Монголын үслэг эдлэлийн зах зээлд орон зай байна
"Гоёл 2015" наадамд "Мастер До До" брэнд шинэ коллекциараа оролцсон юм
2015.10.20

Монголын үслэг эдлэлийн зах зээлд орон зай байна

Улс орон даяар хүн бүр өвлийг өнтэй давах бэлтгэл ажлаа базаагаад завгүй байна. Дэлгүүрийн лангуунуудаар импортын болоод дотоодын өвлийн хувцаснууд чанар, өнгө үзэмжээрээ өрсөлдөж, хэрэглэгчдэд сонголт нээлттэй байна. Түүний дотор хахир өвлийн хүйтэнд дааруулдаггүй, нэгэн төрлийн тансаг гэж тооцогддог үслэг эдлэл өмсөхөөс татгалзаж чадахгүй л байна.

Зах зээлд Хятад, Турк зэрэг улсын үслэг эдлэлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөн, 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр бол "Мастер До До". Бүх төрлийн үслэг эдлэл болон түүхий арьс боловсруулж, эрэгтэй, эмэгтэй хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, размераар бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байна.  Хэрвээ та өнгөрсөн жилүүдэд импортын үслэг эдлэл сонгож байсан бол энэ удаад үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж яагаад болохгүй гэж?

"Мастер До До" үслэг эдлэлийн үйлдвэрийн ерөнхий менежер Б.Буянзаяа ярилцлаа. 

Яагаад үслэг эдлэлийн салбарт бизнес эрхлэх болов?

1990-ээд он, 2000 оны эхэнд Монголчууд тарваган шуба, булган малгай хийж Орос руу гаргадаг байлаа. Хойд хөршийнхөн үслэг эдлэл өмсөх дуртай учраас манай үслэг эдлэлийн бүтээгдэхүүнүүд сайн зарагддаг, энд сурч ажилладаг Монголчуудын амьжиргаанд их л нэмэртэй бизнес байсан. Энэ үе буюу 2001 онд манай компани үслэг эдлэлийн бөөний үйлдвэрлэл эрхлэх зорилгоор байгуулагдаж, бүтээгдэхүүнээ ОХУ руу экспортолж эхэлсэн. 2009 онд дотоодын зах зээлдээ бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсон юм.

Үслэг эдлэлийн зах зээлийн хэр өрсөлдөөнтэй вэ?  

Дотоодын бүтээгдэхүүн маш бага хувийг эзэлж байна. Зах зээлд худалдаалагдаж буй үслэг эдлэлийн 90 гаруй хувь нь импортынх. Гэсэн ч Монголд үслэг эдлэлийн зах зээлд орон зай байна гэж бид үздэг.

Эрс тэс уур амьсгалтай манай оронд үслэг эдлэл хэрэглэгчдийн тоо олон. Монголчуудын үндсэн хэрэглээний нэг гэж хэлж болохоор. Тиймээс бид дотоодынхоо үйлдвэрлэлд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, үйлдвэрлэлдээ мэдлэг шингээн ажиллаж байна.

Импортын бүтээгдэхүүн чанартай байж чаддаг уу? Танай брэндийн ялгарах онцлог юу вэ?

Чанар муутай бүтээгдэхүүнүүд нэлээд орж ирдэг. Тэгэхээр чанаргүй бараа авч, мөнгөө гадагш нь урсгаж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

Хятадын туулайн арьсан хувцас, Энэтхэгийн үслэг эдлэлүүдийн ихэнх нь эдэлгээ даахгүй, амархан урагдаж, үс нь унадаг.

Манай бүтээгдэхүүн монгол үндэсний хувцасны онцлогийг шингэсэн, дахин давтагдашгүй өвөрмөц хийц бүхий 100 орчим загвартай, цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Дулаан бөгөөд загварлаг гэсэн зарчимтай.

100 орчим загварын үслэг эдлэл үйлдвэрлэхэд түүхий эдээс эхлээд асуудал тулгарна биз? Яаж шийддэг вэ?

