Японы ерөнхий сайдын айлчлалаар УИХ-ын ажлын хэсгийн зорилт биелсэнд баяртай байна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.10.23

Японы ерөнхий сайдын айлчлалаар УИХ-ын ажлын хэсгийн зорилт биелсэнд баяртай байна

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах болон төмөр зам барихад Япон улс оролцох болсон мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй уулзаж тодруулга авлаа.

-Японы ерөнхий сайд Ш.Абэ айлчлал хийж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах болон зүүн чиглэлийн төмөр зам барих асуудлаар хамтран ажиллах тухай сонирхлоо илэрхийлсэн санамж бичиг байгууллаа. Та Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлаар УИХ-ын ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд тайлбар өгнө үү?

-Япон улсын ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад ажлын айлчлал хийж Тавантолгойн нүүрсний орд, зүүн төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, Сайншандад нүүрс угаах, кокс үйлдвэрлэх, нүүрснээс хий үйлдвэрлэх зэрэг төсөлд оролцохоор сонирхлоо илэрхийлсэнд баяртай байна. Миний хувьд тодорхой мэдээлэлтэй байсан.

Би өмнө нь өгсөн ярилцлагадаа ч Тавантолгойн орд болон Тавантолгой-Сайншанд чиглэлийн зүүн төмөр замд Япон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сонирхол байгаа тухай цухас дурдаж байсан. Тухайн үедээ хэвлэлийнхэн нэг их анзаараагүй байх.

-Таны ахалсан ажлын хэсэг энэ талаар эхнээсээ анхаарч байсан гэсэн үг үү?

-Бүр эхнээс нь анхаарч, ажлаа уялдуулсан. УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хоёрдугаар сард Япон улсад албан ёсоор айлчлахдаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах болон Тавантолгой-Сайншандын төмөр замд Япон улс санхүүжилт олгох болон хөрөнгө оруулалт хийх талаар Японы парламентын дээд, доод танхимын дарга нарт болон ерөнхий сайд Ш.Абэд хүсэлт тавьж, Монгол талын санал болгож байгаа төслийг албан ёсоор гардуулсан.

Японы тал их ач холбогдол өгч, анхаарч судлахаа илэрхийлсэн. Дараа нь энэ асуудлаар Япон улсын ерөнхий сайд Ш.Абэд хандаж Монгол Улсын Ерөнхий сайд тусгайлан захидал явуулсан. Мөн тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлахдаа Ш.Абэ ерөнхий сайдтай хэлэлцээр хийж, асуудлыг баталгаажуулсан. Манай улсын төрийн гурван өндөрлөг нэгдмэл байр суурьтай байсан нь чухал үр дүнд хүргэлээ. Ер нь Тавантолгойн ордыг ашиглах М.Энхсайханы хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн сонирхол, оролцоог хангаагүй байсан. Энэ тухай ажлын хэсгийн дүгнэлтэд албан ёсоор дурдсан.

-Одоо Япон улс төсөлд оролцох болсноор танай ажлын хэсгийн дүгнэлтэд нийцэж байна гэж ойлгох уу?

-Тийм. Та бүхэн санаж байгаа бол УИХ-ын ажлын хэсэг удаан ажиллаж байна гэдэг шүүмжлэл байсан. Учир нь 2015 оны хоёрдугаар сараас Японы талтай ярьж эхэлсэн удаа дараагийн хэлэлцээрийн явцыг УИХ-ын ажлын хэсэг ажиглаж байсан. Одоо Монгол Улс энэ тохиролцоог ажил хэрэг болгох талаар хүчээ нэгтгэн хурдан ажиллах хэрэгтэй байна.

Энэ бол Засгийн газрын ажил. Тавантолгойн ордыг ашиглах болон төмөр зам барих, санхүүжүүлэх асуудлаар гуравдагч хөрш, стратегийн түнш Япон улсын сонирхол бодитой болж байгаагаар УИХ-ын ажлын хэсгийн урдаа тавьсан нэг чухал зорилт биелсэнд баяртай байна.