2015.10.01

Банк гаднаас хямд хөрөнгө татах боломжтой болвол хүүгийн түвшин буурна

Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсохтой ярилцлаа. 

- Зээлийн батлан даалтын сан маань үүссэн цагаасаа хойш ямар үр дүнд хүрэв?

Албан ёсоор байгуулагдаад  2 жил 6 сар болж байна. Анхныхаа батлан даалтыг 2013 оны 6 сард гаргасан. Урт хугацаа биш ч жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан. Энэ хугацаанд үйлдвэрлэгчид болон арилжааны банкуудад үйл ажиллагаагаа таниулах ажлуудыг түлхүү хийлээ. Одоогоор 11 арилжааны банк, 6 банк бус санхүүгийн байгууллага, нэг хадгаламж зээлийн хоршоотой хамтарч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ЗБДС 388 аж ахуй нэгж, иргэний зээлийг батлан даагаад байгаа бөгөөд дүнгээрээ 27.0 тэрбум төгрөгийн батлан даалт гарч, 66.0 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. 2013 онд явуулсан судалгаагаар нийт бизнесийн зээл хэрэгтэй аж ахуйн нэгж, иргэдийн 85 хувьд барьцаа хөрөнгө нь хүрэлцдэггүй гэсэн дүн гарсан. Тэгэхээр манайд зээл батлан даах хэрэгцээ өндөр байгаа нь харагдаж байна. Тэр үед эдгээрийн 98-99 хувь зээлийн батлан даалт гэж юу байдаг тухай ойлголтгүй байсан. Барьцаа хүрэхгүй болохоор нь хамаатан садныхаа эд хөрөнгийг барьцаанд тавьдаг байлаа.

Зээлийн батлан даалтын сан зээлийг батлан дааж эхэлснээс сангаас нөхөн төлбөр хийсэн эрсдэл гараагүй. Харин эдийн засгийн хүндрэлтэй байдал, барилгын гэх мэт зарим салбарын үйл ажиллагаа доголдсонтой холбоотой батлан даалт авсан 388 аж ахуй нэгжээс нь 40 нь хугацаа хэтрэлттэй явж байгаа. Гэхдээ ЗБДС нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ёстой, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн сан, ашгийн бус байгууллага учраас батлан даалтынхаа тоог багасгахгүй үргэлж дэмжихийг гол зорилго болгож ажиллаж байна. Зээлийн хугацаа хэтэрсэн аж ахуйн нэгжид банктайгаа ярьж байгаад хугацааны хувьд боломж олгоод явж байгаа.

- ЗБДС өөрийн зүгээс зээлийн ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

Зээл олгож буй санхүүгийн байгууллагаас давсан шаардлага тавьдаггүй. Бидний хувьд хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, өмнө нь зээл аваад зориулалтын бусаар ашигласан байх ёсгүй гэдэг шаардлагатай. Гэхдээ энэ бол тэртээ тэргүй банкнаас тавьдаг шаардлага. Мөн оршин суух харъяалал тодорхой байх ёстой. Яагаад гэвэл аймагт зээл авчихаад төлөхгүй Улаанбаатар руу зугтаачихдаг, энд ирээд давхар зээл авдаг тохиолдол гардаг байсан. Мэдээж гол нөхцөл нь зээлдэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа тохиолдолд бид 60 хүртэл хувийг батлан даадаг. Үлдсэн 40-өөс дээш хувийн барьцааг тухайн хүн өөрөө хариуцна.

Хуулинд тусгаснаар ЗДС нь банкны дүгнэлтэд үндэслэж зээлийг батлан даах ёстой.

- Сангийн хөрөнгө хаана байршдаг вэ?

Сангийн хөрөнгө банкинд хадгаламж хэлбэрээр мөн Засгийн газрын бонд хэлбэрээр байршдаг. Өөрөөр хэлбэл тэр хөрөнгөөрөө баталгаа болгож хүмүүсийн зээлийг батлан дааж байна гэсэн үг. Хэрэв тухайн хүн гарцаагүй байдлаар зээлээ төлж чадахгүйд хүрвэл манайх хүлээсэн үүрэг ёсоороо банкинд мөнгийг нь төлнө. Санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн, зээлийг зохиулалт бусаар зарцуулсан бол сан нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.  Хэдийгээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих ёстой ч энэ хөрөнгө татвар төлөгчдийн мөнгө учраас эрсдэл бага гаргахыг эрмэлзэж ажиллах ёстой.

- Банкнаас өөр санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллахын онцлог юу вэ?

