Үндсэн хуульд намын ашиг сонирхол тодорхой хэмжээгээр орж байна
Монголын Консерватив намын дарга, эдийн засагч Н.Дашдаваа
2015.11.20

Үндсэн хуульд намын ашиг сонирхол тодорхой хэмжээгээр орж байна

Энэудаагийн “Ярилцах танхим ”-даа Монголын Консерватив намын дарга, эдийн засагч Н.Дашдавааг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж эхэллээ. Эх хуулийг өөрчлөх цаг болсон эсэхэд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу гэвэл байгаа. Хүн амын хөгжлийг дагаж Үндсэн хууль өөрчлөгдөх ёстой. Харин цаг хугацааны хувьд хэрхэн яаж оруулах, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй оруулах уу гэдэг дээр жаахан давчуу байгаа юм. Ирэх жил сонгуулийн жил таарч байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихгүй. Тэгэхээр он гарахаас өмнө яаран сандран батлах гээд байна. Үнэндээ  зургаахан сарын дотор эх хуульд өөрчлөлт оруулж амжихгүй. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль байдаг. Тэр хуулийн дагуу харахад хугацааны хувьд яагаад ч амжихгүй гэдэг нь харагдаж байгаа. Учир нь үндсэн гурван хэлэлцүүлэг явагдах ёстой. Тэр нь хамгийн багадаа ажлын долоо хоногийн дотор явагдах учиртай. Тэгэхээр ажлын 21 хоног болж байгаа юм. Энэ хоногуудыг задлахаар 30 хүрэхгүй хоногт л хэлэлцүүлэг хийгдэх болоод байна. Хоёр дахь хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явагдах ёстой. Тэгэхээр хугацааны хувьд ямар ч боломжгүй нь харагдаж байгаа юм.

-Хугацаа нь давчуу болохоор Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт  хийж чадахгүй гэж үзэж байна уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард олон нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Яагаад гэвэл Үндсэн хууль бол төр иргэн хоёрын хоорондох гэрээ гэж явдаг шүү дээ. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчих хандлага ажиглагдаад байгаа юм. Цаг хугацааны хувьд хэн санаачлаад, яаж боловсруулаад ирэв, иргэдийн оролцоог хангасан уу үгүй юу гэдэг нь тийм ч тодорхой биш байна.

Тухайлбал, Монгол орны өнцөг булан бүрт байгаа иргэд Үндсэн хуульд ямар өөрчлөлт орох гэж байна, төрийн байгууллагад ямар өөрчлөлт орох  гэж байгаа, эрх мэдлийн хуваарилалт яаж явагдах гэж байгаа  талаар ямар ч ойлголт байхгүй байна. Мөн улс төрийн нам, олон нийтийн байгууллагыг оролцуулж асуудлыг хэлэлцэх ёстой гэж хуульд заасан байдаг. Гэтэл энэ заалт өнөөдрийн байдлаар хангагдаагүй байна. Үүнийг хангах ёстой. Хамгийн гол нь яарахгүйгээр нухацтайгаар өөрчлөх нь хамгийн чухал болоод байна.  

-Гэхдээ  1992 оны Үндсэн хуулийг 76 хоногийн дотор баталж байсан гэдэг юм билээ?

Монголын Консерватив намын дарга, эдийн засагч Н.Дашдаваа

- 1992 оны Үндсэн хуулийг маш олон хүний хэлэлцүүлэгтэйгээр 70 гаруй хоног хэлэлцсэн байдаг. Харин энэ удаагийнх хэлэлцүүлэгтээ ч ороогүй байгаа юм. Тухайн үед  Монголын өнцөг булан бүрээс иргэд оролцож, Ардын их хурал зохион байгуулалтад оруулж хийснээрээ бүх нийтэд ойлголт өгч чадсан. Иргэд Үндсэн хуульд ийм өөрчлөлт орж, Ерөнхийлөгч засаглалын, шүүх  эрх мэдэл, ард түмний эрхийг ингэж зааж  гэсэн итгэл үнэмшилтэй болчихоод тусгаар тогтнолынхоо төлөө санал өгч байлаа. Нэг үгээр хэлбэл бүх нийтээрээ ойлголтод хүрээд одоогийнхоор бол лайк дарж байсан. Үндсэн хуулийн журмын тухай хуулийн тавдугаар зүйлд дур зоргийн шинжтэй байж болохгүй гэсэн заалт байдаг. Гэтэл одоо дур зоргийн шинжтэй үйлдэл ажиглагдаж байна.

