Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намууд байр сууриа илэрхийллээ
Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намууд ийм байр суурь илэрхийллээ
2015.12.14

Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намууд байр сууриа илэрхийллээ

Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулж буй Улс төрийн намын тухай хуулийн төслөөр улс төрийн намуудын төлөөллийн дунд Иргэний танхимд хэлэлцүүлэг хийсэн. Мөн энэ хэлэлцүүлгийн дараа УИХ-д суудалтай болон суудалгүй найман намын төлөөлөл эсрэг байр суурь илэрхийлсэн юм.

Манай сонин энэ удаад Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын төлөөллөөс Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаарх байр суурийг авлаа. Тэд нам байгуулах хүний тоо, намд элсэх нас, намуудыг бүртгэх, татан буулгах эрх бүхий байгууллага, хариуцлагын талаар голдуу ярилаа. Уг хуулийн төсөлд 31 хүн хамтарч нам байгуулах эрхтэй болох, 16 нас хүрсэн хүн намд элсэх, улс төрийн намуудыг бүртгэх, татан буулгах эрх бүхий байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо байх, тухайн намын гишүүн гурван удаа ёс зүйн алдаа гаргавал намыг нь татан буулгах зэрэг заалт тусгаад байгаа юм.

z1

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр:

-Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуульд намуудад сонгуульд нийт ард түмнээс авсан саналынх нь хувь хэмжээнд дүйцүүлж улсаас төсөв олгодог байхаар тусгасан нь авууштай санал болсон. Мөн намуудын санхүүжилтийг ил тод болгож, зохион байгуулалт, хэлбэр, бүтэц удирдлагыг нэг жишиг рүү оруулах санаанууд оруулсныг нь дэмжиж байгаа. Харин 31 хүн нийлээд нам байгуулах тухайд намуудын саналыг авах нь зүйтэй. Хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудыг татан буулгах эрхтэй гэснийг дахин ярилцах ёстой. Үүнтэй санал нэгдэхгүй байгаа. Хэн нэгэн намд ашигтай байна гэдэг талаас нь харахаас илүүтэй улс төрийн намыг зөв чиг гольдрол руу оруулахын тулд энэ хууль зайлшгүй хийгдэх ёстой. Манай намд санал нийлэхгүй зүйл байгаа ч ерөнхий чиг хандлагын хувьд санал нийлэхээс өөр аргагүй. Олон намтай байна гэдэг цаад утгаараа чанартай цөөн нам шалгарч үлдэх нөхцлийг нь бүрдүүлж байна гэсэн үг.

z2

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

-Улс төрийн намыг байгуулах босгыг одоогийн хуулиар 801 хүнээр тогтоосон байдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд 31 хүн нам байгуулж болохоор заалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, нэг ангийн хүүхдүүд нам байгуулах боломжтой болох нь. Монгол Улсад 24 нам ихдэж байна гэж ярьдаг. Гэтэл насанд хүрсэн хүнийхээ тоонд хуваавал 200-800 нам байгуулах боломж Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөлд оржээ. Санхүүгийн тайландаа гурван удаа алдаа гаргавал мөн татан буулгах заалт оруулсан байна. Үндсэн хуультай зөрчилдсөн олон заалт оржээ. Тухайлбал, 16 насанд хүрвэл намын гишүүн байж болно гэжээ. Гэтэл Үндсэн хуульд зааснаар 18 настай хүн сонгуульд саналаа өгөх эрхтэй. Улс төрийн нам фракцгүй болно, улс төрийн маргаан, зөрчлөө дотооддоо шийднэ гэсэн заалт орсон байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл улс төрийн зөрчил, маргаанаа дотооддоо шийдэж чадахгүй байгаа намд зориулагджээ.

z3

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж:

-Монгол Улс ямар дэглэм рүү яваад байгаа юм, Ерөнхийлөгч болон түүний Тамгын газар юу бодоод байгаа юм гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Бид чинь иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөл Үндсэн хуулийн үзэл баримтлал, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна. Улс төрийн намын асуудал болгоныг хуульчлах, үйл ажиллагааг нь төрийн хяналтад бүрэн оруулах, аливаа намыг эрх баригч хүчнээс шууд хамааралтай болгох заалт оруулжээ. Нөгөө талаас бүхий л асуудлыг СЕХ-нд төвлөрүүлэхээр оруулж байгаа нь аймшигтай. Улсын Дээд шүүхэд намуудыг бүртгэж хяналт тавьдаг нь олон улсын жишиг юм. Монгол Улсын эв нэгдлийг хангах, Үндсэн хуулийг сахих үүрэг хүлээсэн Ерөнхийлөгчийн зүгээс ийм хуулийн төсөл оруулж ирсэнд туйлын харамсаж байна. Ийм хуулийн төслийг хэлэлцэх ямар ч боломжгүй.

