Улсын тэмдэгтийн хураамж өөрчлөгдөхгүй
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй. Энэ үеэр хэн, юу хэлснийг хүргэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
-Дарсны онцгой албан татварыг шийдээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн шүү дээ. Яагаад дахиад оруулж ирээд байгаа юм бэ? Архи, дарсны онцгой албан татварыг бууруулах шаардлага байна уу. Үүнийг чинь бууруулчихаар сургууль, цэцэрлэгийн төсөв байхгүй болохоос гадна энэ төсөв чинь улам л дордох юм биш үү?
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
-Онцгой албан татварын тухай хуулийг үнэ тарифын хэмжээнээс хамаараад болохгүй байна гээд УИХ-аар хэлэлцүүлээд Засгийн газар буцаан татаж авсан шүү дээ. Онцгой албан татварын орлого 3,9 тэрбум төгрөгөөр буурна. Гэхдээ Гаалийн албан татварыг нэмэгдүүлснээр төсвийн орлого 3,9 тэрбумаар нэмэгдэнэ. Нийт тэнцэл нь 53 сая төгрөгийн ашигтай гарч байгаа учраас мэдээллээ бид цэгцлэх ёстой. Таны ярьснаар бол архийг чөлөөлснөөр төсөв орлогогүй болоод, сургууль цэцэрлэгээ барихгүй хэмжээнд очих аюул байхгүй гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт
-Би андуураагүй бол импортын онцгой албан татвар, дотоодын онцгой татварыг ижилсүүлэх шаардлагыг япончуудын зүгээс тавьсан. Үүний дагуу хийгдэж байгаа ажил гэж би ойлгож байна. Харин гуя дагаж хүзүү гэдэгчилэн тэмдэгтийн хураамжийг болих хэрэгтэй. Одоо аж ахуй нэгжүүдэд дарамт учруулах шаардлага байхгүй. Тиймээс энэ төслийг дэмжих боломж байхгүй. Харин онцгой албан татвар, импортын барааны гаалийн албан татвар хоёрыг хэлэлцэх эсэхийг дэмжих санал гаргаж байна гэсэн юм.
Ийнхүү Д.Батцогт гишүүний гаргасан санал дэмжигдэж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй. Харин бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.