Ард иргэд, орон нутагт ээлтэй хууль гараасай
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Таван толгой” ХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-иуд коксжсон нүүрс олборлох, тээвэрлэх чиглэлээр “Оюут Улаан” ХХК алт зэс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Танай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын санхүүгийн тайлан зэрэг нь хэр ил тод, нээлттэй байдаг вэ?
Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, тэр дундаа “Таван толгой” ХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-иуд" Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага" зөвлөгөөн дээр хийсэн ажлаа нээлттэй тайлагнаж, хэвшсэнээр ил тод, нээлттэй ажиллаж эхэлж байна.
Үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл нь хаалттай байдаг хариуцлагагүй компани гэвэл аль компанийг нэрлэх вэ?
Цогтцэций сумын нутаг дэвсгэрт олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүдийн санхүүгийн мэдээлэл нь тийм ч нээлттэй биш байдаг ч шаардлагатай тохиолдолд албан бичиг хүргүүлж авах боломжтой байдаг.
Нээлттэй хувьцаат компаниуд цахим хуудсаар олон нийтэд мэдээллээ өгдөг. Энэ мэдээлэл хэр хангалттай вэ?
3 том ААН-ийн цахим хуудсаар олон нийтэд чиглэсэн мэдээлэл нь цаг үеийн хийсэн ажил, тухайн компанийн үйл ажиллагааны танилцуулга бий. Энэ нь ард иргэдийг хэрэгцээтэй мэдээлэл авах нөхцөл бололцоогоор хангахад дутагдалтай байдаг.
Сумын эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, иргэдийн амьдралд эдгээр уул уурхайн компаниудын оруулж буй бодит хувь нэмэр? Тодорхой хугацаанд сумын хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт, санхүүжилт, иргэдийн хүртсэн өгөөжийг бодит тоо баримтаар дурдана уу?
“Энержи ресурс” ХХК-ийн ажилчдын “Цэций орон сууцны хороолол”, 18мВт-ын дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, цахилгаан холбоо, 640 хүүхдийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий цогцолборыг Өмнөговь аймагтай хамтран эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2013 онд ашиглалтанд оруулсан байна.
“Тавантолгой” ХК нь тодорхой хугацаанд орон нутгийн ард иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох, оюутнуудын сургалтын төлбөрийг шийдвэрлэх зэрэг хөрөнгө оруулалт хийсэн байна. Хэдий “Тавантолгой” ХК нь сум орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр бага оруулсан юм шиг харагддаг ч сум орон нутаг, аймгийн төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг гэдгийг хэлэх хэрэгтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Цогтцэций сумын “Билгэх”, “Сийрст”, “Цагаан Овоо”, “Өгөөмөр” багуудад газар тариалангийн чиглэлийн трактор, худгийн насос, сум дундын эмнэлэгт УАЗ фургон, бэлчээрийн энгийн уурхайн худгуудыг сэргээн засварлаж, малчдад хүлээлгэн өгсөн зэрэг ажлуудыг хийсэн.
Танай сумын төрийн байгууллага, удирдлагууд уул уурхайн компаниудаас хандив авсан тохиолдол байна уу?
Тийм тохиолдол байхгүй.
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хуулийн төсөлтэй танилцсан уу? Энэ хууль батлагдсан тохиолдолд дээр дурдсан нөхцөл байдал эерэг тал руугаа яаж өөрчлөгдөх бол?
Хуулийн төсөлтэй танилцаагүй байна. Ард иргэд, орон нутагт ээлтэй хууль гараасай гэж хүсэж байна.