Манайхаар зээлээ батлан даалгуулсан ААН-үүд бүгд банкны зээлдэгчид байгаа. Тиймээс бид банкны бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодтой хамтарч ажиллах зорилттой байна. Саяхан бид анхныхаа хадгаламж зээлийн хоршоотой гэрээ байгууллаа. Хадгаламж зээлийн хоршооны харилцагчид маш богино хугацаанд зээлээ шийдүүлэх сонирхолтой байдаг. Банкин дээр зээлийг нэлээдгүй хугацаанд судалдаг. Тэгэхээр жижиг бизнес эрхлэгчдийн хувьд олон хоног хүлээх боломжгүй, яагаад гэвэл бизнес нь өөрөө түргэн эргэлт шаарддаг. Ийм утгаараа ХЗХ, ББСБ нь жижиг бизнес эрхлэгчид зээл авахад тохиромжтой. Өнөөдрийн байдлаар ББСБ-уудад 500 мянга орчим бизнесийн зээлдэгчид байна. Эдгээр зээлдэгчид ч бас батлан даалт авах эрхтэй. Тэдэнд хүрч ажиллахын тулд ХЗХ, ББСБ-уудтай хамтарч ажиллахаас гадна бидний зүгээс зээл судалдаг хугацаагаа багасгах ёстой. ЗБДС одоо долоо хоногт нэг удаа шийдвэр гаргаж байгаа нь банканд тохиромжтой хугацаа. Харин ББСБ, ХЗХ-ны харилцагчдад тохирохгүй учраас бид шийдвэрлэх хугацааг богиносгох шаардлагатай байгаа.

- Зээлийн батлан даалтын сан өөрийн хөрөнгийг хэрхэн удирддаг вэ?

Засгийн газар 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Чингэлтэй дүүрэг, Хэнтий аймаг бага хэмжээний хөрөнгө оруулсан. Ер нь төрийн байгууллагаас гадна хувь хүн ч хөрөнгө оруулах боломжтой. Гэхдээ манайх ашгийн төлөө бус байгууллага учраас хөрөнгө оруулагчид ашиг олгодоггүй. Зөвхөн нийгмийн хариуцлагын үүднээс хөрөнгө оруулдаг гэсэн үг.

Манай сангийн нэг давуу тал нь хуулиараа өөрийн хөрөнгийг 20 дахин нэмэгдүүлж батлан даалт гаргах эрхтэй. Тэгэхээр 5 тэрбум төгрөгөөрөө 100 тэрбумын батлан даалт гаргаж болно гэсэн үг. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороо 10 дахин болгон хязгаарлаж 50 тэрбумын батлан даалтын эрх өгсөн. Одоогоор бид 27 тэрбум төгрөгийн батлан даалт гаргачихаад байна.

Анх сан байгуулагдахад бид үйл ажиллагааны зардалд зарцуулах мөнгөгүй байсан бол өнөөдөр 5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө дээр нэмээд 450 сая төгрөгийн эрсдлийн сан бүрдүүлсэн байна.

Түүнээс гадна үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор өргөдлийн хураамжид 10 000 төгрөг, батлан даалтын хэмжээ, хугацаанаас хамаарч жилийн 1-3 хувийн шимтгэлийг нэг удаа авдаг. 450 сая төгрөгийн эрсдлийн сантай байна гэдэг нь өөрийн хөрөнгө рүүгээ орохгүйгээр төдий хэмжээний эрсдэл хүлээх чадвартай болсон гэсэн үг.

- Өнөөдөр санхүүгийн тогтолцооны 95 хувийг банкууд бүрдүүлж байна. Заавал банк гэлтгүй банкны бус санхүүжилтийг хөгжүүлэх ямар бололцоо байна вэ?

Миний хувьд жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтын асуудал хариуцаж яаманд мэргэжилтнээр, мөн банкинд эдийн засагчаар ажиллаж байсан.

Өнөөгийн Монголын санхүүгийн тогтолцоо тогтвортой хөгжиж байна. Үүнд банкнуудын оруулсан хувь нэмэр их. Гэхдээ нөгөө талаас банкууд хэтэрхий давамгайлаад ирэхээр хүүгийн түвшин болон барьцаа хөрөнгийн шаардлага өндөр болдог сөрөг үзэгдэл гардаг. Банкууд өөрийн хөрөнгөөр эрсдлээ үүрч байгаа болохоор тийм бодлоготой байх нь аргагүй. Тиймээс хүүгийн түвшинг бууруулахын тулд банкууд гаднаас хямд өртөгтэй хөрөнгө татах боломжийг хуулиараа бүрдүүлж өгөх ёстой. Түүнээс биш банк монопольдоод байна гэж дэмий яриад үр дүн өгөхгүй. Банк өөрөө өндөр хүү амлаж байж хүмүүсийн мөнгийг хадгалдаг, цаана нь банкны хөрөнгө оруулагчидад ашиг өгч байдаг. Түүнээс гадна банкинд эрсдэл их гардаг. Одоогоор 800 гаран тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна. Жилийн өмнө 500 тэрбум байсан. Энэ бүхний эрсдлийг банкны хөрөнгө оруулагчид хүлээнэ.

