Хачирхалтай сонгуулиуд (10-р сарын сонин хачин)
2015.11.02

Хачирхалтай сонгуулиуд (10-р сарын сонин хачин)

Баячуудын татварыг нэмж, дундаж орлоготой иргэдийн татварыг оруулах амлалт өгсөн залуу Канадын ерөнхий сайдаар сонгогдов.

Египетчүүд маш идэвхигүй. Гэхдээ тэдэнд шалтаг бий...

Бэлэг тараах нь манайд "хуучирсан" ч Аргентинд сонгогчдыг татах гол тренд. Тэдний бэлэг даацтай.

Канадын шивээстэй шинэ ерөнхий сайд

Жастин Трюдо 

Канад шиг барууны ардчилсан улсад сонгууль гэдэг сенсааци дагуулсан үйл явдал биш ч энэ удаагийн Канадын парламентийн сонгуульд сонирхол татам хүмүүс ялалт байгууллаа. Бараг 10 жил ерөнхий сайдын алба хашсан консерватив үзэлтэй Стивен Харперын орыг 43 настай Жастин Трюдо залгамжлахаар болов. Тэрээр гадаад төрх, богино хугацаанд гаргасан амжилт, бас царайлаг эхнэрээрээ дэлхийн хэвлэлүүдийн анхааралд өртөөд байна. Яагаад?

Трюдо сонгуульд ялахдаа жилд 155 мянган ам.доллараас дээш орлоготой баячуудын татварыг 33 хувь хүртэл өсгөж, харин дунд түвшний иргэдийн татварыг бууруулах амлалт өгчээ.

Хандивын зорилгоор зохион байгуулсан нэгэн боксын халз тулааны үеэр Жастин Трюдогийн цээж нүцгэн, мөрөн дээрээ хэрээний шивээстэй зургийг хэвлэлүүд нэг нэгэндээ дамжуулж хэд хонов. ВВС-гийнхэн түүний шивээсийн талаар уртаас урт өгүүлэл хүртэл бичжээ.

Шивээс судлаач Анна Фелисити Фридманы ярьснаар, баруунд түүнээс өөр шивээстэй ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайд байдаггүй юм байна. Тэрээр шивээстэй зургийг нь олонд дэлгэсэнд дургүйцэл илэрхийлээгүйг бодоход өөрийн бие бялдрыг гайхуулахаас буцахгүй хүн гэж дүгнэв.  

Египетийн сонгогчидгүй сонгууль

Египетийн энэ удаагийн парламентийн сонгууль улсынхаа түүхэн дэх хамгийн муу ирцтэй сонгууль боллоо. Учир нь 27 мужийн 14-т нь сонгуулийн санал хураалт явагдсан боловч сонгогчдын дөнгөж 25 хувь нь оролцсон байна. Зарим санал хураах байр бараг хүнгүй байсан учраас санал хураалтын цагийг нэг цагаар уртасгаж хүртэл үзсэн ч тусыг эс олов.

Санал хураалтын үеэр олон тооны зөрчил гарч, хэд хэдэн мужид бөмбөг тавьсан байсныг илрүүлэв.

Одоогийн Египетийн ерөнхийлөгч Абдул-Фаттаха Ас-Сиси нь 2013 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг булаан авсан. Тэрээр арабын ертөнц дэх хамгийн хүчтэй улс төрийн хүчнүүдийн нэг "Лалын ахан дүүс" бүлэглэлийг улсаасаа хөөж чадсан хүн юм. Сонгуулийн ирц бага байсан гол шалтгаан "Лалын ахан дүүс" бүлэглэл энэ сонгуулиар өшөөгөө авна гэсэн сонгогчдын айдастай холбоотой. Тэгээд ч энгийн ард иргэдийн дунд тэднийг дэмжигчид цөөнгүй бий.

Түүнээс гадна санал хураалтын үеэр хөгжилтэй ч гэмээр үйл явдлууд тохиолджээ.

Нэг эмэгтэй санал хураах хэсэгт ирээд ерөнхийлөгч ас-Сисид саналаа өгнө гэж зүтгэсэнд хэсгийн ажилтнууд парламентийн сонгуульд ерөнхийлөгч хамаарахгүй гэдгийг тайлбарлахын тулд багагүй цаг зарцуулсан байна.

Мөн хоёр сонгогчийн саналаа өгөх хүсэлтэй байсан хүмүүс нь аль эрт нас барсныг санал хураалтад оролцохоор ирээд мэджээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жил баталсан Үндсэн хуулийн дагуу “Төлөөлөгчдийн танхим” нэртэй Египетийн парламент нь 5 жилийн хугацаатай сонгогдоно. Парламентын гишүүдийн тоо 596 бөгөөд 120 нь намын жагсаалтаар, 448 нь бие даагч, 28 нь ерөнхийлөгчөөс томилдог гишүүд багтдаг.

Хоёр дахь удаагийн санал хураалт энэ сарын сарын 22-23-нд явагдана.

Бэлэг тарааж санал цуглуулахуй

Аравдугаар сарын 25 нд Аргентины ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт явагдав. Уг сонгуульд нийт 6 хүн нэр дэвшсэн. Тэднээс сөрөг хүчний лидер Маурисио Макри тэргүүллээ.

Гэр бүлээрээ 12 орчим жил Засгийн эрх барьсан Кристина Фернандес де Киршнер хуулийн дагуу гурав дахь удагааийн нэр дэвших боломжгүй болсон юм.

"New York Times" сонины мэдээлж байгаагаар, Аргентинд сонгогчдыг өөртөө татах шалгарсан арга нь бэлэг тараах практик болжээ.

"Chevrolet" маркийн машины шагналтай сугалаа хүртэл явагдсан байна. Аргентин улсын "Нийгмийн идэвхийг судлах төв"-ийн захирал Родриго Заразагийн тооцоолсноор бэлэг тараах стратегиар сонгогчдын 5-12 хувийн саналыг худалдаж авч болдог гэжээ.