Таван цэрэг амиа алдаж, таван цэрэг өвчтэй байна
Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт буй хилийн цэргийн 0331 дүгээр ангид алба хааж байсан таван цэрэг амиа алджээ.
Тэд бүгдээрээ Хөвсөл аймгийн сумдаас ирж албан хааж байсан дайчид байжээ. Нэг заставт алба хаасан, нэг аймгийн таван залуу ийн харамсалтайгаар амиа алдсан нь тохиолдлын зүйл биш гэлтэй. Тэд бүгдээрээ Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумынх. Нэг нь зодуурын шархаа бүрэн эмчилж чадахгүй байсаар бохир оруулж амиа алдсан бол, нөгөө нь зодуурыг дийлэлгүй боомилж нас баржээ. Мөн нэг нь тархиндаа гэмтэл авч эмчлүүлж байгаад амиа алдсан байна. Хөгжлиийн бэрхшээлтэй ээжтэйгээ хамт амьдарч байсан хүү цэрэгт ирээд боомилсон асуудлыг таг нуугаад,дараад өнгөрч байсан гэнэ.
Тэсийн голын хөвөө орчимд байдаг энэ цэргийн анги голдуу л Хөвсөл аймгаас цэргээ татдаг байжээ. Мөн л энэ ангид цэрэг хааж байсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэрэг залуу өнгөрсөн жил зодуураас болж зүү залгисан хэрэг гарсан. Гэтэл түүнийг цэргийн албанаас зугтах гэж зүү залгисан болоод өнгөрсөн билээ. Мөн нэг залуу зодож дарамталдаг байсан офицероо буудан хөнөөж байсан аймшигт хэргүүд гарч байсан удаатай.
Нэг цэргийн ангид алба хааж тавын таван сайхан залуугийн амьдрал ийнхүү гунигтай, харамсалтайгаар сүйрсэн байна. Хүүгээ алдсан, өвчтэй болсон залуусын эцэг, эхийн сэтгэл ямаршуухан байх нь ойлгомжтой. Тэд нутгаасаа парламентанд сонгогдсон элч Ц.Даваасүрэнд ханджээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нөхцөл байдлыг ажиглахад зодуур дарамт байдаг гэдэг нь тодорхой байгаа юм. Таван залуу амиа алдсан. Одоо таван залуу өвчтэй байгаа. Хилийн цэрэг тодорхой арга хэмжээ авч удирдлагыг нь сольсон ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр шалтгаан нь тэнд байгаа жагсаалын дарга, бага дарга нарт асуудал байна гэсэн үг. Нөхөн олговор гэж дөрвөн сая төгрөг өгөөд дуугүй сууж болохгүй. Хил хамгаалах алба болон Хууль, шүүхийн байгууллага эдгээр хүмүүсийн зовлонг хуваалцах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж буй.
Увс аймгийн Баруунтуруун суман дахь цэргийн ангид алба хааж байгаад хохирсон цэргүүдийн ар гэрийнхний тавьсан санал, хүсэлтийн дагуу Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүйн яам, гомдолтой цэргүүдийн ар гэрийн төлөөллийг оролцуулсан 3 талт уулзалтыг уржигдар зохион байгуулж, өчигдөр цэргүүдийн ар гэрийнхний хамт Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн юм.
Хөвсгөл аймгаас хоёр жилийн хугацаанд дээрх цэргийн ангид татагдан очсон цэргүүдээс тав нь нас барсан бол тав нь ар гэрийнхээ асаргаанд байгаа аж. Эл асуудлаар ар гэрийнхэн нь Хилийн цэргийнхэнд хандахаар хариу өгдөггүй байсан гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2013 оноос эхэлж Хууль зүйн яаманд гурван удаа, Хилийн цэрэгт нэг удаа тус бүр албан бичиг явуулсан ч бас таг чиг байжээ.
Эцэст нь цэргүүдийн ар гэрийнхэн Хилийн цэргийнхэнтэй уулзуулж өгөх хүсэлт тавьсан тул Ц.Даваасүрэн гишүүн гурван талыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулжээ. Энэ үеэр ар гэрийнхнээс уучлал гуйсан атлаа гараад арьсаа хамгаалж, цэргүүд өвчний улмаас нас барсан, эрт халагдсан гэх тайлбар хийх болсныг хэвлэлийн хурал дээр онцоллоо.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Уг уулзалт бодит баримтан дээр үндэслэгдэж яригдсан. 2015 оны тавдугаар сард 0311 дүгээр ангид хуваарилагдсан залуусаас 2 нь амь үрэгдсэн байгаа. Цэл залуухнаараа 21, 19-тэйдээ эндсэн байхад суурь өвчтэй гээд мэдэгдэл хийгээд хэнэггүй сууж байдаг юм. Хоёрхон жилийн дотор татагдсан цэргүүдээс тав нь эндэж, тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байна. Асуудал хүнд байгааг холбогдох газарт нь мэдэгдэж, арга хэмжээ авч анхаарахыг хүссэн, юу ч хийгээгүй, энэ хооронд хоёр цэрэг амиа алдлаа” гэв.
Цэргүүдийн ар гэрийнхэн " Ренчинлхүмбэ сумаас 0311 дүгээр ангид татагдсан цэргүүдээс тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байгаа. Тэдний нэг нь цэргийн албанд байхдаа ар гэр рүүгээ утсаар ярьж “Одоо надад бүтэн эрхтэн үлдсэнгүй, зодуур их байна, дэг их байна" гэж ярьсан байдаг. Мөн цэрэгт татагдаад удаагүй байсан хүүхдийг нь өвдлөө гээд цэргийн ангиас ярихад нь ар гэрийнхэн нь очсон, гэтэл өрц нь цоорсон байсан.
Өрцийг нь цоо өшиглөсөн байсан гэсэн. Тэрээр цэргийн алба хаасан нэг жилийн хугацааныхаа долоон сарыг нь эмнэлэгт байж, хаасан. Халагдаад ирснийх нь дараа эмчийн нарийн үзлэгт оруулахад юу ч хэлдэггүй. Бодит байдал ийм байгаа. Бид 1000 гаруй км-ын цаанаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын нэр хүндийг зохиомлоор гутаах гэж ирсэн юм биш. Асуудлыг анхаарч засахгүй бол эрдэнэт хүний амь эрсдэж, хүнд өвчин тусч байгаа учраас зохих хүмүүстэй нь уулзаж бодит үнэнийг хэлж арга хэмжээ авахуулах гэж л ирсэн” гэлээ.