Цогтгэрэл.Б 2015.12.16 | Сонин: Ардын эрх

УИХ-ын даргыг огцоруулах асуудлыг хөндөнө

УИХ-ын даргыг огцоруулах асуудлыг хөндөнө

МАН, МҮАН зэрэг улс төрийн 21 намын дарга нар өчигдөр “Пума” зочид буудлын хурлын танхимд Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Нэр бүхий тус намууд бүгд энэ хуулийг өөрчлөхийг шаардаж байгаа юм.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Солонгосын Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж буй намууд улс төрийн эсэргүүцлээ хоёр хоногийн хугацаатай түр зогсоож байна. 17-ны үдээс хойш үргэлжлүүлэн тэмцэж эхэлнэ. Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт бид УИХ-ын дарга З.Энхболдод хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагын хариуд “улс төрийн намууд хоорондоо тохиролцох ёстой” гэсэн байсан. УИХ тохиролцооны дэлгүүр биш шуү дээ. Тиймээс хоёр хоногийн хугацаатай шаардлага дахин хүргүүлж байна” гэв.

Тус шаардлагад, сонгуулийн санал тооллогыг гараар давхар тоолох, АНУ-ын “Доминион Вотинг систем”, “Майкрософт” компаниуд эрхийг нь эзэмшдэг хар машины сорс кодыг улс төрийн намуудад өгч, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх ёстой гэсэн асуудлыг тусгажээ.

Мөн МҮАН-ын ерөнхийн нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлийн хэлснээр эрх баригчид дээрх шаардлагыг хүлээж авахгүй бол парламентад суудалтай гишүүдээрээ дамжуулан УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хөндөх аж. Мөн шаардлагын хариуг арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө өгөхгүй бол дээрх нэр бүхий намууд улсын хэмжээнд буюу 21 аймаг 330 суманд “Үндэсний фронт” байгуулж, хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.