МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.10.23

Хамтын маргаан үргэлжилж байна

Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тухай тусгасан заалт хэрэгжэхгүй байгаагаас гадна цалин хасах тухай асуудал яригдаж эхлээд байгаа учир хуулийн дагуу хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг анхаарлаа хандуулахыг МҮЭХолбооноос шаардаж байна.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  2015-2016 оны улсын хэлэлцээр энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан байдаг. Хэлэлцээрт тусгахдаа төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг тавдугаар сарын нэгнээс, төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын нэгнээс, харин төрийн бусад албан хаагчдын цалинг 10-р сарын нэгнээс тодорхой мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхээр тусгажээ. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай гэж үзэн хамтын маргаан үүсгээд байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Зуучлагчын тодорхой чиглэл зөвлөмжийг гурван тал тохиролцож санал нэгдэж чадахгүй бол арбитарыг урих, цаашлаад энэ саналыг гурван тал хэлэлцэж чадахгүй гэж үзвэл ажил хаялтын аргыг сонгоно. Ажил хаялт гэдэг нь нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэдэг сөрөг үзэгдэл учраас энэ зүйлд аль болох хүрэхгүйгээр хамтын маргааныг дуусгах боломж аль аль талдаа байгаа гэдгийг хэлмээр байна. 2015 оны төсөвт 500 тэрбумаар цалинг нэмэгдүүлнэ гэсэн ч төсвийн тодотголоор 90 тэрбум руу буусан шүү дээ" хэмээн хэллээ.  

Улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд  үйлдвэрчний эвлэл цалин нэмэх шаардлага тавьсан нь цаг үеэ олоогүй ажил хэмээн зарим иргэд шүүмжилж эхэлсэн. Харин хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байна. Тиймээс хөдөлмөрийн хуульд заасны дагуу хамтын маргааныг эхлүүлж зуучлагч томилох хүсэлтэй илэрхийлсэн байна.

Засгийн газраас 2015 оны улсын төсвийн тодотгол, 2016 оны улсын төсвийн төсөлд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх ямар нэгэн эх үүсвэрйг тусгалгүй УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаад анхаарлаа хандуулах ёстой хэмээн үйлдвэрчний эвлэлийн хорооноос үзэж байгаа юм.