Төсвийн байнгын хороог эвслийн гишүүн удирдана
Хууль зүйн байнгын хороо
2015.10.06

Төсвийн байнгын хороог эвслийн гишүүн удирдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.

Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, гишүүдийнхээ дунд санал хураалт явуулахад Д.Ганбат гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн байна. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат нар өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг Д.Ганбат гишүүн авсан аж. 

Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул байнгын хорооны даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлыг Шударга ёс эвслийн гишүүдэд хариуцуулах тухай яриа гарч, АН-ын бүлгийн гишүүд дэмжжээ.

Мөн бүлгээр Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч материал нь дутуу тараагдсан тул хойшлуулжээ. 

Тиймээс эдгээр хуулийн төслийг бүлэг ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэхээр болсон байна. Эрчим хүчний хэмнэлтийн тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээлэл хийсэн хэмээн Б.Гарамгайбаатар дарга мэдээлэл өглөө.