Өвөлжилт хүндэрсэн сумдад үнэгүй өвс хүргэлээ
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ
2016.01.22

Өвөлжилт хүндэрсэн сумдад үнэгүй өвс хүргэлээ

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцлаа. 

Өмнөговь аймгийн хувьд есөн сум зудархуу байдалтай байгаагаас Хүрмэн, Булган, Сэврэй сумдад өвөлжилт бүр хүндрээд байна. Тиймээс Шадар сайд Ц.Оюунбаатар Улсын Онцгой комиссын даргын хувьд тус сумдад Өмнөговь аймгийн Улсын нөөцийн салбараас өвс хүргүүлэх цувааг хөдөлгөсөн юм. Уг ажлын хүрээнд өвөлжилт хүндэрсэн Хүрмэн, Булган, Сэврэй сумдад тус бүр нь есөн тонн өвсийг ийнхүү хүргүүлэхээр болсон юм.

Энэ үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар Улсын онцгой комисс, Эрүүл мэнд спортын яам, бусад мэргэжлийн байгуулагуудыг оролцуулан 21 аймаг, 300 гаруй сумдад ажлын хэсэг гарган цас зудын байдлыг тогтоох шуурхай арга хэмжээ авч, үүний үр дүнд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгохоор хуваарилж, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгохоор болж, энэ бүх арга хэмжээний зардал болох нийт 2,6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсныг онцлон тэмдэглэлээ. 

Түүнчлэн сум, орон нутагт Эрүүл мэнд спортын яамнаас түргэн тусламжийн машин олгох ажлыг эрчимтэй зохион байгуулж, нийтдээ 20 гаруй аймагт 40 гаруй автомашиныг хүргэж өгчээ. Мөн дахин 20 орчим машиныг хангалтаар олгох санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт асуудал оруулаад байгаа аж.