ХЗБХ-ны даргад Д.Ганбатыг дэмжжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.
Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, гишүүдийнхээ дунд санал хураалт хийхэд Д.Ганбат гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат нар өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг авсан аж. Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга улиран сонгогдох болж буй юм байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул байнгын хорооны даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Мөн бүлгээр Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч материал нь дутуу тараагдсан тул хойшлуулжээ.
Тиймээс эдгээр хуулийн төслийг бүлэг ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэхээр боллоо гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.