Засгийн газар Таван толгойг анхны гэрээний нөхцөлөөр батлуулах гээд байна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.11.05

Засгийн газар Таван толгойг анхны гэрээний нөхцөлөөр батлуулах гээд байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Тогтоолын төсөлд юу юу өөрчлөгдөн орж ирсэн бэ?

-Хаврын чуулганаар миний бие Таван толгойн Ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-ын даргад хүргүүлсэн. Ажлын хэсгийнхэн Таван толгойн нүүрсний ордын цаашдын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад тогтоолын төсөл боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс уг тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээс гарын үсэг авах ажил гурван сарын турш үргэлжиллээ. Уг тогтоолын төсөл дээр санал авахаар Засгийн газарт хүргүүлчихсэн. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурна гэдэг нь УИХ-аар тогтоол орж ирээд хэлэлцэхэд олонхиороо батлах хэмжээний гэсэн үг.

-Яагаад заавал 40 гишүүний гарын үсэг цуглуулах болсон юм. Магадгүй уг тогтоолын төслөө дэмжүүлэх эцсийн байдлаар нь оруулж байна гэсэн үг үү?

-Хэрэв цөөнх болчихвол Таван толгойгоо хуучин гэрээний дагуу цаашаа алдчих магадлалтай юм. Тэр утгаараа гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, учрыг нь ойлгуулах гэж нэлээд цаг хугацаа зарцуулсан. Одоо бол олонхиороо баталчих байх. Тогтоолын төсөлд Эрдэнэс Таван толгой компани Таван толгойн орд газрын 51 доошгүй хувийг заавал эзэмших ёстой гэж оруулж өгсөн.

Өмнөх гэрээн дээр Эрдэнэс Таван толгой компаниас энэ хариуцлагыг байхгүй болгосон гэрээ байсан. 98 хувь нь нөгөө талдаа гарсан тийм л гэрээ байсан юм. Тэгэхээр цаашид шинээр гэрээ байгуулагдахад 51 хувийг Монголын талд үлдээж 49 хувь дээрээ бусад хөрөнгө оруулагчаа татах тийм гэрээ байгуулах ёстой гэж үзсэн.

Мөн Монголын нутагт баригдах төмөр замын 51 хувийг Монгол Улс өөрөө заавал эзэмших ёстой гэсэн бас нэгэн заалт оруулсан. Хуучин орж ирсэн гэрээн дээр 30 жилийн хугацаатай Шинхуа, Энержи Ресурсын консерциумд төмөр замаа эзэмшүүлэх Монголын төр 49 хувиа авахаар оруулж ирсэн. Мөн 30 жилээр гэрээг сунгах боломжтойгоор төсөл орж байсан юм. Бид анхнаасаа 51 хувийг Монголын төр төмөр зам эзэмших ёстой. Үлдсэн 49 хувь дээр нь бусад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж болно гэж хоёрдугаар заалтыг оруулсан.

Гуравдугаарт, ард иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг саналын эрхгүй болгосон байсан заалтыг хүчингүй болгуулахаар тусгаад байгаа. Ингэснээрээ Таван толгойн хувьцаа эзэмшигч 2.1 сая иргэний хувьцаа цаашид саналын эрхтэй байна гэсэн үг. Энэ нь Таван толгойн талаарх шийдвэрийг гаргахдаа ард түмнийхээ саналыг заавал сонсох ёстой гэсэн үг юм. Түүнчлэн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж тогтоолын төсөлд тусгасан байгаа. Тогтоолын төсөлд Засгийн газарт хэд хэдэн үүргийг өгсөн.

-Тэр нь юу гэж?

-Гуравдагч хөршийн бодлогыг баримтлах шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Орос, Хятад гэлтгүй АНУ, Япон, Канад гэх мэтчилэн бусад орнуудыг татан оролцуулах ёстой. 2008 онд анх тендер зарлагдахад листэнд 5-6 компани үлдсэн байдаг юм. Тэр компаниудынхаа хүрээнд дахин тендер зарлах ёстой гэсэн заалтыг мөн оруулсан. Хэрэв тогтоолын төсөл батлагдах юм бол Засгийн газар тогтоолынхоо дагуу гэрээ байгуулахад нэлээд олон зүйлийг харж байж гэрээ байгуулах ёстой.

