"Чингис бонд"-ын санхүүжилтаар хүүхдийн нухаш үйлдвэрлэж байна
"Дөрвөн Өлзий" ХХК-ийн үйлдвэрийн дарга Ч.Оюун
2015.10.19

"Чингис бонд"-ын санхүүжилтаар хүүхдийн нухаш үйлдвэрлэж байна

Баярын ширээнд өнгө нэмж, бидний дуртай бууз, хуушуурыг улам амттай болгодог алаг салат, даршилсан ногоогоор дотоодын хэрэглэгчдээ хангадаг "Дөрвөн Өлзий" ХХК-ийн "Vidan" брэндийг онцолж байна. Тэд Польш технологиор амт, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа асуудалтай тулгардаг боловч тэр болгоныг шийдэж, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой. 

Яагаад "Vidan" брэндийг үйлдвэрлэх болов?

1996 оноос эхлэн Польш улсын "Vidan" компаниас нөөшилсөн бүтээгдэхүүн импортолдог байлаа. Энэ үед нөөшилсөн бүтээгдэхүүний хэрэгцээ Монголд өндөр байгааг анзаарч, үйлдвэр байгуулахаар шийдсэн юм.

Монголд жимс, хүнсний ногоог жилийн дөрвөн улиралд хадгалах нөхцөл, боломж тааруу байсан учраас шим тэжээлээ алдахгүй, эрүүл, шинэ, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ, орон зай байсан.

2008 онд Польш улсын "Vidan" компанийн хөрөнгө оруулалтаар, үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийг оруулж ирснээр үйлдвэрлэлийн эхлэл тавигдсан.

"Vidan" брэндийн алаг салат үйлдвэрлэлийн шат дамжлагад

Өнөөдрийн байдлаар манай үйлдвэр Польш технологийн дагуу үндэсний үйлдвэрлэлд тавигддаг шаардлагад бүрэн нийцсэн 15 нэр төрлийн нөөшилсөн хүнсний ногоо, жимс жимсгэнэ үйлдвэрлэж байна.

Аливаа бүтээгдэхүүний чанар түүхий эдээс шууд хамааралтай учраас бид онцгой ач холбогдол өгдөг. Түүхий эдийн гарал үүсэл тодорхой, олон улсын стандарт хангасан, сайн чанарынх байх нь чухал.

Энэ нь сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд өрсөлдөх, борлуулалт сайн байх гол үзүүлэлт болдог. Тиймээс бид жимс, жимсгэнээ 100 хувь Польш улсаас импортолдог.

Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

Хүнсний ногооны хувьд Польш, Голланд, ОХУ-аас үр экспортолж, Дархан-Уул аймгийн Орхон сумын жимс ногооны төвийн ногоочдод гэрээтэйгээр үрээ тарааж, ургацаа худалдаж авдаг.

Үйлдвэр гар ажиллагаа давамгайлсан юм шиг харагдаж байна? Автоматжуулах боломж бий юу?
Үйлдвэрлэл, технологи бүрэн автомат болох нь нэг талаар дэвшилттэй мэт боловч, нөгөө талаар сэтгэл шингэсэн хүнс болдоггүй.

Хүний гар ажиллагаа хэдий чинээ орно, тэр хэмжээгээр тухайн бүтээгдэхүүнд сэтгэл шингэдэг гэж би боддог. Польш улсад яг л манай үйлдвэрт хийгдэж буйтай адил үйлдвэрлэл явагдаж байна.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдан авалт буурч байна уу?

Харьцангуй боломжийн. Манай үйлдвэр хоногт 15-20 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ тоо ширхэгээр борлуулалт хийгдэж байна. Энэ жил бид ердөө 14 хоног л амарсан. Үйлдвэрлэл зогсох “эрхгүй” л ажиллаж байна. Манай хэрэглэгчид хүнсэндээ их анхаарч, чанартай хүнс хэрэглэхийг чухалчилдаг болсон. Энэ ч үүднээс манай бүтээгдэхүүн борлогдохгүй, илүүдэл гарна гэсэн ойлголт байхгүй байна.

Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бизнесийн орчин ямар байна?

Хөнгөлөлттэй зээл, тусламж ихээхэн нэмэр болж байна. Энэ нь татварын дарамт дэндүү их байгааг нотлох болов уу. Алаг салат, даршилсан өргөст хэмхнээс бидэнд нэг ч төгрөгийн ашиг ногдоггүй. Үйлдвэрлэлийн урсгал зардал, ажилчдын цалин, татвар гээд зардлаа тооцохоор ашиг маш бага. Бид өдий олон жил ажилласан үйлдвэрлэл, хэрэглэгчээ бодоод л ажиллаж байна.  

Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 30 орчим хувийн татвар төлж байна.

Манай компанийн "Vidan" охин компани нь Европын орнуудаас жимс импортолж, шууд худалдаанд гаргаж байна. Түүнээс л бага зэргийн ашиг хүртэж чаддаг. Тэндээс л "урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөж" ажилладаг.

"Чингис бонд"-ын хүрээнд авсан зээлийн үр өгөөж хэр байна?  

Өгөөж сайтай байна. "Хүүхдийн тэжээл үйлдвэрлэх төсөл" боловсруулж, санхүүжилт авсан. Төслийн хүрээнд "Алимхан" нэртэй хүүхдийн нухашийг хоёр төрлийн савлагаатай үйлдвэрлэж, зах зээлд амжилттай нийлүүлээд байна. 

"Vidan" брэндийн бүтээгдэхүүнүүд

Одоогоор зах зээлийн хэдэн хувийг хангаж байна? Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр?

Одоогоор Монголын зах зээлийн 30 орчим хувийг хангадаг. "Газар шим", "Вагро", "Видан" гурвыг хамгийн том үйлдвэрлэгч гэж үздэг. Гэхдээ бид өөрсдийгөө өрсөлдөгчид гэж хардаггүй. Энэ зах зээлийг үндэсний үйлдвэрлэлээрээ хангахын тулд хамтран ажиллаж байна. Хамтдаа зовлон жаргалаа хуваалцаж, үйлдвэрлэлд шил, таглаа дутлаа гэхэд нэгэндээ тусалж, бие биенээ нөхөх жишээтэй. 

Бид саяхан ӨМӨЗО-д зохион байгуулсан үзэсгэлэн яармагт оролцоод ирлээ. Энэ хүрээнд манай бүтээгдэхүүнийг Хятад улс худалдан авахаар болж, гэрээ хэлэлцээр хийгдэж, 120 мянган ширхэг бүтээгдэхүүн экспортлохоор болсон.