МАН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.11.30

МАН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Хөгжлийн банк тойрсон асуудлыг хэлэлцэн, хууль хяналтын байгууллагад хандахаар шийджээ. Мөн УИХ-ын 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд бүлэг хүлээн авахгүй байх шийдэлд хүрсэн аж.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн хавар Чингис бонд, Самурай бондын зарцуулалтын үр дүнг нягтлах ажлын хэсгийг байгуулж ажилласан юм. Ажлын хэсгийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар сонсох байсан ч хойшилсон. Үүний дараа дээрх ажлын хэсэг мэдээлэл хийж, бондоос 5.4 сая ам.доллар дутсан тухай мэдээлсэн.

Эл мэдээллийг хийсний дараа Чингис, Самурай бондоос МАН-ын гишүүд хамгийн их санхүүжилт авч, компаниудаа тэжээсэн гэх мэдээлэл цацагдсан нь ташаа болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдэгдлээ.

-МАН-аас хэчнээн гишүүн энэ асуудалд холбогдоод байна вэ. Гаргаад тавьчих баримт юу байна вэ?

С.Бямбацогт: МАН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөг аваагүй. Мэдээлээд байгаа нь тусдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, компаниуд. Төрд хийсэн ажлынхаа санхүүжилтийг хууль зөрчихгүйгээр авсан. МАН-ын бүлэг Чингис бондыг зөв зүйлд зориулалтынх нь дагуу зарцуул, зарим зүйлүүд чинь буруу болж байгаа юм биш биз гэсэн шаардлага тавьж ирсэн, цаашдаа ч тавина. Бондыг монголын ард түмэн төлнө. Хэрвээ МАН-ын гишүүдийн хувьцааг нь эзэмшдэг компаниуд бондын санхүүжилтийг үр ашиг муутай зарцуулж байгаа бол хариуцлагыг нь өөрсдөө л үүрнэ. Энд битгий хариуцлага хүлээлгэ гэдэг асуудал байхгүй.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй болсон шалтгаанаа тодруулахгүй юу?

-Үндсэн хуулийн цэцийн Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гээд гаргасан дүгнэлтийг УИХ хүлээгээд авчихсан. Хүлээж авсан үндэслэл нь Давж заалдах шатны шүүхийг бүсчилж байгуулж байгаа нь буруу байна, ард иргэдэд төвөг хүндрэл учруулж байна, Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна гэдэг дүгнэлт гаргасан. Тэр шийдвэрийг МАН-ын бүлэг ч хүлээгээд авчихсан. Харин Ерөнхийлөгч энэ асуудалд хориг тавилаа. Нэгэнтээ бүлэг шийдвэрээ гаргачихсан учраас байнгын хороо, чуулганаар асуудал хэлэлцэгдэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй.

-Бондын зарцуулалтыг та бүхэн хуулийн дагуу зарцуулагдаагүй гэж үзээд байгаа юм уу?

-Чингис бонд, Самурай бондыг эргэж төлөх учраас үр ашигтай зүйлд зарцуулах ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид тодорхой бичсэн. Импортыг орлох, экспортыг дэмжих, өндөр үр ашигтай төсөлд бондын зээлийг олоод төлөөд явах шаардлага тавьсан. Эхнээсээ энэ шаардлага биелээгүй. Үр өгөөж нь хэдэн арван жилээр орж ирэхгүй байх төсөлд зарцуулсан нь буруу. Авто зам, төмөр зам, эрчим хүчний төслийг санхүүжүүлэхээр заасан байсан ч энэ шаардлага хангагдахаа больсон, бүхий л төслийг санхүүжүүлдэг болсон.

-Тэтгэврийн зээлийн хүүг 2-3 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж сайд С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Та бүхэн хэдэн хувиар бууруулах боломжтой гэж тооцсон бэ?

Н.Номтойбаяр: Төрийн банктай ажил хэргийн уулзалт хийж, Х.Батсайхан захирлаас албан бичиг хүлээж авсан. Өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны 8 банкинд дунджаар 10.7 хувийн хүүтэй байршуулж байгаа. Төрийн банкинд ямар асуулга тавьсан бэ гэхээр хадгалуулж байгаа чөлөөт үлдэгдлийн 10.7 хувийн хүүг хэвээр хадгалъя, дээрээс нь нэмээд НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг нэмж  байршуулъя.

Банкны тухай хуулийн 9.1-ийг удирдлага болгоод харилцах хүүгээ тохиролцох замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зарчмыг дэмжих үү гэхэд “Дэмжинэ” гэсэн. Үйл ажиллагааны зардал, эрсдэл, ашиг энэ бүхнээ тооцоод 4.8 хувьд багтаая гэдэг хариуг өгсөн. Одоогоор тэтгэврийн зээлийн хүү 18 хувь, энэ нь 3 хувиар буурчих боломжтой. Албан бусаар бусад банкуудтай ярилцаж үзэхэд 10 хувиар НДС-ын чөлөөт үлдэгдлийг байршуулахад 2.7 хувийн хүүгээр тэтгэврийн болон цалингийн зээлийг олгоё гэж байгаа.