Таван намын нэгдэл хамтын бүтээл байсан
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэтэй ярилцлаа.
-Таван нам нэгдэн АН-ыг байгуулж байсан ойн өдөр өчигдөр (уржигдар) тохиолоо. Амралтын өдөр таараад нам гүмхэн өнгөрчихөв үү дээ.
-Чимээгүй өнгөрүүлж болохгүй үйл явдал л даа.
-Арван таван жилийн өмнө нэгдэж байсан таван намын нэгийнх нь дарга та байсан байх аа?
-Тийм, тэр үед би Монголын Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд тухайн үеийн ардчилсан хүчний гол ачааг үүрч явсан таван нам нийлж Монголын Ардчилсан намыг байгуулах тухай түүхэн шийдвэр гаргасан. Тухайн үед намын нэр, лого, туг гээд намыг илэрхийлдэг гол гол зүйлүүд нэлээд маргаантай байсан. Ялангуяа намын нэр дээр маргаан их гарч байлаа.
Бүгд л өөр өөрийн намын нэрийг авч үлдэхийг хүссэн. Тухайн үеийн Монголын Ардчилсан Намын Ерөнхий зөвлөлийн хурлаас ямар шийдвэр гарсан бэ гэхээр, “Хэрвээ бусад намтай нэгдвэл зөвхөн Монголын Ардчилсан Нам гэдэг нэрийг авах нөхцөлтэйгөөр нэгдэнэ” гэсэн. Би тэр шийдвэрээ л хамгаалсан. Нөгөө нэгдэж байгаа намын дарга нар ч өөр өөр, янз бүрийн аргумент гаргаж ярьж байсан. Монголын Ардчилсан Нам гэдэг нэрийг авах үндсэн давуу нөхцөл байсан. Тэр нь юу вэ гэхээр МоАН бол 1990 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан нам. Олон намын тогтолцоог бий болгоход салхийг нь хагалсан, хамгийн анх байгуулагдсан нам байв. Гэх мэтчилэн давуу тал олон байсан. Тэгээд энэ нэрийг авч өнөөгийн АН-ын суурийг тавьж байсан түүхтэй.
-Тэр үед ардчилсан хүчнийхэн УИХ-д ганцхан суудал авсан байл уу?
-Ардчилсан хүчин бүхлээрээ ялагдчихсан, Дундговиос ганцхан Наранцацралт маань л сонгогдсон байсан. Тийм нөхцөл байдалд ардчиллын бүх зүйл байхгүй болох, арчигдах аюул бий болсон байв. 1990 оны ардчиллаа яаж авч үлдэх вэ, яаж үнэт зүйлээ хамгаалж үлдэх вэ гэдэг туйлын чухал байсан. Тэр зорилго л таван намыг нэгтгэж байлаа.
-Таван нам нэгдэж байгаа юм чинь бүгд л өөр өөрийн эрх ашигтай байсан байх даа. Танай нам нэрээ авч үлдэж, бусад дөрөв нь ямар нөхцөл тавьж байв?
-Ерөнхийдөө намын үзэл баримтлал дээр өөр өөрийн үзэл баримтлалаараа оролцсон. Маш сайн бичиг баримт, дүрэм журмыг тухайн үед хийсэн л гэж харж байгаа. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл тухайн үед хийсэн зүйл үнэ цэнээ алдаагүй байна. Бэлгэ тэмдпшн хувьд тухайн үеийн МҮАН-ын туг өнөөдрийн АН-ын туг болоод явж байна. Дугуй дотор гурван гурвалжин байдаг даа. Тэр Социал демократ намын бэлгэ тэмдэг байсан. Үүнийг АН-ын символ болгосон. Нам намын бэлгэ тэмдэг болгож байсан зүйлүүдийг нэгтгэж АН-ын бэлгэ тэмдэг болгож байсан. Хамгийн гол нь сууриа тавьчихсан, хөлөө олчихсон байсан ардчиллын үнэт зүйлүүдийг хамгаалах л зорилготой байсан юм.
Ардчилсан хүчнүүдийн ялагдал нэг талдаа нэгдэхэд нь, нягтрахад нь сайн нөлөө үзүүлжээ. Гэхдээ ганцхан өдөр энэ бүхнийг шийдчихээгүй байх. Санаачилга аль зүгээс гарч байсан юм бэ?
