МАН анхнаасаа хүүхэд бүрт мөнгө өгөхийг шаардаж байсан
УИХ дахь МАН-ын бүлэг хүүхэд бүрт алагчилж ялгаварлахгүйгээр сар болгон 20 мянган төгрөг хүртээх ёстой гэсэн байр суурийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр баримталж байсан бөгөөд өнөөдөр хуралдсан хуралдаанаараа энэхүү байр сууриа дахин баталгаажууллаа. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.
Хүүхэд бүрт ялгаварлалгүй 20 мянган төгрөг олгохын тулд шаардагдах 110 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол оруулах замаар шийдэх ёстой юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ "Хүүхдийн мөнгийг М.Энхболдын Засгийн газрын үеэс олгож эхэлсэн. Манай бүлгийн гишүүд эдийн засаг хүнд үед хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ хэлэлцээгүй өнөөг хүрсэн. Гэтэл эдийн засаг хүндэрсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ийм цаг үед хүн рүү чиглэсэн олон бодлогоос ухарсан алхмыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийсэн. Энэ алдааг засах ёстой гэж манай бүлгийн гишүүд 100 хувь санал нэгдсэн.
Эдийн засаг хүнд байна гээд цалин тэтгэврээ нэмж чадахгүй, хүүхдэд олгодог мөнгө, оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийг хассан. Өнөөдөр 170 мянган оюутны 30 хувь нь 70 мянган төгрөгөө сар бүр авч байна. Өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх чиглэлээр монголын төр, УИХ тодорхой алхам хийж чадахгүй байна гэсэн асуудлыг МАН-ын бүлэг байнга тавьсаар ирсэн. Тиймээс хүүхэд, оюутнуудад ялгаварлахгүйгээр 20 мянга, 70 мянгыг нь өгөх ёстой. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоход 110 тэрбум төгрөг шаардлагатай. Төсвийн тодотгол хийгдээгүй тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн есөн шалгуур үзүүлэлтийн гурав нь зөрчигдөнө. Энэ асуудлыг бид төсвийн тодотголын үеэр ярилцана" гэлээ.
МАН-ын бүлгийн хувьд төсвийн хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн мөнгийг хасахыг дэмжээгүй, хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг өгөхийг шаардсан. Гэвч эрх баригчид энэ саналыг хүлээж аваагүй, олонхиороо хүүхдийн мөнгийг хасах хууль баталсан. Баталсан хуульдаа сарын дараа өөрчлөлт оруулах гэж байна. Энэ бол эрх баригч нам бодлогогүй байгаагийн нэг жишээ гэсэн асуудлыг ч гишүүд хөндөн ярьсан байна.
Н.Номтойбаяр: Тэтгэвэр, цалин, малчны зээлийн хүүг бууруулах боломжтойг харууллаа
МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Бүлгийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Ардын намын засгийн үед орон сууцны зээл зургаан хувийн хүүтэй байсан. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг зургаан хувийн хүү нь орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа учраас гэсэн тайлбартайгаар найман хувь болгосон. Саяхнаас АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд энэ зээлийн хүүг таван хувь болгох амлалт өглөө. Орон сууцны ипотекийн зээлийн найман хувийн хүүг тав болгох асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцээгүй.
Гэхдээ энэ асуудлыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл бий. Ипотекийн найман хувийн зээлийг хэрэгжүүлэхэд 2.4 их наяд төгрөг хэвлэх үед орон сууцны үнэ өндөр байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр барилгын материалын үнэ нэлээд буурсан. Иргэд бага хүүтэй нэрийн дор хийсвэр үнэ өртөгтэй орон сууц худалдан авч хууран мэхлэлтэд орох вий гэсэн болгоомжлол бий. Эрх баригч АН зээлийн хүүг бууруулж болдог юм байна гэсэн ойлголтыг өгч байна. Энэ нь хуульд ямар ч нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтойг харуулж байна МАН-ын бүлгээс сүүлийн хоёр жил ахмад настны тэтгэврийн болон малчны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах санал шаардлагыг Засгийн газарт тавьсаар ирсэн. Энэ шаардлагаа ч бид дахин тавьж байна" гэж мэдээллээ.