z4

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:

 -Манай нам Улс төрийн намын тухай хуультай холбогдуулан намгүй сум, дүүрэг гэсэн хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлж байгаа. Нам байгуулах хүний тоо 31 гэвэл нам дотроос нам үүсэх нь. Дээд сургуулийн нэг ангийн хэдэн хүүхэд нийлээд нам байгуулчих бололцоотой болно. Бид улс төрийн намуудыг яаж төлөвшүүлэх вэ гэж ярьж байгаа энэ үед ийм байж болохгүй. Илүү хариуцлагатай болгоё гэж  хэлэлцүүлгийн үеэр бусад намын төлөөлөл ярилцсан. Яг ийм заалтаар явахгүй байлгүй дээ. Нэлээд өндөр босго тавигдах болов уу. Намын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах нь буруу. Сонгуулийн төв байгууллагынхаа хуулийг харах хэрэгтэй. Одоогоор төр барьж байгаа нам нь Сонгуулийн төв байгууллагыг байгуулж байна. Тус байгууллага намуудыг сонгуульд оролцуулах эсэх бүх зүйлийг шийддэг болчихвол ардчилал гэдэг зүйл үгүй болно.

z5

ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян:

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэх шаардлагатай.  Энэ нь намуудын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэхэд чухал хууль. Өнөөдөр намууд төлөвшөөгүй, хариуцлагагүй, бодлогогүй, үзэл баримтлалгүй явж байгаа нь энэ хуулийг гаргах шалтгаан болж байна. Хэлэлцүүлгийн үед заалтуудыг нь өөрчилж, засах боломжтой. Улс орны чухал асуудлыг намууд хэлэлцэхдээ нийт гишүүнийхээ дунд хэлэлцүүлэг явуулж, анхан шатаар оруулах ёстой. Үе шаттай хэлэлцүүлж байж намын бодлого гарч ирэх ёстой. Гэтэл одоо нэг хүний, нэг компанийн намууд ч байна. Тиймээс намуудыг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад маш сайн Улс төрийн намын тухай хууль хэрэгтэй. Гэхдээ энэ хуулийг дангаар нь биш Сонгуулийн хууль, Үндсэн хуультайгаа уялдаа холбоотой гаргах ёстой. Сонгуулийн хуульд сонгуулийг дөрвөн жил тутам явуулна гэж байхад Үндсэн хуульдаа таван жил болгоно гээд ярьж байна. Гишүүдийн тоог Сонгуулийн хуульд 76 байна гэж байхад Үндсэн хуульд 99 байхаар явж байна. Мөн 801 гишүүнээр нам байгуулна гэж байхад Улс төрийн намын тухай хуульд 3001 гэж заасан байна. Энэ бүхэн хоорондоо нэгдэж өгөхгүй байна. Тиймээс хамтад нь уялдаатай авч хэлэлцэх хэрэгтэй.

z6

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил:

-Уг хуулийн зарим заалт, зарчим агуулгатай санал нийлж байгаа. Бүхэлд нь биш. Намын санхүүжилтийг ил тод болгоно гэж байгаатай санал нийлнэ. Намыг нэг хүний бүтэц, зөвхөн манлайлан удирдагчаас хамааралтай биш нийт гишүүнээс хамааралтай институци байлгана гэж байгаа. Намыг илүү институци байлгах, намууд хоорондоо бодолгоороо өрсөлддөг байх хуулийн заалттай зарчмын хувьд санал нэгдэнэ. Мөн намын дэргэд бодлогын хүрээлэн, санхүүжилт хариуцсан хоёр хэсэг байхаар заасныг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа зүйл заалт ч бий. Тухайлбал, 3001-ээс доош иргэнтэй байвал улс төрийн нам байхыг эсэргүүцсэн заалт байгаа нь ардчиллын зарчимтай нийцэхгүй байна. Улстөржилтийг нийт улс орон даяар багасгах гэсэн оролдлого нь өөрөө эргээд ардчиллын зарчимтай тодорхой хэмжээгээр харшлах зүйл болгон гаргаж болзошгүй.

z7

Хамаг Монгол хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн:

