Төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьтай
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ургац хураалтын явц, буудай, гурилын хүрэлцээ, хангамжийн урьдчилсан төлөв, импортын буудай, гурилын талаар мэдээлэл хийв.
Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийжээ.
Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөвтэй байгаа аж.
Гэвч тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард олон хоног үргэлжилсэн аагим халуун болж хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халсан нь гангийн нөхцлийг үүсгэсний зэрэгцээ 8 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 20-ийг хүртэл тариалангийн бүс нутгаар ахиу хэмжээний хур тунадас орж, дулаан байсан нь тариа хэнзлэх, хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцлийг бий болгожээ.
төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьтай байна
Түүнчлэн энэ оны 9 дүгээр сарын 24-30, 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний хур тундас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсаны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж байгаагаас урьдчилсан байдлаар балансаар тогтоосон ургац 30 орчим хувиар буурах нөхцөл байдал үүсээд байна.
Ургац хураалтын явцын мэдээгээр 10 дугаар сарын 16-ний байдлаар нийтдээ 225.3 мянган га-гаас 176.2 мянган тонн үр тариа, үүнээс 169.3 мянган тонн улаанбуудай, 12.1 мянган га-гаас 147.8 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 68.9 мянган тонн хүнсний ногоо, 24.9 мянган га-гаас 34.7 мянган тонн тэжээл, 22.7 мянган га-гаас 11.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.8 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьтай байна.