Эрчим хүч ба Монголын улс төр
ДЦС-4 ТӨХК-ийн хяналтын албаны дарга Ц.Нацагдорж
2016.01.15

Эрчим хүч ба Монголын улс төр

Засгийн газар 2015 оны гуравдугаар сарын 9-нд эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг барих шийдвэр гаргаж, холбогдох яамдад үүрэг даалгавар өглөө. Гэвч энэхүү шийдвэрийг гаргасан талаар санал бодлоо хуваалцах гэсэн юм. 

Олон жил хүлээгдсэн эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлгөөнд орж эхлэх нь гэж эерэг талаас харах гэж оролдсон боловч эрчим хүчний салбарт насаа элээсэн ахмад ажилтан хүний хувьд харахад Засгийн газрын энэхүү шийдвэр хэрэгжих боломжгүй байх магадлалтай. Учир нь: 

  1. Энэ 2015 он нь сонгуулийн өмнөх жил юм.

  2. Монголд эдийн засгийн хямралтай байна. Ард түмний амьдралын түвшин доошилж байна. 76 болон тэдний тойрон хүрээлэгчид ард түмний амьдрал яаж өөрчлөгдөж байгааг мэдрэхгүй. Бодлого боловсруулах Засгийн газрын яамдад мэргэшсэн албан хаагчид дутмаг байна. Төрийн албан хаагчдын дотор цөөн чадварлаг хүмүүс байгаа боловч тэдний дуу хоолой төдийлөн жин дардаггүй, хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй. Энэ бүхнээс үүдээд төрийн бодлого, зохицуулалт хэр ойлгомжтой, зөв зүйтэй гардаг нь харагдаж байна. Яамдаас дорвитой, зөв бодлого хэзээ гарах вэ? 

  3. Өмнө нь хийж бүтээсэн амлалтуудаа биелүүлж чадаагүй. Эдгээрийн тод жишээ нь ТЭЦ-5, Эгийн гол, Могойн голын станцууд, Таван толгойн дулааны цахилгаан станц,  ДЦС-2 дээр ажилд орох ёстой байсан утаагүй түлшний үйлдвэр гэх мэтээр дурдаж болно.  

  4. Ард түмэндээ ихийг бүтээн байгуулж байгаа дүр эсгэн оноо цуглуулах шаардлага тулгамдсан асуудал боллоо.

  5. Концесс буюу төр, хувийн хэвшлийн түншлэл нэрийн дор дотоод, гадаадынхантай хуйвалдаж, мөнгө угаах гэсэн ашиг сонирхол эрх баригчдад байх шиг. 

  6. Өнөөдрийн байдлаар АН, МАН-ын нэр хүнд ард түмний дунд багагүй уналаа. 

"...Засгийн газраас эрчим хүчний талаар авч хэрэгжүүлэх гэж буй бодлого нь амьдралаас хол тасархай, хэрэгжих боломжгүй мэт. 2008, 2012 оны сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчнүүд Эрчим хүчний салбарт юу хийсэн вэ? Гарт баригдах, нүдэнд харагдах томоохон бүтээн байгуулалт байна уу?..."

2007 онд тус салбарыг хөгжүүлэх зорилтыг 3 үе шаттай хэрэгжүүлнэ гэж заасан. Үүний 1-р үе шат буюу эрчим хүчний салбарын ойрын хугацааны /2007-2012/ зорилтын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлсэн.

- Эгийн гол дээр 220МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих

Оюутолгой, Цагаансуварга болон говийн бүсийн ордуудыг ашиглахад эхний ээлжинд 220КВ-ын шугамаар холбож хангах

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-с доошгүй хүчин чадалтай цахилгаан станц барьж, төвийн эрчим хүчний системд холбох

- Төвийн бүсэд 50-с доошгүй МВт чадалтай усан цэнэгт цахилгаан станц барих

Нялга, Чойрын хүрэн нүүрсний бүлэг ордыг түшиглэн эрчим хүчний цогоцолбор барьж, цахилгаан эрчим хүч экспортлох,

Өвөрхангайн Баянтээгийн нүүрсний уурхайд 15-20 МВт-ын хүчин чадалтай станц барих

Дэлгэрмөрөн дээр Чаргайтын усан цахилгаан станц, Могойн гол дээр дулааны цахилгаан станц барьж, ашиглалтад оруулна гэсэн зорилтууд дэвшүүлсэн боловч огт хэрэгжүүлж чадсангүй. 

