Найман хувийн зээлийг хууль эрхзүйн орчинд шийдвэрлэх боломжтой
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.12.22

Найман хувийн зээлийг хууль эрхзүйн орчинд шийдвэрлэх боломжтой

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Голомт банк”-тай ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувь байх санамж бичигт гарын үсэг зурлаа. Бусад банкууд хэр сонирхож байна?

-Арилжааны банкууд одоо зөв, зоримог шийдлийг гаргах ёстой. Барилгын компаниудын банкнаас авсан зээл найдваргүй, эрсдэлтэй болж байна. Засгийн газраас найман хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүл гэдэг тогтоолоо гаргачихсан. Тиймээс хэрэгжүүлэх арга замын талаар бодлогын яам банк, санхүүгийн байгууллагуудтай ярилцсан. Мөн мэргэжлийн хүмүүсийн саналыг нь аваад банкуудтай хамтран ажиллах албан бичиг явуулсан юм. “Голомт банк"-тай хамгийн түрүүнд энэ тал дээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр банкууд болоод банкинд үл хөдлөх хөрөнгө, барьж буй орон сууцаа барьцаалсан аж ахуйн нэгжүүдийн эрсдэл буурна. Банк хаана, ямар орон сууцыг хамруулах вэ гэдэг асуудлаа аж ахуйн нэгжтэйгээ тохиролцоно. Ингээд аж ахуйн нэгжүүдийн саналыг харгалзаж иргэдэд санал болгох зарчмаар энэ ажил явна. Үүнийг цаашлаад ганцхан “Голомт банк” биш бусад банк ч гэсэн хийх бүрэн бололцоотой гэж бид үзэж байгаа.

-Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн тогтоол гаргасан. Түүний дараа Монголын банкуудын холбоо хуралдаад найман хувийн ипотекийн зээл гаргах аргагүй боллоо гэсэн мэдэгдэл хийсэн?

-Монголын банкуудын холбоо Үндсэн хуулийн Цэцийн тайлбарлаж буй тайлбарыг гүйцэд сонсолгүйгээр асуудалд хандчихав уу даа гэж би бодож байгаа. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Цэц найман хувийн ипотекийн зээлд хамааралгүй тогтоол гаргасан гэсэн тайлбар хийсэн шүү дээ. Ер нь бол ганцхан найман хувийн ипотекийн зээл хүнд байдалд ороогүй.

Өргөн хүрээгээр харах юм бол бусад зээлийн чанартай харилцаануудад хүртэл эрсдэл үүсэх магадлалтай болчихож байгаа юм. Иргэд найман хувийн орон сууцны зээлийг сонирхож байна. Өөрсдийн эдийн засгийн бодит чадамждаа суурилсан орон сууцанд хамрагдах боломжоо эрэлхийлж байна. Түүн дээр нь төр шийдвэр гаргачихсан. Төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх бололцоог банкныхан, салбарын байгууллагууд нь хамтарч гаргаад явах бүрэн боломжтой. Заавал “Тэнд хуульд нэг тийм юм үүссэн байна, бололцоогүй болчихлоо” гэхгүйгээр хууль эрхзүйн орчинг нь харж байгаад асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж бид харж байгаа.

-Монголбанк, “Тэнхлэг зууч” компанийнхны гаргадаг судалгаагаар олон мянган байр ашиглалтад орсон ч худалдаалагдаагүй байна гэдэг. Эдгээр нь царцсан хөрөнгө болох нь. Тэгэхээр найман хувийн ипотекийн зээлийг цааш нь явуулах талаар ямар ажил хийх хэрэгтэй вэ. Ажлын хэсэг гарсан гэж дуулсан?

-17 мянган ашиглалтад орсон орон сууц байгаа. Цаашлаад найман хувийн зээлийг явуулах асуудал дээр зөвхөн банкуудтай зөвшилцөөд тогтохгүй. УИХ дээр байгаа Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг үнэт цаас болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Тэр мөнгөөрөө найман хувийн ипотекийн зээлдээ баталгаа гаргах бололцоотой.

-Танай намын дарга Н.Энхбаяр Шадар сайд болох асуудал юу болж байна вэ?

-Шадар сайдын асуудлын хувьд Ерөнхий сайд хариу өгөх ёстой. Бид албан ёсоор бичгээ өгчихсөн байгаа.

-Эрүүл мэндийн сайдын суудалд хэнийг тавих бол. Нам дотроо ярилцаж байна уу?

-Шадар сайдын асуудал үндсэндээ шийдэгдсэний дараа Эрүүл мэндийн сайдын асуудал шийдэгдэх байх. Зарчмаараа л явах байх гэж бодож байна.