Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.12.02/ хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын Л.Цог, Г.Уянга, Су.Батболд, Ж.Батзандан нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Л.Цог, Ж.Батзандан нар санал авах өдөр 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн санал асуулгад оролцож саналаа өгөх эрхтэй байхаар хуулийн төслийн холбогдох заалтыг өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Гадаад оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэд санал асуулгад оролцох энэхүү зохицуулалттай уялдуулан санал авах ажлыг зохион байгуулах хугацааг 30 хүртэл хоногийн дотор гэж өөрчлөн найруулахаар болов.
Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Л.Цог нар гадаад оронд байгаа иргэдийн саналыг авах ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулах санал гаргасан нь дэмжигдлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Л.Цог нар хуулийн төсөл дэх хугацаа заасан заалтуудтай холбоотой хэсгийг хасах санал гаргасан нь олонхын дэмжлэг авч чадсангүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хуулийн төсөлд ард нийтийн санал асуулгыг 5-аас доошгүй асуудлаар явуулах санал гаргасан боловч энэ нь хуулийн төсөлд хөндөгдөөгүй асуудал гэсэн үндэслэлээгр санал хураалгах боломжгүй гэж үзсэн юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байсаар байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулиар улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тодорхойгүй үлдсэн учраас сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Ерөнхийлөгчийн зөвлөх илтгэлдээ дурдав.
Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтандгаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан бол улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг нь 2, эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.
Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж, хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Ж.Батзандан, Х.Тэмүүжин нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуулт асууж тодруулан, хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Су.Батболд, Ж.Батзандан, Х.Тэмүүжин, О.Содбилэг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүдийн ихэнх нь бүх шатанд хариуцлагын асуудал чухалчлагдаж байгаа ийм үед хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байна, гэхдээ энэ хэлбэрээр гаргах нь хэр оновчтойг бодолцох үзэх нь зөв. Иймээс хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын томоохон хэсэг гаргаж өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хэрэгжих арга, хэлбэрийг сайтар тунгаах нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.