Гэр хорооллыг дахин төлөвлөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэв
Гэр хорооллыг дахин төлөвлөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэв
2015.10.15

Гэр хорооллыг дахин төлөвлөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэв

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж,  санал солилцсон байна.

Гэр хорооллын орон сууцжуулах төслөөс иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 77260 иргэнийг хамруулсан  2 744 удаагийн  уулзалт, сургалтыг зохион байгуулж, 21983 иргэнийг хамруулсан 1099 Иргэдийн бүлэг байгуулж, хамтран ажиллаж байгаа юм байна.

“Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь  иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн мэдээгээр, Чингэлтэй дүүргийн 17-р хороо, СХД-ийн 11-р хороо, Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Хан-Уул дүүргийн 9-р хорооны нийт 109 га талбайд 7241 хүн амыг хамруулсан иргэдийн түр зөвлөл наймыг байгуулж,  газар шинэчлэн зохион байгуулах замаар орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. 

Эдгээр иргэдийн ихэнх нь инженерийн шугам сүлжээнд холбогдож амины орон сууц барих санал ирүүлсэн бол газраа тохирсон үнээр худалдах, эсвэл шууд орон сууцаар солих иргэд ч бас цөөнгүй байгаа аж. Тиймээс иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбарт амины орон сууц,  нийтийн орон сууц гэх маягаар  хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөлт хийж байгаа ажээ.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга орон сууц, барилгын компаниудын удирдлагуудтай уулзаж энэхүү төсөлд хамтран ажиллахыг уриаллаа.  Түүнчлэн  иргэд бол та бүхэнд ажил олгогчид. Тиймээс иргэдийн сонгосон компани нь  иргэдийн хүсэж байгаа төлөвлөлтийн дагуу ажлаа хийх ёстой. Харин хот шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг хуулийн дагуу олгох болно гэдгийг онцолсон байна.