Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс
НИТХ-ын төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Д.Оросоо
2016.01.13

Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс

Үндсэн хуулийн өдөрт зориулав.

Үндсэн хуулиар тунхагласан үзэл санаа, үнэт зүйл, зарчмыг бодит амьдралд хэрэгжүүлэх нь Үндсэн хуулийн туйлын зорилго байдаг. Парламентын хүндэтгэн сахин биелүүлж байх үүрэг бүхий Үндсэн хуулийг хэрэгжих явц дунд нь засварлах, өөрчлөх нь өөрөө сайн үр дагавартай зүйл биш юм. Гэхдээ зайлшгүй өөрчлөх шаардлага гарвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн зарчмыг дордуулсан, дур зоргын шинжтэй нэмэлт, өөрчлөлтөөс Үндсэн хуулийг хамгаалах шаардлага бодитой бий.

Дэлхийн улс орнууд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нарийвчилсан хэм хэмжээ, дэг журам тогтоох замаар Үндсэн хуулийнхаа халдашгүй байдлыг хангаж ирсэн түүхтэй.

Тухайлбал: Парламентын хоёр танхим хоёул батлах, эсхүл хоёр танхим хамтарсан хурал хийх,  гуравны хоёроос дээш олонхийн босго тавих, мөн орон нутгийн хурлын байгууллагууд батлах, дэмжих, ард нийтийн санал асуулга явуулах замаар батлах гэх мэт.Улс орнуудын Үндсэн хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтын хувьд халдашгүй чанд (хатуу) болон уян хатан (зөөлөн) гэж ерөнхий ангилдаг. Ихэнх тохиолдолд ардчилсан улс орнууд Үндсэн хуулиа халдашгүй чанд байлгах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтад өндөр босго, шалгуур тавьдаг байна.

АНУ-ын нэрт эрдэмтэн Аренд Лийпхарт дэлхийн 36 орны Үндсэн хуульд судалгаа хийж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах босго, олон янзын зохицуулалт, дэг журам, шүүхийн хяналтын чадамж зэргийг харгалзан 4 үндсэн бүлэг болгон ангилан Үндсэн хуулийн халдашгүй байдлын индексийг тооцон гаргаж иржээ.

Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг  (а) ердийн олонхи, (б) гуравны хоёрын олонхи (ердийн олонхи, олонхи, түүнтэй төстэй илрэл),  (г) гуравны хоёроос дээш супер олонхийн (дөрөвны гурав, гуравны хоёр ба муж улсуудын хууль тогтоох байгууллагаар баталгаажуулах арга) саналаар шийдвэрлэж байгаа зохицуулалтыг үндэс болгон тооцож гаргасан байдаг.

Гэхдээ энд зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай олонхийн саналын хувь хэмжээг дан ганц үндэслэл болгоогүй, үндсэн хуульд өөрчлөлт оруулахад тавигдаж буй нэмэлт нөхцөл, шаардлагыг хамруулан авч үзжээ.

Тухайлбал,  Италийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад танхим тус бүрийн гуравны хоёроор эсвэл хоёр танхимын бүх гишүүдийн үнэмлэхүй олонхийн шийдвэрээр бүх нийтийн санал асуулга явуулдаг. Энэтхэгийн дэлгэрэнгүй үндсэн хуулийн зарим хэсгийг танхим тус бүрийн ердийн олонхиор, заримыг нь хоёр танхимын нийт гишүүдийн үнэмлэхүй олонхиор өөрчилдөг. 

Колумби, Шведийн журам нь бүх нийтийн санал асуулгыг нэмэлт нөхцөл хэлбэрээр оруулдаг. Францын үндсэн хуулийн дагуу танхим тус бүрийн олонхиор шийдэж, бүх нийтийн санал асуулга явуулснаар, эсвэл хоёр танхимын хамтарсан чуулганы тавны гурвын саналаар өөрчлөлт оруулж болдог байна. (Аренд Лийпхарт, Ардчиллын хэв загвар “36 орны төр засгийн хэлбэр ба илрэл” Нээлттэй нийгэм Форум, УБ., 2007)

Аренд Лийпхартын гаргасан Дэлхийн 36 улс орны Үндсэн хуульд   нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай олонхи ба  супер олонхийн илрэл, 1945-96

Гуравны хоёроос дээш супер-олонхи 

Австрали

Швейцар

Герман 

Канад

АНУ

 

Япон

 

 

Гуравны хоёрын олонхи эсвэл түүнтэй ижил илрэл

Австри

Мальт

 

Бахамууд

Мавритус

 

Бельги

Нидерланд

 

Коста Рика

Норвеги

 

