Монгол улсын төлбөрийн тэнцэл 172,4 сая ам.долларын алдагдалтай гарав
Монгол улсын төлбөрийн тэнцэл 172,4 сая ам.долларын алдагдалтай гарав
2015.11.16

Монгол улсын төлбөрийн тэнцэл 172,4 сая ам.долларын алдагдалтай гарав

Есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 172.4 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Гэхдээ алдагдлын түвшин өмнөх онтой харьцуулахад хэд дахин буурсан байна. Энэ хугацаанд хувийн хэвшлийн байгууллагууд олон улсын зах зээлээс босгосон бондын санхүүжилтээ эргэн төлсөн нь хөрөнгө санхүүгийн дансны ашиг буурахад нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний худалдаанаас хүлээх алдагдал нэмэгдсэнээр урсгал тэнцлийн алдагдал өсчээ.

Ингэснээр өмнөх сард ашигтай гарсан төлбөрийн тэнцэл есдүгээр сард алдагдлын түвшинд хүрсэн болохыг Монголбанкнаас мэдээллээ. Данс тус бүрээр нь харвал урсгал дансны алдагдал 485.8 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 67 хувиар буурсан байна. Энэ нь Монгол Улс гадаад улс орнуудтай хийж байгаа барааны худалдаанаас олох ашгийн хэмжээ нэг жилийн хугацаанд гурав дахин өсч, үйлчилгээний худалдаанаас хүлээх алдагдал 50 хувиар буурснаар тайлбарлагдаж байгаа юм.

Мөн хөрөнгө оруулагчдын хандлагыг нэг талаараа давхар илтгэж байдаг хөрөнгө, санхүүгийн данс есдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 555.1 сая ам.долларын ашигтай гарлаа. Есдүгээр сард Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчид хувь нийлүүлсэн хөрөнгө болон, орлогын дахин санхүүжилт хэлбэрээр 53.5 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Өмнөх наймдугаар сард хөрөнгийн урсгал гадагшлах чиглэлтэй байснаа есдүгээр сард бага зэрэг нэмэгдсэнээр шууд хөрөнгө оруулалт 150 орчим сая ам.долларын ашигтай гарчээ.