Хүнсний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд 40 жилийн туршлагатай
"Хүнсмаш-Сэргэлт" ХХК-ийн захирал Б.Давхарбаяр
2015.11.10

Хүнсний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд 40 жилийн туршлагатай

Манай цахим хуудас дотоодын ЖДҮ эрхлэгчийн бизнесээ явуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн даван туулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа талаар цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад сүү, сүүн бүтээгдэхүүний тоног төхөөрөмж болох сүү хадгалах танк, дозлон савлагч, сүү боловсруулах олон үйлдэлт тогоо зэрэг олон нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангасан чанартай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг нэгэн компанийг онцолж байна.  

"Хүнсмаш-Сэргэлт" ХХК-ийн захирал Д.Давхарбаяр 

Компани үйл ажиллагаа хэзээнээс, юунаас эхлэлтэй вэ?

Манай үйлдвэр 1977 онд нийслэл, аймаг дүүргүүдийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, туршилт тохиргоо хийдэг байсан. Дараа нь стандартын бус иж бүрэн тоног төхөөрөмж өөрсдийн хүч, нөөц бололцоогоор үйлдвэрлэдэг болсон юм. Тухайлбал, нэг удаад 240 гаруй дөрвөлжин талх хийдэг цахилгаан, галладаг гэсэн хоёр төрлийн пийшин үйлдвэрлэж байсан.

1990 оноос зах зээлийн нийгэмд шилжин аймгуудын үйлдвэр хаалгаа барьснаас болж, захиалгын тоо багассан учраас 1997 онд манай үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон доо.

"Жилийн дараа дахин хөл дээрээ зогсохоор эрс шийдэж, гурван инженер, нарийн мэргэжлийн ажилчид, гагнуурчин, токарьчин гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байр түрээслэн, ажиллаж эхэлсэн."

Энэ зоримог алхам өнөөдрийн үйлдвэрлэлийн эхлэл болсон байх?

Тийм шүү. Тухайн үед эрэлт ихтэй 50-ын шилтэй ундаа үйлдвэрлэж эхэлсэн. Яваандаа ундааны том үйлдвэрүүд гарч ирэн, ундааг хуванцар саванд хийдэг болсноор 50-ын ундааны үйлдвэрлэл шахагдаж, зах зээлээ алдсан. Энэ үед бид ундаа үйлдвэрлээд зогсохгүй хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан хүнсний чиглэлийн бүхий л тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байсан учраас эрсдэл харьцангуй бага учирсан даа. 

Манайд хүнсний чиглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг гэдгийг мэддэггүй болоод тэр үү эсвэл хямд, чанартай гэж ойлгон ихэвчлэн импортолдог шүү дээ?

Сүүний үйлдвэрлэл эрчимчиж байгаатай холбогдуулан манай үйлдвэр энэ чиглэлийн олон төхөөрөмж үйлдвэрлэж байлаа. Гэвч тухайн үед хууль тогтоомж алдаатай гарч, үндэсний үйлдвэрлэлийг хохироож, маш багаар үнэлдэг байсан.

2011 онд НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн болон үйлдвэрлэж борлуулсан тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг НӨАТ-аас чөлөөлнө гэж заасан. Энэ нь бидэнд дэмжлэг болсон боловч хуулийг сурталчлан таниулах тал дээр учир дутагдалтай ажилласанаас болсон уу, иргэд Хятад улсаас хямд, чанаргүй төхөөрөмж худалдан авсаар байна. Тэдгээр нь хүнсний үйлдвэрлэлээс хасагдсан металиудыг тоног төхөөрөмжинд ихээр ашигласаар л байна. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын газраас үүнийг шалгах хэрэгтэй.

"Гадаадаас жилдээ 60, 70 тэрбум төгрөгийн төхөөрөмж орж ирдэг"

Ард түмэн дотоодод үйлдвэрлэгдэж буй төхөөрөмж НӨАТ-аас чөлөөлөгддөг гэдгийг сайн мэдэхгүй байна. Бид боломжийн хэрээрээ бүтээгдэхүүнийхээ маркетингт анхаардаг ч төдийлөн үр дүнгүй байна.

Та бүхний үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн борлуулалтыг сайжруулахад юу шаардлагатай байна? 

Манай үйлдвэр сардаа хоёр л тоног төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадалтай. Хөгжүүлэхэд зах зээлийн хувьд ч өргөн биш. Хэрвээ "Аж үйлдвэрийн яам"-наас ЖДҮ-д чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд манай тоног төхөөрөмжийг дотоодод илүү таниулж өгвөл манай үйлдвэрлэл өргөжих бүрэн боломжтой.

Тоног төхөөрөмжүүдээ ямар түүхий эдээр хийдэг вэ?

1977 оноос хойш зэвэрдэггүй ган ашиглан үйлдвэрлэл явуулж буй ууган үйлдвэрүүдийн нэг нь манайх. Зэвэрдэггүй ган нь хүний эрүүл мэндэд хамгийн  тустай. Тиймээс энэ металиар хийсэн төхөөрөмж үнэтэй байдаг. Гангийн хувьд дотроо 30 гаруй төрөл бий. Зах зээлд худалдаалагддаг сав, бүтээгдэхүүнүүд ихэвчлэн никельдсэн хар төмрөөр хийсэн байдаг.

"40 гаруй жил ажилласан туршлагаараа хүний бие, эрүүл ахуйд ямар түүхий эд сөрөг нөлөөгүй вэ гэдгийг маш сайн мэднэ."

Зарим хүнсний төхөөрөмж, ахуйн хэрэглээнд цайрсан төмрийг голчлон хэрэглэж байна. Эдгээр нь эрүүл мэндэд их хортой. Зэвэрдэггүй гангаар хийсэн төхөөрөмжийг танихдаа соронзоор шалгаж болдог. Огт соронзлогдохгүй байвал жинхэнэ зэвэрдэггүй ган гэсэн үг.