Финлянд

Папуа Шинэ Гвиней

 

Энэтхэг

Португали

 

Ямайка

Испани

 

Люксембург

Тринидад

 

Гуравны хоёр ба ердийн олонхийн хоорондох 

Барбодос

Ирланд

Франц

 

Ботсвана

Итали

(1991 оны дараахи Колумби)

Дани

Венесуэл

(1974 оны дараахи Франц)

Грек

 

(1980 оны дараахи Швед)

Ердийн олонхи 

Исланд

Шинэ Зеланд

Колумби

Израиль

Их Британи

Швед

(1991 оноос өмнөх Колумби)

(1974 оноос өмнөх Франц)

(1980 оноос өмнөх Швед)

Судалгаанаас харахад ардчилал өндөр хөгжсөн АНУ, Герман, Австрали, Канад, Япон, Швейцар зэрэг таван улсын Үндсэн хууль илүү халдашгүй чанд шинжтэй байна.

"...АНУ-ын Үндсэн хууль хамгийн бага уян хатан шинжтэй ба үндсэн хуульд нэмэлт оруулахын тулд Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гуравны хоёрын санал шаардлагатайн дээр нийт муж улсын дөрөвны гурав нь мөн дэмжсэн байх ёстой..."

Австрали, Швейцарт бүх нийтийн санал асуулгын аргаар сонгогчдын олонхийн саналыг аваад зогсохгүй бүх муж, кантоны дийлэнхэд нь олонхи дэмжсэн байх ёстой. Үндсэн хуулийн халдашгүй байдлыг илэрхийлэх индексийн дундаж нь [2.6] буюу дундаж тоо нь “3”  гэж эрдэмтэн АНУ-ын нэрт эрдэмтэн Аренд Лийпхарт дүгнэсэн байдаг.

Монгол Улсын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хэр хялбар, эсхүл хэр нарийн зохицуулалттай болох, Үндсэн хуулийн халдашгүй байдлын түвшинг илэрхийлэх Үндсэн хуулийн болон салбар хуулийн тдорхой нарийн зохицуулалт байгаа юм.

1. Үндсэн хуулийг ердийн олонхийн саналаар өөрчлөх боломжгүй, супер олонхийн саналаар өөрчлөх өндөр босготой. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1-д “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.” гэж заасан.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-д УИХ-ын нийт (76) гишүүний дөрөвний гурав (57)-аас доошгүй ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ гэж ирцийн хувийг өндөр тогтоож өгсөн байдаг.

2. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 2-д “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй санал эс авч чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй.”, 3-д “УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.” гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах тухайн УИХ-ын эрх хэмжээ болон сонгуулийн жилийн эхний 6 сарын дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байхаар баталгаажуулсан.

3.Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.” гэж заасан. Энэ нь УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нэмэлт нөхцөл болгож ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудал биш юм.

Ерөөсөө ард нийтийн санал асуулга явуулах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдахь хувилбар болно. Зарим улс оронд парламент хэлэлцээд олонхиор шийдвэр гаргахын хамт, мөн нэмэлт нөхцөл болгож бүх нийтийн санал асуулга явуулж шийдвэрлэдэг. Жишээ нь Франц, Колумби, Швед, Япон зэрэг улсууд хамаардаг.

4. Үндсэн хуулийн шүүхийн хяналт  бол Үндсэн хуулийн халдашгүй дархан байдлын нэг баталгаа юм. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж заасан.

Үндсэн хуульд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн цэцийн хяналтаас ангид байхгүй юм.

5. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой дээр дурдсан Үндсэн хуулийн хэм хэмжээ 2010 он хүртэл дангаар үйлчилж ирсэн. УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан. Ингэснээрээ Монгол Улс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бие даасан хуультай болж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон нарийн зохицуулалт, дэг журам, хэм хэмжээг мөрдөх болсон юм. Энэ хууль гарах зайлшгүй шалтгаан байсан. Үндсэн хуульд оруулсан анхны нэмэлт, өөрчлөлтөөс авсан сургамжаас үүдэж энэ хууль гарах болсон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийн тухайд УИХ-ын нэр бүхий гишүүд 1999 оны 12 дугаар сарын 23-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж, маргааш өдөр нь УИХ шууд хэлэлцэн батлаж байсан түүхтэй. Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж иргэн С.Нарангэрэл нарын иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, Үндсэн хуулийн Цэцээс 2000 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот дүгнэлт, 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2 тоот тогтоолоор Үндсэн хуульд оруулсан тухайн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болгож байсан юм. Уг маргааны дараа УИХ-аас 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж байсан юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар олон зохицуулалт, шаардлага, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим, хэм хэмжээг бий болгож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцааг илүү боловсронгуй болгон нарийвчилсан байна. Монгол Улс 1992 онд батлагдсан Үндсэн хуулийнхаа тогтвортой, халдашгүй байдлыг 2010 онд бие даасан хууль гаргах замаар улам баталгаажуулжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн голлох зохицуулалтыг авч үзье. Үүнд:

