Архангай аймгийн МоАХ-ны анхдагчид чууллаа
Архангай аймгийн МоАХ-ны анхдагчид чууллаа
2015.11.04

Архангай аймгийн МоАХ-ны анхдагчид чууллаа

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд түчээлэн оролцсон олон аймгийн нэг нь Архангай юм.

1990 оны хоёрдугаар сард МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч Д.Баасан лам, сэтгүүлч С.Амарсанаа нар тус аймагт томилогдон ирж, зохион байгуулалтын арга хэмжээ аван, МоАХ-ны Архангай аймгийн салбар зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байжээ.

Тус аймгийн МоАХ-ны анхдагчдын чуулга уулзалт 2015 оны аравдугаар сарын 31-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо боллоо. Уулзалтад сум бүрээс гурван төлөөлөгч болон  аймгийн төвөөс 26 төлөөлөгч оролцов. Архангай аймгийн МоАХ-ны анхдагчдын чуулганд тус аймгийн Засаг дарга оролцож хэлсэн үгэндээ "Тэртээ 25 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг гардаж хийсэн анхдагчид  чуулж байна.

Миний бие 2005 оноос эхлэн аймгийн Ардчилсан намын дэд даргаар, 2008 оноос аймгийн намын даргаар ажиллаж байна. Архангай аймгийн Ардчилсан нам бол фракцгүй нам. Хэн нэгний ивээл дор байдаггүй. Архангай аймгийн Ардчилсан нам дотор Ардчилсан хүчний холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүд болон Ахмадын холбоо зэрэгцэн оршиж үйл ажиллагаагаа явуулдаг" гэв.

Чуулганы төлөөлөгчдийн нэг болох аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат "Архангай аймгийн хэмжээнд Ардчилсан нам ялж буйг эвтэй байсны нотолгоо гэж харж байна. Миний хувьд Ардчилсан намаас нэр дэвшин 19 дахь жилдээ аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр ажиллаж байна. Намын гишүүдээ эвтэй байлгах гэж хичээн ажилладаг. ИТХ-ын дэргэд Ахмад зөвлөхүүдийн зөвлөл байгуулж, тэдний туршлагыг ашиглах хэрэгтэй гэж боддог. Ардчиллын анхдагчдын тухай ном бүтээе. Ардчиллыг аймаг орон нутагт, суманд бий болгосон бүхий л хүмүүсийн түүхийг үнэн бодит байдлаар бичих хэрэгтэй. Ном бүтээхэд гарах зардлыг хувиасаа хариуцна" гэв.

Мөн анхдагчдын чуулганд МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт оролцож "Тэртээ 1990 оны өвөл Улаанбаатар хотоос МоАХ-ны тэргүүлэгч Д.Баасан, С.Амарсанаа нар ирж аймгийн урчуудын эвлэлийн байранд МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулснаас хойш өдгөө 25 жил өнгөрчээ. Энэ түүхийг бүтээлцсэн хүмүүс энд цугларсанд таатай байна.

Монгол Улсын аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 145 үзүүлэлтээр гаргасан ном авчирсан. Архангай аймгийн өрсөлдөх чадварын тухайд 2013 онд 21 дүгээр байранд орсон бол, 2014 онд 19 дүгээр байранд орж амжилтаа ахиулжээ. Өрсөлдөх чадвар дээшилсэн явдлыг аймгийн Ардчилсан намын үйл ажиллагаатай холбож үзэх хэрэгтэй.

Цаашид "Цэгц бодлоготой МоАХ, Цогц зорилготой МоАХ, Цэвэр ёс суртахуунтай МоАХ" гэсэн уриан дор ажиллах болно" гэлээ. Мөн тэрээр "МоАХ-ны зүгээс салбар зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд оролцохгүй. Иймд даргаар хэнийгээ сонгох нь анхдагчид та бүхний эрх" хэмээн онцлон хэлсэн. Чуулганы төлөөлөгчдийн олонх нь аймгийн МоАХ- ны салбар зөвлөлийн дарга М.Тогтохбаярын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсныг дурдах нь зүйтэй.

Хүчтэй өрнөсөн санал шүүмжлэл нь зохион байгуулалтын       асуудал болох шинэ дарга сонгох хэмжээнд хүртэл хурцадсан. Мөн М.Тогтохбаяр даргын ажлаа өгөх хүсэлт ч нөлөөлж, удтал мэтгэлцсэний эцэст удирдлагаа солих талаар санал нэгдсэн.

Мөн Архангай аймгийн МоАХ-ны дарга М.Тогтохбаяр "Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, аймгийн МоАХ-ны салбар зөвлөлийн даргын ажлыг өгөх хүсэлтэй байна" хэмээсэн нь шинэ удирдлага сонгоход нөлөөлсөн юм. Санал хураахад анхдагчдын олонх нь аймгийн МоАХ-ны салбар зөвлөлийн даргыг солих хүсэлтэйгээ илэрхийллээ

Ингээд аймгийн МоАХ- ны даргад таван хүний нэрийг заалнаас дэвшүүлснээс гурав нь нэрээ татаж, Д.Чилхаасүмбэрэл, Ж.Амгланбаатар нар тунаж өрсөлдөв. Нэр дэвшигчдийн талаар санал шүүмжлэл өрнүүлсний эцэст тооллогын комисс байгуулж санал хураахаар боллоо. Санал хураалтын дүн гарахад Д.Чилхаасүмбэрэл нийт саналын 54.5 хувийг авч Архангай аймгийн МоАХ-ны салбар зөвлөлийн даргаар сонгогдсон.

Тэрээр "Салбар зөвлөлийн дотоод зөрчлийг арилгана. Тэгж гэмээнэ амжилтад хүрнэ. Өрсөлдсөн Ж.Амгаланбаатарт баярлалаа. Цаашид хамтарч ажиллана. Урд өмнө гарч байсан алдаа дутагдлыг давтахгүй" хэмээн хэллээ. Алдаа оноогоо хэлэлцэн, цаашид хэрхэн ажиллах талаар санал бодлоо уралдуулж, шинэ даргаа сонгосноор Архангай аймгийн МоАХ-ны анхдагчдын чуулган өндөрлөлөө.