-Тухайн үеийн ардчиллын төлөө намуудын удирдлагууд л санаачлан хэрэгжүүлсэн л дээ. МоАН-ын дарга би, Сэргэн мандлын намын дарга Д.Бямбасүрэн гуай, МШАН-ын дарга нь Ц.Баярсүрэн байв. МҮАН-ын дарга нь Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж байлаа. Манай намын удирдлагууд жишээ нь нэгдэх үйл ажиллагааг зохион байгуулахад нэлээд үүрэг рольтой оролцсон. Тийм том ажлыг гэхдээ гол хүн, эсвэл нэг хэсэг хүн хийхгүй шүү дээ. Хамтын хүчээр л хийнэ. Таван намын нэгдэл хамтын бүтээл байсан гэдгийг зориуд онцолж хэлье.
-15 жилийн ойн өдрүүдийн бас нэгэн онцлох үйл явдал таван намын нэгдэж байгуулсан АН дахиад нэг намыг нэгтгэж магадгүй тухай яриа байлаа. Нэгдэл гэдэг нэг талаар зөв ч, эргээд фракцуудад хуваалцахын эхлэл байдаг мэт санагддаг. Яг уусч, нэгдэж нэг хүрээлэлд, нэг малгайн доор алхаж чаддаг уу?
-Иргэдийн дунд ч тэр, дэмжигчдийн хувьд ч тэр олон талцал хуваалцлыг аль болох байлгахгүй байх, нэгдсэн гол зорилгын зүг дэмжиж байгаа масс хүчээ нэгтгэх олон давуу талууд бий л дээ. Эцэстээ нийтийн нэг зорилго нь ардчилсан үнэт зүйлүүдийг хадгалах, түүний үр дүнг улам сайн болгох л зорилго шүү дээ. Тэрнээс аль нэг эрх ашгийн нэгдлийг илүүд тавих асуудал чухал биш. Аливаа эв нэгдэл гэдэг сайн зүйл л авчирдаг. Нэгдээд муудсан жишээ байна уу. Байхгүй шүү дээ. Хуваалцал, сарнил, хагарал дандаа муу үр дагавар авчирдаг. Цаашдаа ч нэгдэх хэрэгтэй гэж би боддог. Цөөн хүн амтай манайх шиг улсад олон жижиг нам болон хуваагдаад байх нь ашиггүй. Бодлого тодорхойлдог гол хоёр улс төрийн хүчин байх нь эрүүл саруул нөхцлийн үндэс суурь болно. Хоёр нам нь эрүүл саруулаар өрсөлддөг, яллаа гэхэд нэг нэгээсээ өс хонзон авдаг биш, бодлогоороо ялгардаг байвал улс орон хөгжинө гэж харж байгаа. Тэр утгаараа олон намд хуваагдсан хуваагдлуудыг зонхилж байгаа тэр талдаа нэгтгээд явах нь өөрөө үр дүнтэй.
-Таван намын нэгдлийн ойн өдөр МҮАН-ын дарга байсан Р.Амаржаргал гишүүн захидал бичсэн байна лээ. Та түүнийг уншив уу?
-Уншсаан.
-АН-ыг татан буулгая, хэдхэн хүний хувийн компани шиг боллоо гэсэн байна лээ. Мэдээж түүний хүсч хийсэн нэгдэл нь энэ биш байжээ гэдгээ үүгээрээ илэрхийлсэн болов уу?
-Хэн ч бухимдпаа, эсвэл санаа оноогоо илэрхийлж болно. Түүнийг болохгүй талаас нь харах хэрэггүй. Би Амаржаргал гишүүнийг сайн мэднэ . Хүнийх нь хувьд сайн мэднэ. Яг өөрийнх нь дуу хоолой мөн үү, биш үү гэдгийг хараад шууд хэлж чадна.
-Мөн байсан уу, тэгээд?
-Өөрийнх нь дуугардаг стиль бол мөн. Г эхдээ тэгж дуугаръя гэж бодоогүй байх гэж би бодож байна. Өөрийнх нь санаснаар, бодсоноор аливаа процесс явахгүй байгаад бухимдалтайгаар дотоод сэтгэлээ илэрхийлсэн юм болов уу л гэж харсан. Түүнээс биш энэ намын дарга байсан, намаас Ерөнхий сайд байсан хүн намаа тарчихаасай, алга болчихоосой гэж бодохгүй шүү дээ. Сайн сайхан үр дүнд хүрээсэй гэснийгээ л бухимдалтайгаар илэрхийлсэн байх.