-Тогтоолын төслийг хэлэлцээд явахад улс төр нэлээд өрнөх байх. 40 гишүүн гарын үсэг зурлаа гээд эсрэг кноп дарах магадлал манай гишүүдийн дунд түгээмэл байдаг шүү дээ?

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

-Засгийн газраас анх оруулж ирсэн гэрээнд гэхэд нэг улс давамгайлсан маш том ашиг сонирхлын зөрчил байсан. Дотоодын компани гэхээр яг монгол компани гэж хэлэхэд хэцүү болчихож байгаа юм. Энержи Ресурсын дийлэнхэд нь гадны компани хөрөнгө оруулсан. Гол хөрөнгө оруулагч нь Хятадын Шинхуа гэхээр Хятад талдаа ихэнх хувь нь гарчихаж байгаа тийм л гэрээ байсан юм. Тэр утгаараа ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байсан гэж үзсэн. Цаашид ийм байдлаар Таван толгойг хууль бусаар аль нэг талд нь ашигтай байхаар гэрээ байгуулуулахгүй гэдэг үүднээс уг тогтоолын төслийг оруулж ирсэн гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд 40 гишүүний гарын үсгийг цуглуулахын тулд ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүдэд танилцуулахад нэлээд анхаарсан. УИХ дээр тогтоолын төсөл ороод ирлээ гэхэд асуудлынхаа учрыг нь ойлгоод гарын үсэг зурсан гишүүд буцаж, улс төр хийгээд байх зүйл гарахгүй болов уу. Гарын үсэг зурсан 40 гишүүнийг эх оронч гишүүд гэж харж байна. Энэ хүмүүс сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж гарын үсэг зурсан.

-Тогтоолын төсөл батлагдлаа гэхэд консерциум уг тогтоолын төслийг дэмжихгүй гэвэл яах юм?

-Энэ бол Засгийн газрын л асуудал. Засгийн газар тийм консерциум байгуулж, Таван толгойн ихэнх эрхийг тэр консерциумд өгөх эрхгүй байсан. Анхнаасаа гэрээ нь маш олон хууль зөрчсөн байсан. Тиймээс уг консерциум хүлээж авахгүй байх нь бидэнд чухал биш.

-Дахин өөр консерциум сонгоно гэсэн үг үү?

-Угаасаа энэ консерциум цаашаа явах боломжгүй. Засгийн газар Таван толгойг анхны гэрээний нөхцөлөөр батлуулчих гээд байна уу даа гэж харж байна. Монголын төмөр зам компанийг Эрдэнэс Таван толгойн харьяанд байхаар болгосон гэх мэтчилэн тодорхой хэмжээнд аль нэг газраас нь бултуулах маягаар асуудлыг явуулаад байна гэж хардаад байгаа юм. Тиймээс энэ УИХ-ын тогтоол гарах нь зөв. Нэгэнт хууль зөрччихсөн байна гээд дүгнэлт гаргаад байхад үүнийг үл хайхран энэ гэрээг сонгууль болох богино хугацаанд явуулчих сонирхол Шийдлийн Засгийн газарт байгаа болов уу гэж хардаад байна. Тиймээс тогтоолын төслийг яаралтай оруулах ёстой.

-Гэхдээ зарим гишүүд Засгийн газар асуудлуудаа шийдээд явах ёстой гээд байгаа шүү дээ?

-Маш олон орд дээр Засгийн газар асуудлуудаа шийдээд явах боломжтой. Гэхдээ Таван толгой дээр лав биш. Таван толгой гэдэг бол Монголын ард түмэн эзэмшиж байгаа. Өөр тийм орд байхгүй. Оюу толгой дээр ч бид хувьцаа эзэмшигч биш шүү дээ. Ард түмэндээ өгчихөөд буцаагаад авдаг үйл ажиллагааг Засгийн газар хийж болохгүй. Засгийн газар бол ард түмнээс сонгогдоогүй. Томилогдсон.

Тиймээс ард түмний эрх ашгийг хангаж, хамгаалж байгаа Их хурлаараа заавал оруулах ёстой.