Нөгөө талаас ББСБ-ууд ч бор зүрхээрээ ажилладаг. Сүүлийн үед ББСБ-аас бизнесийн зээл авагчид олон болсон. Үүнийг төрөөс дэмжих хэрэгтэй. Жишээ нь үйлдвэрлэлийг дэмжих тусгай сангуудаас олгож байгаа зээлээс ББСБ-аар дамжуулж болно. 30 сая төгрөг хүртэл зээл олгодог хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг ББСБ-аар дамжуулах бүрэн боломжтой. 30 сая төгрөгний зээлийн эрсдлийг аль ч ББСБ үүрчих чадвартай. Өөрөөр хэлбэл жижиг хэмжээний эх үүсвэрүүдийг ББСБ-тай холбож өгөх хэрэгтэй. Тэгвэл ББСБ-ууд маань чадваржиж илүү эрсдэл даах чадвартай болно, банк давамгайлаад байгаа санхүүгийн зах зээлийн харьцаа зөв болно.

- 2016 оноос Хөдлөх хөрөнгө, эдийн бус барьцааны тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль гарснаар зээлдэгчдийн хувьд ямар боломжууд бий болох вэ?

Барьцаа бол зээлдэгчдийн хувьд орлогын дараа орох хоёр дахь том шалгуур үзүүлэлт. Манай банкуудад эхлэлтийн бизнесийг дэмжсэн эх үүсвэрүүд маш ховор байна.  Банк өөрөө эхлэлтийн бизнесийг дэмжинэ гэхээр зах зээл тогтвортой бус, бизнес эрхлэгчид маань хариуцлага муутай, мэдээлэл бүрхэг байдаг. Эхлэлтийн бизнес өөрөө эрсдэл ихтэй байдаг учраас үүнийг дэмжсэн бодлогын эх үүсвэрүүд, төрийн дэмжлэг шаардлагатай.

Энэ хууль гарахаар эдийн засгийн орчныг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайн хүн хөдлөх хөрөнгө, патент, зохиосон программ хангамж зэрэг оюуны өмчөө барьцаалаад зээл авах боломжтой болно. Түүнчлэн барьцаа хөрөнгийн төрөл олширсноор банкууд багаар үнэлээд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэмэгдэнэ. Энэ нь цаашдаа эдийн засгийн эргэлтэд эерэг тусна.

- Мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэл, экспортыг дэмжих төрийн бодлогын талаар та мэргэжлийн хүний хувьд юу гэж бодож байна вэ?

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Инновацийн тухай хууль гээд чухал бодлогын баримт бичгүүд гарсан. Одоо харин амжилттай хэрэгжүүлэх л хэрэгтэй. Экспортын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд эхлээд бүтээгдэхүүний өнгө үзэмж, загвар хийцийг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх ёстой. Энэ маань нөгөө мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийн асуудал. Түүнээс биш олон тоогоор үйлдвэрлээд гадагш гаргаад байвал болно гэж ойлгож болохгүй. Хэрэв муу бүтээгдэхүүн гаргаад улсын нэр хүнд унавал яах вэ? Тиймээс эхлээд бид дэлхийн түвшинд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнээ дотооддоо хийж сурч байж дараа нь экспортоо ярьж болно. Үүний тулд ямар салбаруудад мэдлэг, инноваци шингэсэн үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх боломжтой вэ гэдгээ тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл нэг цонхны бодлогоор явах ёстой. Түүнээс биш хэн дуртай нь очиж юмаа зараад үр дүн гарахгүй. Гэхдээ энэ нь механикаар хатуу хяналттай байна гэсэн үг биш. Бид хятадууд шиг барааг хямд олноор нь үйлдвэрлэж чадахгүй учраас анхнаасаа экспортод гаргахдаа сайн чанартай байлгах ёстой.

Түүнээс гадна мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд сургалт мэдээллийн тал дээр ТББ-уудын үүрэг их. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх боломжтой. Засгийн газрын тухай хуулиар ч ийм боломж байгаа.