургууль багш мэргэжилтний 50 хувийг л бэлтгэдэг.
Хоёр жилийн өмнөх судалгаа боловсролын салбарт шинэчлэл хэрэгтэй гэдгийг харуулсан. Тиймээс л системээр нь шинэчилж байна. Манай сургууль хөтөлбөрөө шинэчилсэн. Олон улсын магадлан итгэмжлэлд итгэмжлүүлнэ. Хэрэв ингэж чадвал манай багш нар олон улсад багшлах эрхтэй болох юм. Шинэ хөтөлбөрөө хүүхдэдяаж хүргэх вэ гэдэгт анхаарч байна.
Мөн арга зүй технологио шинэчилж байгаа. Хүүхдийг сургахын тулд итгэлцэл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сурч чадна гэдэгт нь багш итгүүлдэг, хүүхэд итгэдэг байна гэсэн хандлагыг энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудад төлөвшүүлэхийг зорьж буй. Боловсролын салбарын шинэчлэлийг хүмүүст ойлгуулахад цаг хугацаа хэрэгтэй. Мөн багш нарыг хуучинсаг хандлагаас нь салгахад хугацаа шаардана.