Мэдэгдэл
Хөдөлмөрийн үндэсний нам
2015.12.15

Мэдэгдэл

Хөдөлмөрийн Үндэсний Нам Үндсэн Хуулийг хууль зөрчин өөрчлөх гэж буй талаар олон нийтэд улс төрийн хүчнүүдээс анхлан мэдээлэл хийж, улмаар хууль зөрчин өөрчлөлт хийх гэж буй үйлдлийг эсэргүүцэж 2015 оны 6-р сарын 26-нд тайван жагсаал зохион байгуулан УИХ-д шаардлага хүргүүлэн эсэргүүцлээ илэрхийлсэн.

УИХ-ын ажлын хэсгийн шийдвэр гарч өөрчлөлт хийхээр илэрхий шахаж, олон нийтийн санаа бодлыг талцуулан хууль зөрчсөн үйлдлээ сайхан үгээр халхлахыг оролдож буйг эсэргүүцэн 2015 оны 11-р сарын 16-ны өдөр “Ард нийтийн хурал” зохион байгуулж оролцогчдын гарын үсгийг цуглуулан УИХ-д шаардлагын хамт дахин хүргүүлсэн. Эдгээр удаа дараагийн шаардлагуудад ямар ч хариу өгөөгүй байна.

Олон нийт, хуульчид, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд болон бусад улс төрийн хүчний төлөөллүүд Үндсэн Хуулийг өөрчлөх ажлыг эсэргүүцэн, дэмжихгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн нь Хөдөлмөрийн Үндэсний Намын тэмцэл үнэн, зөв байсны илрэл гэж үзэж байна.

Улс орны эдийн засгийн хямрал, гадаад өрийн дарамттай хүндхэн цаг үед, улс төрийн болоод эрх зүйн бололцоогүй өнөөгийн нөхцөл байдалд нийгмийн зөвшилцлийн суурь болсон Үндсэн Хуулийг өөрчлөх гэж оролдолгүй харин ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, улс төр, нийгэм эдийн засгийг хямралын хүнд цаг үеийг давахад анхаарлаа хандуулахыг эрх баригчдад уриалж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