-Тодруулбал?

- Парламентад суудалтай таван намын төлөөлөл ажлын хэсэг байгуулаад тэгээд түүнийгээ УИХ-ын хэдэн гишүүнээр өргөн бариуллаа. Гэтэл хуульд аливаа нам, бүлэг, давхаргын ашиг сонирхол орсон байж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл ажлын хэсэгт парламентад суудалтай намууд нэгдсэн байгаа нь нам, бүлгийн ашиг сонирхол байгааг харуулж байна.  Тухайлбал, МАН хугацаа нь амжихгүй гэсэн байр суурьтай байсан бол АН аль болохоор өөрчлөлтийг хийх сонирхолтой байна.

Тэгэхээр намын ашиг сонирхол тодорхой хэмжээгээр орж байгаа биз. Харин давхаргын ашиг сонирхол гэдэгт ард түмэнтэй байгуулсан гэрээ хангагдаж байна уу гэдэг нь асуудал дагуулж байна. Тийм учраас Үндсэн хуулийн журмын тухай хууль болон Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал зөрчигдөх хандлага ажиглагдаж байна.

-Ард нийтийн санал асуулгыг явуулах хуулийн төслийг Байнгын хорооноос дэмжээд УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо. Гэтэл иргэдээс авах санал асуулгыг тийм, үгүй гэсэн хоёрхон заалтаар авна гэсэн яриа гарч байна?

-Ард нийтийн санал асуулгыг явуулах процедур сонгууль шиг явагдах ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд иргэн саналаа өөрийн биеэр ирээд шууд нууцаар өгнө гэсэн заалт байдаг.  Гэтэл өнөөдөр бидний авсан мэдээгээр иргэний саналыг мессэжээр авчих юм шиг юм яриад байна. Тэгэхээр мессэжээр санал авах нь нууцын төрөлд орох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

Жишээ нь Н.Дашдаваа гэдэг хүн санал өгөхдөө дэмжиж үү, дэмжээгүй байна уу гэдгийг мэдчих боломжтой. Янз бүрийн сүлжээгээр халдаад үзэхээр би нууцаар санал өгөөгүй болох гээд байгаа юм. Тэгэхээр нууцаар, шууд гэдэг үг алдагдаж байна. Мөн  мессэжээр гэхээр хэн нэгний өмнөөс хэн ч санал өгөх боломжийг бүрдүүлж байна. Тиймээс энэ нь хүний сонгох эрх чөлөөнд халдаж байгаа юм.  

-Зарим гишүүдийн зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд парламентад суудалгүй намуудын дуу хоолойг заавал сонсох шаардлагагүй. Ард түмнээ төлөөлж парламентад гарч ирсэн намууд шийдэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байсан?

-Хамгийн гол нь хуулиа баримтлах хэрэгтэй. Хуульд иргэд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын саналыг тусгах ёстой гэсэн заалт байгаа. Парламентад суудалгүй намуудын зүгээс удаа дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орох саналаа  олон удаа тавьсан. Гэсэн хэдий ч оруулаагүй. Парламентад суудалгүй гэж ялгаварлах ёсгүй. Олонх болбол аль ч нам төрийн эрхийг барьж болно гээд Улсын дээд шүүхээс эрхээ авсан институц шүү дээ. Тэгж болохгүй. Яагаад гэвэл улс төрийн нам гэдэг бол өөрийн үзэл баримтлал, зарчим, бодлоготой байдаг.