-31 хүн нийлээд нам байгуулж болно гэж заасан нь намуудыг нэр хүндгүй болгох, маш олон нам үүсэх үүд хаалгыг нээж байна. Одоогоор 3001 хүн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдснийг улсын Дээд шүүх шалгаж, хянаад бүртгэж байна. Гэтэл 31 хүн гэдэг ангийн, сумын, сургуулийн нам үүсгэх боломжтой гэсэн үг. Ингэснээр намуудын нэр хүндийг тарамдуулах зорилготой байх. Мөн улс төрийн намууд сонгуульд орох болохоор 3001-ээс доошгүй татвар төлдөг, гишүүд дэмжигчтэй байх ёстой болно. Энэ босгыг 31 хүний байгуулсан нам давах боломжгүй нь тодорхой. Тэгэхээр 31 хүний нам сонгуульд оролцохгүй нь. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо гэдэг АТГ-тай эн тэнцүү байгууллага болж хувирах гэж байна. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо нь эрх баригчид ихэнх хүнийг нь томилдог нэг намын хараат байгууллага болсон байгаа. Гэтэл эрх үүргийг нь маш өндөр болгож байна. Тухайлбал, санхүүгийн хяналт тавьдаг, тайлан тооцоог нь хянадаг. Тайлан тооцоогоо өгөхгүй бол тухайн намыг татан буулгах эрхтэй байгууллага болно гэдэг эрх баригчдын хяналтан дор улс төрийн намууд сонгуульд оролцох эсэх нь бүрэн шийдэгдэхээр байна гэсэн үг.

z8

Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа:

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг одоо байгаа хэлбэрээр нь хүлээж авах боломжгүй. Учир нь Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиуд нь төрийн байгуулалтай холбоотой шийдвэр учраас том тооцоо, судалгаатай байх зайлшгүй шаардлагатай. Ийм судалгаа байгаагүй. Одоогийн хүчин төгөлдөр хууль юугаараа сул талтай байна, хаана нь ямар алдаа дутагдал байна гэдэг нь тодорхой байх ёстой. 31 хүний гарын үсэгтэй нам байгуулж болно гэдэг нь үндэсний аюулгүй байдалд харш юм. Мөн парламент дотор байгаа сөрөг хүчнээ хүлээн зөвшөөрөхгүй, олонхийн шийдвэрээр дарангуйлаад байгаа үед парламентын гадна талд ч зохион байгуулагдсан сөрөг хүчингүй болгох ашиг сонирхол харагдаж байна. Тулгамдсан асуудлаа тодорхой гаргаж ирээгүй. Эрх барьж байгаа, эрх барьж ирсэн хоёр том намын ашиг сонирхол үүнд нуугдаж байна. Мөн заалтууд нь хоорондоо зөрчилдөж байгаа.

z9

Бүгд найрамдах намын нарийн бичгийн дарга Б.Зоригоо:

-Зарчмын зөрүүтэй олон санал бий. 16 нас хүрсэн 31 Монгол Улсын иргэн улс төрийн нам байгуулж болно гэж байгаа. 16 нас гэдэг одоогийн аравдугаар ангиа төгсөөд, ангийн багшаараа удирдуулаад нам байгуулах боломжийг бүрдүүлж байна. Гэтэл Үндсэн хуульд 18 нас хүрч байж сонгуулийн эрх нь нээгддэг. Тиймээс Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна. Аливаа хууль Үндсэн хуулийн хүрээнд байх ёстой. 16 настай хүүхдийн улс төрийн үзэл бодол хэр тогтсон байхыг бодолцох хэрэгтэй. 16 нас хүрсэн 31 хүн нам байгуулах хэмжээнд байвал Монгол Улс насанд хүрэгчдийн тоогоор 50 мянган намтай болно. Гурван сая хүндээ хуваавал 100 мянган намтай болно. Энэ бол дэвшил биш ухралт юм.

z10

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх:

-Энэ хуулийн төсөл манай улсад олон намын системийг хязгаарлаж, дуу хоолойг нь боомилох оролдлого гэж харж байна. Өмнө нь Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй байсан, одоо Сонгуулийн ерөнхий хороонд харьяалагдах нь. Эрх баригч нам СЕХ-ны удирдлагыг томилдог. Тэгэхээр улс төрийн намуудын дарга нарыг эрх баригч намын дарга удирдах нь. Хуулийн төслийг бүхэлд нь буцаахыг хүсч байна.