Харин 2-р шат буюу дунд шатны хугацаа /2012-2022/-нд 10 гаруй томоохон бүтээн байгуулалтыг хийж, гүйцэтгэнэ гэсэн зорилт тавьсан боловч дорвитой ажил хийгээгүй байна. Үүнд:

- Эрдэнэбүрэнгийн УЦС, Орхон гол дээр 100МВт-ын усан цахилгаан станц

- Сэлэнгэ мөрөн дээр Бүрэн, Шүрэнгийн УЦС, говийн бүсэд том чадлын нарны болон салхин парк барьж холбох, газрын гүний дулааныг ашиглан, 10-15 МВт-ын дулааны цахилгаан станц барих, атомын цахилгаан барих асуудлыг шийдвэрлэнэ гэсэн боловч эхлээгүй байна.

3-р үе шат буюу Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем /2022-2040/ байгуулах, баруун болон төвийн бүсийг 400КВ-ын транзит ЦДАШ-р холбох, хэрэглээнд зориулан нэг бүсээс нөгөөд цахилгаан дамжуулах, байгаль орчинд халгүй, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор том чадлын нар, салхин паркууд, усан цахилгаан станцууд барих зорилтууд дэвшүүлсэн байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хугацаа болоогүй байна гэж тооцож байгаа ч урьдчилсан бэлтгэл хийгдээгүй байна.

Н.Алтанхуягийн толгойлсон засгийн газрын үед ДЦС-4-н хүчин чадлын 123МВт-р өргөтгөх, ДЦС-3-н хүчин чадлыг 50 МВт-р өргөтгөх, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт Амгалангийн Дулааны станцыг барьж байгуулах ажил хийгдлээ. Эндээс ДЦС-3-ыг 50 МВт-р өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг барьсан нь үндэслэл муутай буруу шийдлүүд байсан.

ДЦС-3 нь 40 гаруй жил ажилласан хуучирч хөгширсөн станц бөгөөд цаашид олон жил ашиглах боломжгүй. Ийм станц дээр шинээр турбин суурилуулах нь буруу, учир нь 40-50 жил ашиглагдсан машины кузовт тааруулж шинэ мотор тавьж байгаатай дүйцэхүйц шийдэл байсан учраас буруу гэж үзэж байна.

Цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбины ашиглах хугацаа 220000 цаг, жилд ойролцоогоор 4500-5000 цаг ажиллуулна гэвэл 45-50 жил ашиглах боломжтой. ДЦС-3-ын турбинуудын ашиглалтын нормт хугацаа нь дуусч байна. 

"...Амгалангийн дулааны станц нь бага хүчин чадалтай, зөвхөн ус халаах зориулалттай, нам параметрын зуухнууд нь үр ашиг багатай, байгаль орчинд халтай, болхи технологитой, байрлалаа зөв сонгоогүй, ус цэвэрлэх аж ахуйгүй, үнсээ хаях газаргүй, одоогоор үнсээ хоёрдагч түүхий эд болгоод ашиглах боломжгүй байна..."

Харин ДЦС-4 нь харьцангуй залуу станц. 30 гаруй жил ажиллаж байна. Өндөр параметрын уурын зуух, турбинуудтай бас цаашаа 20-25 жил ашиглах боломжтой станц юм. ДЦС-4 дээр 123 МВт-ын шинэ турбин суурилуулах санаачилга, техник эдийн засгийн үндэслэл, тоноглолын сонголтыг тус станцын инженер техникийн ажилтнууд гаргасан нь салбарын өнөөдрийн хүндрэлийг нимгэлэх, түр зууртаа ТЭЦ-5-г барих хүртэл хугацаанд Монгол Улсыг эрчим хүчээр тасралтгүй хангахаар ажиллаж байна. 2013-2014 онуудад шинэ 123 МВт-ын турбинаар өргөтгөх ажлыг амжилттай хийж дуусгалаа. Энэ турбины төслийг ямар ч концессийн гэрээгүйгээр хийсэн нь маш чухал байлаа. Энэхүү төслийн техникийн асуудлуудыг цахилгаан станцынхны ИТА-уудын хяналтан доор хэрэгжүүлсэн нь амжилттай болсон юм.