Бид УИХ-ын гишүүн Л.Цог гуайтай очиж мэдээлэл авдаг байсан. Уг нь үндэсний зөвшилцөл хийж улс төрийн нам, иргэдийн дуу хоолойг сонсох хэрэгтэй. Гэтэл парламентад суудалтай намууд нь Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг байгуулж байгаа  нь дур зоргийн шинжтэй, аливаа нам бүлэг, давхаргын ашиг сонирхлыг хамгаалсан байх хардлагатай, хуйвалдааны зарчмаар хийгдэж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр энэ бүхэн үндэсний зөвшилцлийн эсрэг байгаа биз. Ард түмэн,  парламентад суудалтай намууд, олон нийтийн байгууллагууд нь ямар өөрчлөлт хийх гэж байгааг ойлгоогүй байгаа нь харамсалтай.

-Үндсэн хуулийг энэ парламент хийж амжихгүй гэж байна. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхгүй бол дараагийн дөрвөн жилд дахиад л улс төрийн талцал, хэрүүл зөрчилдөөн үргэлжлэхгүй юу?

-  Яг үнэндээ улс төрийн хямрал, талцал Үндсэн хуулиас болоод байгаа юм биш. Үндсэн хууль өөрчлөгдөх ёстой ч цаг хугацааны хувьд давчуу байгаа нь алдаа болно. Эрх барьж байгаа улс төрийн намуудын гаргасан суурь алдааг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Үндсэн хуулийг өөрчилчихвөл бүх зүйл сайхан болчих юм шиг төөрөгдөл ард түмний дунд төрүүлж байгаа нь харамсалтай юм. Үндсэн хууль өөрчлөгдлөө гээд бүх зүйл сайхан болчихгүй. Гэхдээ засаг төрийн, эрх мэдлийн тэнцвэрийг тэгшитгэхийн тулд зөв зүйтэй хийж болно.

Манайх улс төрийн намдаа, улс төрийн бүлэглэлүүддээ болоод ашиг сонирхлоороо нэгдсэндээ асуудал байгаа юм биш. Намууд нь үзэл баримтлал, бодлогоо барьж явдаггүй, нэг нэгнийхээ бодлого дор унадаг учраас сууриараа макро эдийн засгийн хямралд өртсөн байгаа юм. Үндсэн хуулиас шалтгаалаад хямраад байгаа юм биш. Одоо өөрчлөх гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд эдийн засгийн асуудал байхгүй байгаа. Гэтэл эдийн засаг сайжрах юм шиг иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд байна. Үнэндээ намын бодлого, эрх барьж байгаа нөхөдүүдийн  алдаа дутагдал, үйлдлээс болж засаглалын хямрал өрнөж байгаа юм.

-Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтүүдийг танай намын зүгээс юу гэж дүгнэж байна вэ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, УИХ-аас сонгодог болгох зэрэг өөрчлөлтийг хэр дэмжиж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах заалтын эсрэг байр суурьтай байгаа. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэхийг хасах, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг санал болгодог байсныг болиулах, УИХ-аас сонгодог болгох гэсэн байна лээ. Ингэж болохгүй. Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг хангагч. Гэтэл ард түмэн сонгохгүй байя гэдэг заалт буруу. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг 120 хүн л сонгох болчихоод байгаа юм.  Яригдаад байгаа УИХ-ын 99 гишүүн дээр нэмэгдээд гурван хотын дарга, аймгуудын ИТХ-ын дарга гээд 100 гаруй хүн л Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох нь. Ингэж болохгүй.

Ард түмэн сонгох ёстой. Мөн төрийн тэргүүн гэж явж байгаа хүн Үндэсний аюулгүй байдлыг толгойлох ёстой. Бодлогын том зарчмын асуудлуудыг гардаж хийдэггүй юм аа гэхэд толгойлж, тэргүүлэх хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэзээ ч Үндсэн хуулийн дээр байдаг Үндсэн хуулийн Цэцийн даргад санал болгож болохгүй. Иймэрхүү Монгол түмний язгуур эрх ашигтай уялдаж байгаа зүйлүүдийг хасаж танаж болохгүй. Хэдийгээр эрхийг нь танаж байгаа ч гэсэн ард түмнээсээ заавал сонгогдох ёстой. Бид олон тэрбум, сая хүнээс биш гуравхан сая хүний сая гаруйхнаас нь санал авч Ерөнхийлөгчөө сонгоно шүү дээ.

