Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстойг экспертүүд тодорхойлж байна
"Vip Expert" сэтгүүлийн тусгай дугаар
2015.12.24

Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстойг экспертүүд тодорхойлж байна

Манай редакци сүүлийн хоёр сар “Монгол төрийн түшээ” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнгээ “Vip Expert” сэтгүүлийн тусгай дугаар болгон уншигч таны өмнө дэлгэж байна. 20 мянган хувиар хэвлэгдэж буй манай сэтгүүл Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, сонгогч таны гарт очих болно.

Бид хэлэлцүүлэгтээ улс төр, нийгэм хүмүүнлэг, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг өргөн хүрээг хамаарах олон салбарын экспертийн байр суурь, үзэл бодлыг нэгтгэлээ. Бид таныг зөв сонголт хийхэд туслах зорилгоор шинжлэх ухаанч, баримт нотолгоонд суурилсан ярилцлага, нийтлэлүүдийг хүргэж байна.

Тэдний шинжлэх ухаанч, даацтай үгс таны сонголтод нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Уншигч та манай сэтгүүлээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, ШУА-ийн Түүх, археологийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ШУА-ийн гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар тэргүүтэй экспертүүдийн бодит, шүүмжлэнгүй атлаа гарц гаргалгаатай ярилцлагуудыг унших боломжтой.

Тэд Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой гэдгийг өөр өөрийнхөөрөө тодорхойлж, өнөөгийн улс төрчдөд үнэлгээ өгч, цаашид яавал зүйтэй болон сонгогч танд юуг анхаарах хэрэгтэй талаар өөрийн санаа бодлоо хуваалцаж байна. 

Хэлэлцүүлэгт оролцсон экспертүүдийн нэгдсэн санал

- Өнөөгийн төрийн тогтолцоог шинэчлэх ёстой. Үндсэн хууль, “УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль”, “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль”, Төрийн албаны тухай хууль зэргийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Намууд бодлогоороо өрсөлдөх ёстой байтал хөрөнгө мөнгө, эрх мэдлээрээ өрсөлдөж байна.

- Сонгуулийн багц хууль болон “Улс төрийн намын тухай”  хуулийг шинэчлэх замаар улс төрийн намын дотоод ардчиллыг хангаж, намаас нэр дэвшигчдийг тодруулах арга, хэлбэрийг улам боловсронгуй болгох, сонгуулийн болон сонгуулийн бус үеийн улс төрийн намын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох хэрэгтэй.

- Монголын төрд бие засаад, гэрээ зассан хүн хэрэгтэй байна. Одоогийн залуучууд бүрэн бэлтгэгдсэн, төлөвшсөн үедээ улс төр рүү орох хэрэгтэй. Улс төрийн намууд ч боловсон хүчнээ бодлоготойгоор бэлдэх ёстой. УИХ, Засгийн газарт мэдлэг, боловсрол, ур чадвар бэлтгэгдсэн, бие хүн, үзэл бодлын хувьд төлөвшсөн, мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллах ёстой. Тэд хуулийн хүрээнд Монгол Улсын язгуур, нэгдмэл бодлогыг хэрэгжүүлж, эх орноо дээгүүрт тавьж, аливаа ашиг сонирхлоос ангид байх хэрэгтэй.

- Аливаа бодлого, шийдвэртээ хариуцлага хүлээдэг УИХ, Засгийн газрын гишүүд гэж ховор байна. Тиймээс тэдэнд хариуцлага тооцох механизм бий болгож, олон нийт түүнд хяналт тавих нь зүйтэй. 

- Сонгогчид улс төрийн тодорхой мэдлэгтэй байж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хүчин, улс төрчийг сонгохдоо хариуцлагатай хандах хэрэгтэй. Сонголтоо хийхдээ аливаа нөлөөнд автаж болохгүй.

ТЭД ИНГЭЖ ХЭЛЭВ...

Монгол Улсын Ерөнхий Сайд асан Д.Бямбасүрэн:

“...Гэрээ засах гэдгийг бүрэн ойлгож, ухамсарлахгүйгээр мэргэжил эзэмшин, бизнес эрхлээд гэртээ тавилга авах төдийхнөөр ойлгоод байна уу гэлтэй...”

МУСГЗ, доктор, профессор Л.Дашням

“... Одоогийн улс төрчид ярьж л чадаж байна. Төрийн түшээ гэж хийх ажлаа мэддэг, тодорхой түвшинд бэлтгэгдсэн хүн байх учиртай...”

ШУА-ны гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар

“... Төрийн түшээ болох хүн боловсролтой, аливааг харах алсын хараа, ноён нуруутай байх ёстой...”