-Ард түмний Таван толгой гээд яриад байдаг. Иргэдийн 1072 хувьцаа л гээд байдаг. Үнэн хэрэгтээ 1072 хувьцаа бол ам дамжсан яриа төдий л зүйл болоод байна. Улс төржилтөө ард түмэнд нялзаагаад байгаа юм биш үү?

-Та сар бүр 70 мянган төгрөг авч байсан уу. Та ямар нэгэн гавьяа байгуулаагүй, зүгээр л амьдралаа хөөгөөд явж байхад таны гар дээр 70 мянган төгрөг тавиад байсан юм. Энэ юуны мөнгө вэ. Тэр бол таны 1072 хувьцааны мөнгө. Иргэд тодорхой хэмжээгээр мөнгө авч байсан байхгүй юу.

Таван толгойн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэн ашгийн хувь болгож хүмүүст өгөх мөнгийг 2012 оны сонгуулийн өмнө Чалкотой гэрээ байгуулж 300 сая ам.доллар авч шийдсэн. Бид тэр мөнгөнөөс л хүртэж байсан юм. Өнөөдрийг хүртэл Эрдэнэс Таван толгой компани олборлосон нүүрсээрээ Чалкогийн өрийг дарсаар ирсэн. Эрдэнэс Таван толгой компанийн үйл ажиллагаатай сүүлд танилцаж байхад Чалкогоос авсан 300 сая ам.доллараас 120 сая ам.долларын үлдэгдэл үлдсэн байсан.

Үлдсэн энэ мөнгийг төлөхийн тулд Эрдэнэс Таван толгой олборлолтоо явуулж байсан юм. 1072 хувьцаа бол бодитой. Та интернэтэд ороод өөрийн нэр, регистрийн дугаараа оруулаад үзэхээр таны хувьцаа гарч ирж байгаа. Харин үүнийг үнэт цаас болгож иргэн бүрт өгөх ёстой. Нүүрсний үнэ унасан энэ үед хувьцаа үнэгүй юм шиг харагдаж байгаа боловч эдийн засгийн хямралыг даван туулсны дараа энэ хувьцааны үнэ нэмэгдэж бидэнд алт мөнгө шиг үнэтэй болох цаг ирнэ.

Том Таван толгойн хажууд байдаг жижиг Таван толгой компани 10 гаруй жилийн дотор 280 тэрбум төгрөгийн хувьцааны ашиг хуваарилсан байдаг. Жижиг Таван толгой бол том Таван толгойн орд газрын ганц хувьтай л тэнцэх хэмжээний жижиг газар. Энэ жижиг ордод хувьцаа эзэмшдэг маш олон хүн бий. Өмнөговь аймгийн Тамгын газар хувьцааны ихэнх хувийг эзэмшиж байна. Тэндээс олсон ашгаа иргэддээ хуваарилж анх 15 төгрөгөөр үнэлэгдэж байсан хувьцаа нь 1.4 сая төгрөгт хүрч байсан алтан үе ч байдаг.

Хувьцаанаас ашиг хүртсэн иргэд, аж ахуйн нэгжүүд байдаг болохоор Өмнөговь аймаг бусад аймгуудыг бодоход өндөр хөгжилтэй байна. 1072 хувьцаа юу ч биш юм байна гэсэн тархи угаалтад бид орчихоод “Бидэнд юм ирэх биш” гээд яваад байж болохгүй. Миний хувьд цаашид 1072 хувьцааг үнэ цэнтэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулахад чадлынхаа хэрээр ажиллана гэж бодож байгаа.

-Одоо дахиад л төмөр замын асуудал сөхөгдөж таарна. Гацаанаас гарах боломж харагдах юм уу?

-Хөрөнгө оруулалт нь шийдэгдээд урагшаа явж байсан ажлыг хоёр жилийн өмнө зогсоосон. Ямар шалтгаанаар зогсоосон нь энэ гэрээнээс тодорхой харагдаж байна. Гадны 3-4 банк урагшаа явах төмөр замд хөрөнгө оруулалт хийе гэсэн саналаа илэрхийлчихсэн байсан. Гашуун сухайт-Таван толгой чиглэлийн төмөр замд яагаад дандаа хөрөнгө оруулагч олддог вэ гэхээр энэ нь маш ашигтай зам юм. Хамгийн бага үнээр тооцсон ч есөн жилийн дотор зардлаа бүрэн нөхчих тийм бололцоотой.