-Засгийн газрын яамдын нэрийг Үндсэн хуулиар зааж өгч хуульчлахаар яригдаж байгаа. Энэ нь хэр зөв зүйтэй шийдэл бол?

-Яамдыг хуульчлах гэж байгаа асуудлыг мөн дэмжихгүй байгаа. Дэлхий нийтэд чиглэлийн долоон яам байдаг. Манай намын мөрийн хөтөлбөрт ч Монгол Улсад долоон яамыг бүрдүүлж, хүчтэй цомхон төрийг бий болгоно гэсэн байдаг. Тэгэхээр заавал ингэж хуульчлах хэрэггүй санагдаж байна.

Тухайлбал, бид долоон яамтай ажилламаар байхад чинь заавал есөн яам гээд хоёр яам илүү ажиллуулах хэрэг байгаа юм уу. Тухайн эрх барьж байгаа намууд гарснаараа ямар бодлого хэрэгжүүлэх вэ, улс төрийн цаг үе, дэлхийн чиг хандлага ямар байна гэдгээсээ хамаараад гүйцэтгэх засаглалаа гаргах ёстой. Энэ эрх нь нээлттэй байх хэрэгтэй гэж бодож байна.

-Улс төрийн тулгамдсан асуудлын нэг бол Сонгуулийн тухай хууль. Өнөөдөр гэхэд дөрвөн ч Сонгуулийн хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Таны хувьд Үндэсний зөвшилцлийн хүрээнд байгуулагдсан Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн. Энэ хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-2012 оны Сонгуулийн тухай хуулийг их чамбай сайн хууль болсон гэж боддог. Хамгийн гол нь хар машинаар санал авах ёстой бол давхар гараар тоолох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Тэгвэл гомдол гарахгүй шүү дээ. Хөндлөнгийн хяналтаа л сайн тавих ёстой. Харин хугацааны хувьд шахаанд оруулах гэж байгаа юм шиг байх юм. Сонгууль зарлаад л 25-35 хоногийн хооронд  намууд бужигнаад л хугацаа нь боллоо гээд л тал тал тийшээ гүйдэг. Тэр хугацааг жаахан сунгамаар байна.

Юу нь болохгүй байгаа юм бэ. Зарим гадаадын улс оронд сонгууль зарлаад жил, хагас жил болдог. Тэр хугацаанд хэрэгжүүлэх гэж байгаа мөрийн хөтөлбөр, бодлогоо дорвитой сайн хийж, түүнтэй нь ард түмэн сайн танилцаад сонголтоо хийх боломжийг өгч байгаа юм. Гэтэл манай сонгуулийн хугацаа мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, ойлгуулах ч хугацаа болдоггүй. 21 аймаг, есөн дүүргээр ороход багаар бодоход л 30 гаруй хоног болно биз дээ. Уг нь бүх сумдаар ормоор байна.

Яаж амжих юм бэ. Хэрвээ мөрийн хөтөлбөрөө  ард түмэндээ танилцуулах боломж, хугацаа олговол улс төрийн ижил гарааны нөхцөлийг бий болгоно. Тэгээд л шахуу хугацаа тавьчихаад л иргэдийг саналаа өгөөрэй, мөнгө өгье гээд сонгуулийг худалдаж авах хэрэггүй. Энэ чинь ард түмэндээ сонгох сонголтыг өгөхгүй, тулгах байдлаар санал өгүүлж байгаа хэлбэр.  Иргэд ард олонд мөрийн хөтөлбөртэй гүйцэд танилцаж, нэр дэвшигчийг судалж, харьцуулах боломж олгох хэрэгтэй. Сонгууль явуулах хугацаа дор хаяж хоёр сар байх ёстой.