5.1. Хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж юуг ойлгох вэ гэдгийг тодорхойлсон байна. Үндсэн хуулийн бүлэг, зүйл, хэсэг, заалтад байхгүй шинэ томъёоллоор зохих бүлэг оруулж байгаа зүйл, хэсэг, заалт нь Үндсэн хуулийн нэмэлт болно. Үндсэн хуулийн нэмэлт нь шинэ томъёолол хэдий ч Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн, Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангасан байна.

Харин Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нь Үндсэн хуулийн зохих бүлэг, зүйл, хэсэг байгаа заалтын нэр томъёог тодруулах, найруулгыг сайжруулахаар өөрчилж байгаа заалт юм. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалаас зөрөхгүй байх ёстой гэж үзжээ.

5.2. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу Үндсэн хуулийн нийт 70  зүйлийн 35, түүнээс дээш хувьд өөрчлөлт, нэмэлт оруулахаар байвал тухайн төслийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэж үзэхгүй, нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх, шинэчлэн батлах асуудлаас ялгаж авч үзжээ.

5.3. Үндсэн хуулиар ард түмэн нэгэнт сонгож баталгаажуулсан суурь үзэл баримтлал бүхий зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байхаар заасан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 1, 2, 3, 4 дүгээр зүйл, 5-р зүйлийн 1-4 дэх хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8-р зүйлийн 1 дэх хэсэг, 9-р зүйлийн 2 дахь хэсэг, 10-р зүйлийн 1, 2 дахь хэсэг, 12-р зүйлийн 1 дэх хэсэг, 14, 15, 19, 20, 22-р зүйлийн 1 дэх хэсэг, 30-р зүйлийн 1 дэх хэсэг, 38-р зүйлийн 1 дэх хэсэг, 41, 47, 49-р зүйлийн 1, 2 хэсэг, 68, 69-р зүйл гэсэн Үндсэн хуулийн нийт 22 зүйл, 15 хэсэг хамаарч байна.

5.4.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол тухайн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 жилийн жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглосон байна.

5.5. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийг хуваариалсан зарчмыг үгүйсгэсэн, хүний үндсэн эрх,  эрх чөлөөг дордуулсан, мөн дур зоргын шинжтэй, улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан шинжтэй байж болохгүй гэж заасан.

5.6. Хууль санаачлах эрх бүхий этгээдийн хувьд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн Газар нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхтэй ч Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийг өргөтгөх, хязгаарлах, эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн болон үлдсэн бүрэн эрхийн хугацааг сунгах, бусад байдлаар өөрчлөх, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг сулруулах, өөрчлөх, УИХ-ын гишүүн нь УИХ-ын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах, гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах, Засгийн газрын хувьд УИХ, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах, өөрчлөх, шүүх эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх, Засгийн газрын эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхгүй гэж хуульчилсан.

5.7. УИХ нь төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх бөгөөд төслийг 3 шатны хэлэлцүүлэг явуулж батлах, 1, 2 дахь шатны хэлэлцүүлгээр төслийг батлахыг хориглодог. Төслийг хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал УИХ өөр асуудал хэлэлцэхгүйгээр хэлэлцүүлгийг тасралтгүй явуулах үүрэгтэй гэж хуульчилсан.

5.8. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд төслийг УИХ хэлэлцээд нийт гишүүдийг гуравны хоёроос доошгүй саналаар нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж тогтвол санал асуулга явуулах тухай тогтоол гаргах юм.

Ард нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн олонхи нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг хууль батлагдсанд тооцно. Санал асуулгаар батлагдсан хуульд УИХ ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхийг хориглоно гэж заасан.

Монгол Улсын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь Үндсэн хуулийн болон бие даасан хуулийн тодорхой, шинэлэг, нарийн зохицуулалттай бөгөөд Үндсэн хуулийг тогтвортой мөрдүүлэх үүднээс Үндсэн хуулийн халдашгүй байдлыг өндөр түвшинд сахин баталгаажуулжээ. Манай улс Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс өндөртэй дэлхийн улс орнуудын нэгд тооцогдох бүрэн үндэстэй юм.

"...Монгол Улсын Үндсэн хуулийн халдашгүй байдал бол Монголын ардчиллын томоохон гол ололт, амжилтын нэг болно..."