Түүхий эд тэр дундаа тарваганы арьсны олдоц тааруу, үнэ өндөр байна. Нэг хэсэг тарвагыг хомроглон агнаж, арьсыг нь Хятад руу зөөдөг байснаас болж Монголд тарваганы тоо толгой цөөрч, 10-аад жилийн өмнөөс тарвага агнахыг хориглосон.

Хэрэв Хятад руу тэгж их зөөдөггүй байсан бол тоо толгой нь цөөрч, арьс нь ховордож өндөр үнэтэй болохгүй байсан. Мөндөлөөс эхлээд тарвагыг том жижиг гэлтгүй агнаж байсан нь харамсалтай. Үнэндээ үйлдвэрлэлд мөндөлийн гүйцэд ургаагүй арьсыг ашигладаггүй.

Өнөөдөр хил гааль дээр хураагдсан арьсыг буцаагаад дотоодын үйлдвэрлэгчдээ дуудлага худалдаагаар зарж байна. Энэ тал дээр ГЕГ, МХЕГ, Замын-Үүдийн засаг захиргааны байгууллагууд бидэнтэй хамтран ажилладаг. Энэ нь түүхий эдээ татахад томоохон тусламж дэмжлэг болдог.   

Чанартай, загварлаг бүтээгдэхүүн урлахад туршлагатай дизайнер, оёдолчин, эсгүүрчин хэрэгтэй. "Мастер До До" брэндийг бүтээгчид нь туршлагатай, чадварлаг байж чаддаг уу? 

Үслэг эдлэл бол өдөр тутмын хэрэглээ биш учраас тогтмол ашигтай ажиллана гэдэг тун хэцүү.

Улирлын чанартай үйлдвэрлэл ч гэсэн манай ажилчид ажлаараа бахархаж, урам зориг, эрч хүч дүүрэн ажиллаж байна. Мэдээж бид аль болох захиалга ихтэй байж, хүмүүсээ хийх ажилтай байлгахыг хичээдэг. Энэ хугацаанд зах зээлийн хүнд хэцүү, савлагаатай нөхцөл байдал цөөнгүй тохиолдсон ч тууштай, хичээнгүй, үнэнч ажиллаж буй чадварлаг хамт олон бий.

Социализмын үед үйл ажиллагаагаа явуулж, зах зээлийн шилжилтийн үед хаалгаа барьсан "Сор" хэмээх томоохон үйлдвэрлэгч компанийн өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бид эгнээндээ нэгтгэж чадсан.

Эдийн засгийн хүнд хэцүү нөхцлийг алдагдал багатай даван туулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

Өнөөгийн нөхцөл байдал манай үйлдвэрлэлд яах аргагүй мэдрэгдэж байна. Тэглээ гээд үйлдвэрлэлээ зогсоогоогүй. Экспортыг нэмэгдүүлэх нь хамгийн гол зорилт болж байна. ОХУ хямралтай байгаа учраас хэрэглэгчид дагаад багассан.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО, БНХАУ-ын хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг сонирхон, худалдан авах болсон. Тиймээс эдгээр улсын томоохон хотуудын дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулах төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаж байна.

Үслэг эдлэлийн зах зээл цаашид тогтвортой байна гэдэгт хэр итгэлтэй байна?

Тогтвортой байна гэдэгт итгэлтэй байна. Ард иргэдийн амьжиргаа дээшилбэл хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэх болно. Бид чанартай, загварлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд хэрэглэгчдийн таашаалд нийцэж, импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадна гэсэн бодлого баримтлан ажиллаж байна. Цаашид аажмаар импорт хумигдаж, бидний орон зай тэлэх болно.

Ярилцахад таатай байлаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа нь улам өргөжиг.

Үндэсний үйлдвэрлэгч "Мастер До До" брэндийн бүтээгдэхүүнүүдээс сорчлон танилцуулж байна.