М.Сономпил УИХ-ын дэд дарга болох уу
УИХ-ын гишүүн М.Сономпил
2015.10.07

М.Сономпил УИХ-ын дэд дарга болох уу

МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл тарах нь гэх мэдээлэл сүүлийн үед газар авч буй. Бүсийн чуулганаа орон нутагт идэвхтэй зохион байгуулж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ тухайд гишүүд, дэмжигчдэдээ илэн далангүй мэдээлэл өгч яваа бололтой.

Ингэхдээ тэрбээр МҮАН-ыг МАХН-д нэгтгэх гэсэн байр сууриа нуухгүй байгаа бөгөөд "Эвсэл задрах байх, гэхдээ задрахгүй" гэж ярьсан сурагтай. Энэ нь эвсэлд хөдөлгөөн орсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг байж болох ч ямар ч байсан хэл ам хийж гүйгээд буй нөхдийн аргыг олно гэсэн утга байж мэдэх.

Мөн "Шударга ёс" эвсэл байгуулсан гэрээний дагуу ирэх сонгуулийн өмнө МАХН гол удирдлагаа авах гэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ дахь эвслийн бүлгийн дарга, МҮАН-ын Н.Батцэрэгийн оронд МАХН-ын гишүүнийг томилох бололтой.

Өчигдөр УИХ дахь намын бүлэг ээлжит бусаар хуралдахдаа энэ талаар ярилцсан гэж байгаа ч эцэслэн шийдээгүй бололтой. "Шударга ёс" эвслийн бүлгийн даргаар Д.Тэрбишдагвыг томилохоор ярьж буй юм байна.

Эвслийн гэрээний дагуу энэ парламентын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд МАХН бүлгийн дарга, МҮАН УИХ-ын дэд даргын суудлыг авах учиртай аж.

Харин МАХН-аас дэд дарга болсон Л.Цог албан тушаалаа өгөхгүй гэж нэлээд асуудал үүсгэж буй гэнэ. Түүний оронд МҮАН-аас М.Сономпилыг дэвшүүлэхээр ярьж буй аж.