Улс төр судлаач, багш Э.Гэрэлт-Од

“... Миний бодлоор Монголын ардчилалд хамгийн их үгүйлэгдэж буй зүйл бол дотоод ардчилалтай улс төрийн нам...”

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

“...Ард түмэн ажилтай, боломжийн цалинтай байхыг л хүсдэг. Иргэдийн өдөр тутмын тулгамдсан асуудлаар хүссэн үедээ улс төржиж, олны сэтгэхүйгээр тоглодгоо зогсоох хэрэгтэй...”

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа

“... Нэг талаас сонгогдсон хүндээ биш, нэр дэвшүүлэх механизм нь буруу байгаа учраас төрд зөв хүн гарч чадахгүй байна...”

МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн ахлах багш Д.Ундрах

“...Улс төрчдийн ёс зүйгүй үйлдэлд төр, ард түмнийхээ эрх ашгийг огоорох, авлига, хээл хахуульд автах, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллах, гэр бүлээс гадуурх зохисгүй харилцаанд орох зэрэг олон асуудал багтана...”

МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн багш, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг

“... Төрийн түшээ гэдэг ойлголт нь бодлого боловсруулагч гэсэн утгаар хэрэглэгдэнэ. Улс орны дотоод, гадаад нөхцөл байдлыг бодлогын түвшинд боловсруулах чадвартай мэргэшсэн улс төрчийг төрийн түшээ гэж хэлж болно...”

Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа

“...Монголын төр хариуцлагатай, ёс зүйтэй түшээдтэй байх эсэх нь иргэдийн улс төрийн боловсролоос шууд хамаардаг. Улс төрийн мэдлэгтэй иргэдтэй бол тэр хэмжээний чадавхитай төр бий болно...”

Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа

“... Төрийн албаны дүрэм журам, үйл ажиллагаа, дэс дарааг мэддэг, ном журмаараа ахисан, аливаа ашиг сонирхлоос ангид, мэдлэг боловсролтой хүнийг жинхэнэ төрийн түшээ гэж үздэг...”

Жендерийн үндэсний хороо М.Болормаа“.. Манай улс парламентын засаглалтай учраас эхлээд парламентад сууж буй хүмүүсээ зөв сонгох ёстой”

МУИС-ийн Улс төр судлалын багш, доктор, дэд профессор Ц.Батболд

“...Улс төрч гэдэг бол улс орон, ард түмний төлөө энэ биеэ үл хайрлан тэмцэгч хүн юм...”

ШУА-ийн Философийн Хүрээлэнгийн Улс төр судлалын салбарын эрхлэгч, улс төрийн шинжлэх ухааны доктор Д.Баасансүрэн

“...Төр түшилцэхэд бэлтгэгдсэн, хууль боловсруулах дадал чадвартай, мэдлэг боловсролтой цөөнгүй хүн сонгуульд зарцуулах зардалгүйн улмаас сонгуулийн тойргийн гадна үлддэг нь нууц биш..."

Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа

“...Яамны сайд, албан тушаалтнууд солигдсон ч тухайн салбарын бодлого хэвээр л үргэлжилж байх ёстой...”

“Фридрих Эберт” сангийн суурин төлөөлөгч Штефан Хробот

“....Төрийн түшээ болох гэж буй хүн иргэд, улс орноо сайн ойлгон, нийгэмд буй асуудлыг онцгойлон сайн мэдэж, ойлгодог байх нь чухал...”

Улс төр менежментийн акедемийн захирал Д.Уламбаяр

“...Төрийг удирдах хүмүүсийг бүр  эхнээс нь  бэлтгэх хэрэгтэй...”

Уншигч та эдгээр экспертийн дэлгэрэнгүй ярилцлагыг манай цахим хуудасны "Хэлэлцүүлэг" цэс болон "Vip Expert" сэтгүүлийн тусгай дугаараас уншаарай.

Хэлэлцүүлэгт оролцсон экспертүүдийн нэгдмэл байр суурь болох “Монгол төрийн түшээ” нь ёс зүйтэй, хуулиа биелүүлдэг, ард түмнээ төлөөлж чадах гэсэн гурван үндсэн шалгуурыг удирдлага болгон манай сэтгүүлийн редакциас төрийн түшээ хүнд байх найман шинжийг нэрлэж байна. Эдгээр шинжид тохирох 21 улс төрчийг онцоллоо. 

Монгол Улсын хөгжлийн жолоог атгаж чадахуйц нэр бүхий 21 төрийн түшээг бид цувралаар танилцуулах болно.