УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
2015.11.02

Намайг ч шалгах биз

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой асуудлаар “Цагдаагийнхан уржигдар баривчилсан. Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар цааш цаашдаа асуудал хөвөрч гарах болов уу гэсэн бодолтой байна. УИХ-аас 2010 онд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсантай холбоотойгоор эсрэг тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тийм учраас зохион байгуулалттайгаар хөврөх болов уу” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой асуудлаар та юу хэлэх вэ. Танаас болж буруутгагдлаа гэх байр суурь голлож байна?

-Төмөр замын бодлого батлагдаж эхэлснээс хойш төмөр замын нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлтэй тулсаар өдийг хүрсэн. Үүнээс үүдэлтэй.

-Чингис бондоос 260 гаруй сая ам.доллар зарцуулсан ч төмөр замд юу ч хийгээгүй гэх?

-Тэр бол А.Гансүх сайдын үед хийгдсэн ажил.

-Өнөөдрийг хүртэл хэдий хэмжээний ажил хийгдсэн юм бэ?

-М.Зоригт сайдаас наадахаа тодруул.

-Таны үед төмөр зам барихаар болж, далангийн ажил явсан шүү дээ?

-Намайг Зам тээврийн сайд байхад Засгийн газрын тогтоол гарсан, УИХ-ын шийдвэр гарсан. Төмөр замыг барь гэсэн. Тогтоолын дагуу ажил хийсэн мөнгө өгөөгүй. Баялгийг хэн хаашаа зарцуулахтай холбоотой юм яваад байгаа. Хэн нь баялгийг барьж эрх мэдэлд удаан суух вэ гэдэг тэмцэл явж байна.

-Б.Батзаяаг та буруугүй гэж бодож байна уу, эсвэл?

-Б.Батзаяа бол зарчимтай хүн, А.Гансүх бол хуульч хүн. Хуулиа мөрдөнө. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу гэж бодож байна.

-Таныг шалгана гэсэн мэдээлэл байна.

-Шалгана ш дээ, дандаа л шалгадаг.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр Тавантолгойн ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих болсон талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Тэрээр “Хаврын чуулганы үеэр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор санал дүгнэлт өгөх ажлын хэсгийг ахалж ажилласан. УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай байна гэдэг дүгнэлт гаргаж, тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д өргөн барих гэж байна.

Тавантолгойн орд нь 100 жилийн нөөцтэй, Монгол Улсын 3 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа, улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн орд, Засгийн газар дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй. Ард түмнээс сонгогдсон УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн дүгнэлтийг тогтоолын төсөлдөө оруулсан.

Цаашид тогтоолын төслөөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадна дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн нэгдүгээр заалтыг орууллаа. Мөн шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй гэж оруулж өгсөн. “Эрдэнэс тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байх ёстой гэж үзсэн.

Тавантолгойн гэрээг байгуулахдаа дараах чиглэл барихаар заасан. Үүнд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримталж, оруулж ирэх ёстой гэсэн.

Энэ тогтоолын төслийг батлагдсаны дараа Тавантолгойн орд газрыг ашиглах талаар Монгол Улс өөрсдөө 51 хувиа, төмөр замын 51 хувиа мөн эзэмшиж хөгжүүлэх ёстой. Засгийн газар дур мэдэн өмнө нь хийж байсан гэрээний нэгэн адил 98 хувийг нь гадаадын нэг улсад өгөхөөр гэрээг хийж болохгүй гэдгийг баталгаажуулж өгсөн” гэлээ.