Галын аюулгүй байдлын тухай хуулийг иргэдэд таниулах сургалт боллоо
Онцгой байдлын ерөнхий газраас хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулжээ.
2015.11.09

Галын аюулгүй байдлын тухай хуулийг иргэдэд таниулах сургалт боллоо

Шинээр мөрдөгдөж байгаа галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилж, энэ сарын 6-нд Онцгой байдлын ерөнхий газраас хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулжээ.

Өдөрлөгөөр Нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, есөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж байгууллагын 130 хүн, нийгмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид сургалтад хамрагджээ.

/ТВ9/

Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхгийг тээврийн хэрэгслийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараасан байна.