Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа бүрхэг шүү
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.04

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа бүрхэг шүү

Ч.Сайханбилэг сайд Оюутолгойн гэрээг Дубайд очиж, нууцаар үзэглэснээс хойш түүнийг унагах улмаар Засгийн газрыг тараах талаарх яриа нэлээд хүчтэй яригдаж байсан ч намжаад байлаа. Харин сүүлийн өдрүүдэд Ч.Сайханбилэг сайдын танхим орших уу эс орших уу гэдэг нь эргэлзээтэй болж эхлэв.

 Энэ удаад УИХ-д олныг бүрдүүлж байгаа АН-ынхны дотоод зодоон засгаа унагаж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ. Учир нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрынхан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр барьж хорьсон нь АН дотор шуурга дэгдээгээд байгаа сурагтай.

Учир нь Б.Батзаяа бол Х.Баттулгын хүн. Тодорхой хэлбэл, түүний Төрийн нарийн бичгийн дарга хүртэл томорсон нь Женкогийн гавьяа гэх юм билээ.Б.Батзаяагийн хувьд эртнээс Женкогийн бие хамгаалагчаар ажиллаж ирснийг мэдэхгүй хүн цөөн. Тиймээс АН-ын үед Б.Батзаяаг барьж хорино гэдэг нь Х.Баттулгаар оролдож эхэлсэнтэй агаар нэг хэрэг.

Тийм ч учраас АН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаан ширүүхэн болж өнгөрснийг хэлэх хүн байна. Тодруулбал, шадарлаж явсан дүүг нь баривчлахтай зэрэгцэн тэрбээр УИХ-ын дарга болон Ерөнхий сайд руу залгаж уур бухимдаа илэрхийлсэн сурагтай. Тиймдээ ч бүлгийн хуралдаан дээр энэ байр сууриа улам бататган “Б.Батзаяаг баривчилсан нь над руу довтолж байгаа хэрэг. Энэ бол захиалгаар хийсэн баривчилгаа. Ингэж биеэ араас нь “хутгалаад” явах юм уу. Ийм ажлыг хийсэн хүнийг нь ч мэдэж байна. Ингээд яваад байя гэвэл явж болно” хэмээсэн байх юм.

 Тэгээд ч улс төрийн хүрээнийхэн дунд Женкогийн хүнийг саатуулсан нь том “юм”-ны сэжүүрийг атгасан хэрүүл гэлцэж байна. Ийнхүү Х.Баттулга ууртай, бас намынхантай “алалцахад” бэлэн байгаа энэ үед шийдлийн Засгийн газрын хувь заяа бүрхэг болоод байгаа хэрэг. Төрийн томчууд нь дандаа АН-аас байгаа энэ үед өөрөөс нь өөрцгүй хүнийг баривчилсан учраас Г.Уянга гишүүний санаачилсан Ч.Сайханбилэгийг огцруулах албан бичигт Х.Баттулга ба түүний нөхөд /МоАХ/-ныхон гарын үсэг зурахыг үгүйсгэхгүй.

 Харин засаг унах дараагийн сэжүүр нь Эвслийнхний гарт байна. Өөрөөр хэлбэл, тэд АН-ынхны урилгыг хүлээн авч засагт хамтарсан нь Н.Энхбаяр даргаа өршөөд хамруулж, “нэр цэвэр, мөр бүтэн” авч үлдэх гэсэн ганц санаа. Хэдийгээр тэдний энэ санаархал биеллээ олж, УИХ хаалттай хаалганы цаана Өршөөлийн хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илэхээр болсон ч Ерөнхийлөгч хориг тавьснаар эвслийнхний туйлын хүсэл ийнхүү талаар болсон.

Эцсийн мөчид Н.Энхбаярыг “цэвэрхэн болгох” санаархал нь үл биелсэн тул эвслийнхэн ууртай байгаа. Тэр дундаа чуулганы индрээс “бөгс” хэмээн чанга дуугаар хашгирах З.Баянсэлэнгэ гишүүнээс авахуулаад засгийг унагахад буруудахгүй гэсэн бодолтой хүн эвсэлд олон бий.

Дээрээс нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга Д.Тэрбишдагва “УИХ хугацаанаасаа өмнө тарж, сонгууль явуулахад буруудах зүйлгүй” хэмээн хэлсэн нь тэртэй тэргүй хүүхдийн зулай шиг нимгэрсэн Засгийн газрын хувь заяаг улам ч бүрхэг болгов. Ийнхүү засаг унах уу эсвэл Засгийн задлах уу гэдэг яриа өрнөж эхэлсэнтэй холбогдуулан гишүүнээс байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ унахгүй. Бие биенийгээ сүрдүүлэх гэсэн зүйлээс хэтрэхгүй. Засгийн газрын хувьд янз бүрийн улс төрийн зодоон гэхээсээ илүүтэй Дубайн гэрээний асуудлыг хөндөж байгаа. Одоогоор огцруулах бичигт 16 гишүүн гарын үсэг зураад байна. Оюутолгойгоос хүртэх ашиг 2023 оноос байсныг 2037 болгож хойшлуулсан. Үүнд Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой.

Энэ үндэслэлээр Засгийн газрын асуудлыг ярина. Энэ нь тэр гэрээг хүчин төгөлдөр бус болгож байгаа юм. УИХ хугацаанаас өмнө тарлаа гэхэд энэ өвлийн хүйтэнд сонгууль хийнэ гэж юу байсан юм. Үүнийгээ март. Би УИХ тарахгүй гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар цаашид байх эсэх нь эргэлзээтэй шүү. Оюутолгойн гэрээг муутгасан нөхцөл байдлыг залруулах нь Ерөнхий сайдтай хариуцлага тооцох явдал гэж үзэж байгаа.