Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшдэг гишүүдийн нэрийг зарлана
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.11.26

Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшдэг гишүүдийн нэрийг зарлана

Өргөдлийн байнгын хороогоор Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Энэ талаар тус байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Н.Батцэрэг сайд Тосон бумбын нурууг хамгаалалтад авах талаар мэдээлэл өгөх байсан ч хуралдаан хойшиллоо. Юунаас болов?

-Өргөдлийн байнгын хороо 16 гишүүнтэй. Харамсалтай нь  таван гишүүнээс бусад нь ирсэнгүй. Ихэвчлэн бид даагч болон АН-ын гишүүд хуралдаа суугаагүй. Яагаад эдгээр гишүүд ирэхгүй байна вэ гэхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байгаа Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах газар дээр 21 лиценз байгаа юм. Ашиглалтын цөөхөн лиценз. Ихэнх нь хайгуулын тэрдундаа байгалийн нөхөн сэргээлт хийх боломжгүй нүүрсний лиценз байгаа. Ирвэс хамгаалах сангийнхны зүгээс уул уурхайн компани газар нутагт нь үйл ажиллагаа явуулж эхэлснээр ирвэсний тоо эрс багассан гэсэн мэдээллийг өгч байгаа.

Тэгэхээр дэлхийд нэн ховордсон ирвэсийг хамгаалах шаардлагатай болж байна. Тосон бумбын нурууг хамгаалах асуудлыг энэ оны нэгдүгээр сард Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж эхэлснээсээ хойш үе үеийн сайд нарт тавьж ирсэн. С.Оюун, Д.Оюунхорол, С.Баярцогт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьж ирсэн. Ер нь дэлхийн байгаль хамгаалах сангийн болон олон улсын конвенцид хүлээсэн үүрэг гэж бий. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тусгай хэрэгцээнд авах ёстой.

-Ирвэс хамгаалагч залуу амиа алдсан. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Манайд ирсэн мэдээллээр бол ирвэс хамгаалагч залуу өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан гэсэн. Үүнийг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл тогтоохгүй байгаа нь буруу. Хамгийн сүүлийнх биш юмаа гэхэд ядаж өмнөх халдлагад өртсөнийг нь тогтоож олон нийтэд мэдээлэх ёстой.

-Ирвэсний өлгий нутаг Тосон бумбын нурууг ирэх даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо?

-БОНХАЖ-ын сайд нь мэдээлэл хийхдээ энэ сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж байна. Хэрэв 30-нд оруулахгүй бол дараа дараагийн шатанд нь шахалт үзүүлнэ. Өнөөдөр Гурвантэс сумын 1159 иргэний өргөдөл, гомдол энд яригдаж байна. Хэнээс юунаас болоод асуудлыг шийдвэрлэхгүй байгааг  эдгээр иргэд болон олон нийтэд албан ёсоор зарлана . Хуралдаа ирэхгүй АН өнөөдөр ийм л арчаагүй нам байна. Харамсалтай нь Тосон бумбын нурууг хамгаалах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах болохоор санал гаргаад санаатай, санамсаргүй  оруулж ирдэггүй. Оруулах үүрэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад байдаг. 

-Юунаас болоод асуудал шийдэгдэхгүй  байгааг зарлана гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Тост, Тосон бумбын нурууны эргэн тойронд 21 лиценз бий. Тэр дунд хэд хэдэн их хурлын гишүүдийн лиценз байгаа. Тиймээс  нөлөөлөл ороод байна.

-Нэрийг нь хэлж болох уу?

-Одоохондоо хэлээд яахав.

-Тосон уулыг хамгаалах асуудал эртнээс яригдаж байсан. Тусгай хамгаалалтад авах бэлтгэл ямар шатандаа байгаа вэ?

-Уг нь аль хоёрдугаар сард 36 тоот тогтоолоор энэ газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын  тусгай хамгаалалтад авах бэлтгэл ажил хангагдаад дууссан байгаа. Миний хувьд Тосон бумбын нурууг хамгаалах асуудлаар 14 удаа оролдлого хийсэн. Хуулиараа зайлшгүй хамгаалах ёстой ажил хамгаалалтад авна гэж амладаг юм. Гэвч гишүүд дунд нь нөлөөлөөд Засгийн газрын хуралдаан дээр хэвийн явж байсан ажлыг зарчмын зөрөөтэй саналаар судална гэж аваад оруулдаггүй юм.