Тиймээс ямар ч нөхцөлд ийм ашигтай бизнест банкууд хөрөнгө оруулахад бэлэн байдаг. Энэ банкууд хөрөнгө оруулалтаа хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж байхад манайх Чингис бондын хөрөнгөнөөс 200 гаруй сая ам.доллар гарган далангийн ажлын 70-80 хувь нь хийгдчихсэн. Уг ажлыг зогсоосон нь хамгийн буруу байсан юм. Хэрэв энэ ажлыг зогсоогоогүй бол төмөр зам аль хэдийнэ ашиглалтад орчихсон байх байлаа. Бид нүүрсээ тээвэрлэлээ гэхэд дөрөв дахин хямд үнээр Хятадын зах зээлд гаргах боломж байсан. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газрын үед төмөр замын ажлыг зогсоосон.

Энэ замыг зогсоосон гол шалтгаан бол Шинхуа, Энержи Ресурс консерциумд 30 жилээр нь төмөр замыг өгөх бодлого явсан. Ажлын хэсэг дээр ажиллаж байхдаа бүх материалтай танилцсан. Үүний будлиан л өнөөдөр явж байна. Хөндлөн чиглэлийн төмөр замд хамтран ажиллана гэдгээ Японы тал илэрхийлсэн. Энэ оны арванхоёрдугаар сар дуусахад Япончууд ТЭЗҮ-гээ гаргаад дуусна. Тиймээс 2016 оны хавар төмөр замын ажил эхлэх бүрэн боломжтой. Бид ийм хүлээлттэй байгаа. Төмөр замд ажиллах хүний нөөцөө цэргүүдээр бүрдүүлье гэж байгаа юм. Ингэхдээ 10 мянган цэргийг хамруулж, цэргийн албаны хугацааг хоёр жил болгож цалинтай болгох талаар бид ярьж байгаа.

-Цэргүүдийг төмөр зам барихад татан оролцуулна гэхээр сургалтаас эхлээд багагүй зардал гарах байх. Эх үүсвэр нь хаанаас гарах юм. Нийт хэдэн төгрөг зарцуулах тооцоо байгаа вэ?

-Бид төсөвт 10 мянган цэргийн урсгал зардал 25 тэрбум төгрөгийг суулгахаар Сангийн яамтай ярилцаж, Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үүнийг дэмжсэн. Цэргийн алба хааж байгаа залууст жилдээ дөрвөн сая төгрөгийн урсгал зардал тооцогддог юм билээ. Ямартай ч энэ зардлыг нь суулгаад ажлаа эхлүүлчихье. Цэрэгт ирсэн залуучуудаа МСҮТ-ээр дамжуулан сургая гэж байгаа юм. Түргэвчилсэн хэлбэрийн сургалтаа МСҮТ-өөр дамжуулан хийгээд дөрөвдүгээр сараас шууд барилгын ажил руугаа орчих боломжтой.

Төмөр зам баригдана гэдэг хүн ажиллаж таарна. Хүн ажиллаж байгаа юм чинь цалин авна. Өмнө нь гурван жилийн хугацаанд 25 мянган хятад ажилчин орж ажилласан байдаг. Гадаад ажилчид цалингаа аваад явчихсан тул нийгмийн даатгалд юу ч төлөгдөөгүй. Тэр үед монгол залуус ажилласан бол олон хүн мөнгөтэй болох байсан. Өнөөдөр 170 мянган залуу сургууль ч үгүй, ажил ч үгүй эцэг, эхийнхээ нуруун дээр шимэгчлэн амьдарч байна гэсэн тооцоо бий. Тэднийг ажлын байран дээр ирээд ажиллаачээ гэхээр хэн ч ирдэггүй. Тиймээс тэднийг цэргээр дамжуулан тодорхой тушаалын доор хариуцлага хүлээлгэн ажиллуулах ёстой юм байна гэж харж байгаа. Үүнийг бид бодоод олчихсон юм биш. Бусад орнууд маш олон бүтээн байгуулалтынхаа ажлуудыг цэргүүдээр хийлгэдэг юм билээ.