Төв аймгийн Сэргэлэн суманд Салхитын хөндийд 50МВт-ын салхин станцыг хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулсан нь дэвшиттэй сайн төсөл болсон боловч салбарын эдийн засаг, санхүүгийн байдалд хүндээр тусч байна. Тус салхин станц харьцангуй өндөр үнэтэй боссон. Эрчим хүчний зохицуулах хороо Салхин станцын 1 КВт.ц цахилгааны үнийг 184 төгрөгөөр тогтоосон байна. Энэ нь өртөгт тулгуурлаагүй, анхны хөрөнгө оруулалтад тулгуурлаж, тогтоосон үнэ юм. Тус станцыг тухайн үеийнхээ ханшаар 120 сая ам.доллар буюу 170 тэрбум төгрөгөөр барьж босгосон. Энэ оруулсан хөрөнгийг хурдан хугацаанд нөхөхийн тулд цахилгааны үнийг өндөрөөр тогтоосон.

"...Сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчинд ээлтэй учир дэмжих ёстой. Ашиглалтын зардал нь харьцангуй бага, дулааны цахилгаан станц шиг вагон, вагонаар нүүрс тээвэрлэж түлэхгүй, Монголын тал нутагт сэвэлздэг салхины хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг..."

АНУ-д 2006 оны байдлаар 50 МВт-ын салхин цахилгаан станцыг барихад 1МВт-ын суурилуулсан чадалд 1,25 сая.евро зарцуулж байсан ба жил бүрийн ашиглалтын зардал 40мян.евро-г 1 МВт-д зарцуулсан тооцоотой байна. Тухайн үед 1евро=1800₮ байсан байна. 50МВт станцын хөрөнгө оруулалтад 62,5сая евро зарцуулж байжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 112,5 тэрбум төгрөг болж байна.

Өнөөдрийн ханшаар тооцвол ойролцоогоор 134,4 тэрбум төгрөг болж байна. Манай орны хувьд өөрөө үйлдвэрлэгч биш гэдэг утгаар авч үзвэл 10-15 тэрбум төгрөгөөр үнэтэй байна гэж тооцож болох юм. Эндээс ойролцоогоор тооцвол 20-47,5 тэрбум төгрөгөөр өндөр үнэтэй баригдсан байна. Энд холбогдох дэд бүтэц, төсөл судалгаа, тээвэрлэлт, ЦДШ-ыг барьж байгуулах үйл ажиллагааны зардал бүгд багтсан байна.

Харин ашиглалтын зардал нь жилд 40мянХ50МВт=2,0сая евро буюу ойролцоогоор 4,3 тэрбум төгрөг болж байна. Үүн дээр засвар сэргээн босголттой холбоотой зардал нэмэгдэнэ. Энэ нь 10 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтын 10%-тай тэнцэхүйц хөрөнгө шаардагдана. 50МВт-ын салхин станцын хувьд 2023 он гэхэд засвар сэргээн босголтонд 13,4 тэрбум төгрөг зарцуулсан байх юм.

Энэхүү жишээнээс санаа авч, бусад улс орны салхин станцуудад цахилгааны үнэ тогтоосон байдлыг судалж, салхин станцын үнийг бодитой тогтоох шаардлагатай байна. Энд янз бүрийн хууль дүрэм, журам ярих байх, гэхдээ хуучин ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудыг үнийн бодлогоор дарамтлах нь шударга бус байна.

"...Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг тогтоох бодлого зарчмаа нээлттэй, шинжлэх ухааны үндэслэлтэй, шударга, тодорхой стандарт, аргачлалаар тооцоолж, тогтоож байх ёстой. Эрчим хүчний эдийн засгаар мэргэшсэн мэргэжилтнүүд энэхүү тооцоог зөв хийх магадлалтай..."

Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний  73%-г үйлдвэрлэж байгаа ДЦС-4-г дэмжих төр засгийн бодлого байхгүй гэхэд болно.

Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар эрчим хүчний хэд хэдэн “МЕГА” төслүүдийг эхлүүлэх шийдвэр гаргалаа.

- “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх

-  Ховдын Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барих ТЭЗҮ-г боловсруулах, 2016 оны 2-р хагаст гүйцэтгэгчийг шалгаруулсан байх

- “Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах

Улаанбаатарын ТЭЦ-5 /ДЦС-5/, Тавантолгойн ДЦС, Дорнодын ДЦС-ын 100 МВт-ын өргөтгөл, Хөшөөтийн 100 МВт-ын ДЦС барих, Тэлмэн, Бөөрөлжүүт, Чандганы ДЦС-уудыг барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх

"...Би мэргэжлийн хүний хувьд эдгээр зорилтод итгэхгүй байна. Эгийн голын УЦС 30 гаруй жил, ТЭЦ-5 20 гаруй жил, Багануурын ГРЭС 30 шахам жил ярилаа шүү дээ. Хэзээ бодит биелэл болох вэ?..."