z11

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Улс төрд болохгүй байгаа бүх юм Улс төрийн намын тухай хууль, улс оронд бүтэхгүй байгаа зүйл болгон Үндсэн хуулиас болсон юм шигээр ярьцгаах юм. Ерөнхийлөгч хууль эрх зүйнд хүрээнд олдсон боломжоо ашиглаж улс эх орноор минь тоглох асуудал эхэлж байна. Өнөөдөр хямраад байгаа нам бол Ардчилсан нам шүү дээ. АН-ын гишүүд манай намд хулгайчид үүрлэлээ гэж өөрсдөө ярьдаг. АН-ын цаг нь дуусч байна. Эвсэж хамтарч ажиллаж чадахгүй, одоо бусдыгаа хядах байдал руу орох нь.

z12

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат:

-Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхдөө өөрсдийн эрх мэдлийг хязгааргүй болгох гэж санаархаж байна. Улс төрийн намын тухай хуульд зөвхөн нэг нам нь бүх намын дарга байх өөрчлөлт хийхээр өнгөлзөж байна. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхээр ийм аймшиггүйгээр оролддог тогтолцоо дарангуйлагч төрд л байдаг. Хэсэг бүлэгт зориулсан ийм хуулийн төсөл нийгэмд харанга дэлдэж байна.

z13

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг:

-Манай нам бусад намтай адил эсэргүүцэж байгаа. Нам байгуулахад одоогоор 801 хүний гарын үсэг цуглуулдаг. Энэ заалт байх ёстой. Ийм дайны олон хүний эв санааны нэгдэл байх учиртай. Харин намд элсэх нас 16 байж болох юм. Нам байгуулах бүртгэх, татан буулгахыг Улсын Дээд шүүх хариуцдаг одоогийн заалт хэвээр байх нь зөв.

Монголын ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг:

-Манай нам бусад намтай ижилхэн эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Хуулиар өөрчлөгдөх гэж байгаа зүйл заалт дээр намууд санал нийлэхгүй. 31 хүн  нам байгуулах, намын гишүүнчлэлийг байхгүй болгох, аль нэг намаас хэн нэгэн нь ёс зүйн алдаа гурван удаа гаргавал тухайн намыг татан буулгана гэх мэт хачин заалтууд байгаа. Ер нь улс төрийн намуудыг дампууруулах гэж  байна. Улс төрд олон жил явчихсан, Засаг болгонд сайд хийдэг хэдэн хүн байдаг. Тэдний дараагийн зорилго нь үр хүүхдүүдээ улс төрд оруулах. Ийм зорилго энд явж байна. Хөрөнгөтөй нэг хүний хүүхэд ангийнхаа 31 хүүхэдтэй нийлээд нам байгуулж, өөрөө санхүүжүүлээд сонгуульд оролцох нь байна. Намуудыг Улсын Дээд шүүх бүртгэдэг нь хариуцлагын тогтолцоо. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах нь. Сонгууль болгоноор гарч ирж луйвар хийдэг байгууллага шүү дээ.

z15

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай:

-Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгах хамгийн гол зүйл бол намуудын санхүүжилт юм. Парламентад суудал авсан намд төрөөс санхүүжилт олгох асуудлыг шийдээд явах хэрэгтэй. Германд бол ийм жишгээр явдаг. Нам байгуулах хүний тоо 31 гэдэг надад арай л цөөхөн санагдаж байна. Одоогийн хуулиар 801 хүний гарын үсгийг цуглуулна гэдэг бас л ажил юм билээ. Тэр намын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулахад буруудах зүйлгүй. Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх гээд очихоор шүүх хурал шиг юм болдог юм билээ. Уг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг бүртгээд авчих хэрэгтэй шүү дээ.

z16

Монголын Уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд:

-Улс төрийн намын тухай хуульд авах, хаях ч зүйл байна. Энэ хуулийг Үндсэн хууль болон Сонгуулийн нэгдсэн хуультай хамт шийдэх ёстой. Түүнээс өнгөц засал хийгээд ямар ч утгагүй. Аливаа нам улс төрийн сонгуульд оролцохын тулд санхүүжилт, хандив дэмжлэг авдаг, дараа нь ач тус, өрөө төлнө гээд цаашаа авлига болоод явчихдаг. Тэгэхээр намуудын санхүүжилтийг цогцоор нь шийдэх ёстой ч энэ хуулийн төсөлд тусгаагүй байна лээ. Улс төрийн намуудыг бүгдийг нь татан буулгаад ижил гараанаас эхлэх тэгш нөхцөл олгох хэрэгтэй. Энэ хууль Үндсэн хуультай зөрчилдөхгүй гарах учиртай. Тэгэхийн тулд Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлагатай болно.