40 хүрсэн хүн хэн нэгний уур хилэнгээс айж улс төр хийдэг юм биш
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.01.22

40 хүрсэн хүн хэн нэгний уур хилэнгээс айж улс төр хийдэг юм биш

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногийн улс төрийн халуун сэдэв уг асуудал байв.

Төрийн ордноо өчигдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж бүтэн өдөржингөө ирц бүрдэхгүй хүлээлтийн байдалд байсан. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга нар огцруулах бичигт гарын үсэг зураад буй. МАХН-ын дарга Н.Энхбаяр бүлэгтээ Засгийн газрыг огцруулахгүй байх үүрэг өгсөн ч эдгээр гурван гишүүн түүний үгэнд орохгүйгээр шийджээ.

Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй энэ асуудлаар ярилцлаа.

-“Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар өчигдөр өглөөний 07.30 цагаас эхлэн гурван цаг гаруй хуралдсан. Бүлгээс ямар шийдвэр гарсан бэ?

-Ерөнхий сайдыг огцруулахгүй, мөн гарын үсэг зурсан гишүүддээ чиглэл өгсөн гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан байна лээ. Сонгууль болохоос таван сарын өмнө Ерөнхий сайдыг солих уу үгүй юу гэдгийг ярьж байгаа юм биш. Ийм богинохон хугацаанд солиод яах юм гэж хүмүүс ярьж байна. Гэтэл маргааш та цалин, тэтгэврээ авч чадахгүй шүү дээ. Түүнийг яаж өгөх юм гэхээр өндөр хүүтэй бонд арилжих гэж байна. Бонд гэдэг өр. Үүнийг яаж төлөх юм. Сангийн сайд Б.Болор холбогдох хүмүүсийн хамт Англи руу бонд босгохоор явсан гэсэн. Мэдээж манайд 10-аас доош хувийн хүүтэй бонд олдохгүй. Төрийн сангийн данс улайчихаад байна. Манай улс хоёр Ерөнхий сайдтай болчихлоо. АН, “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгаа нөхцөлд нэг л ерөнхий сайдтай байх ёстой.

-Хоёр ерөнхий сайдтай гэдгээ тодотгохгүй юу?

-Нэг нь хөшигний ард нуугдаад хариуцлага үүрдэггүй, нөгөөх нь хөшигний өмнө суугаад хүнд муулуулж болохгүй. З.Энхболд гэдэг хүн Ерөнхий сайдын ажлыг давхар хийж байна. Одоогийн кабинетад Тост, Тосон бумбын асуудлаар лобби хийсэн нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой. Тусгай хамгаалалтад авах хилийн цэсийн асуудлыг шийдэхгүй байгаа. Байнгын хороогоор өчигдөр “Ноён” уулын асуудал орсон. Мөн тусгай хамгаалалтад авах хилийн зааггүй орж ирсэн. Энэ бол том доромжлол. Үүнд канадуудын төлөөлөл маш идэвхтэй байсан. Тиймээс Уул уурхай, Барилга, Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Аж үйлдвэрийн сайдад хариуцлага тооцмоор байгаа юм. Хамгийн ноцтой нь Монгол Улсыг өрөнд оруулчихлаа. Дөрвөн хувийн хүүтэй бонд авахад бид шоконд ордог байсан.

Гэтэл одоо 10 гаруй хувийн хүүтэй бонд авах талаар хөөцөлдөж байна. Бонд авахгүй бол төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, халамжийн мөнгийг өгч чадахгүйд хүрсэн. Хэн ийм байдалд хүргэв. Тиймээс энэ хүмүүсийг зайлуулах ёстой. Энэ саналыг УИХ-ын дарга З.Энхболд, Л.Эрдэнэчимэг нар 100 хувь дэмжинэ гэж бодож байна. Монголын ард түмэнд би нэг зүйлийг уриалъя.

Сайд солигдон гэхээр 10 гаруй хүн солигдож, “Шударга ёс” эвслийнхэн албан тушаалд очих гээд байгаа юм биш. Ч.Сайханбилэг огцорвол бид өргүй болох юм. Гуравдугаарт, бид цагтаа цалингаа авдаг болно. Дөрөвдүгээрт, хамгийн гол нь хариуцлагагүй этгээдүүд хэцүү нэртэд шалгуулах юм. Тиймээс яаралтай шийдэх хэрэгтэй гэж байна.

-Та бүлгийн шийдвэрийг дагахгүйгээр хувь гишүүнийхээ байр сууринаас асуудалд хандан гэсэн үг үү. Тэгэхээр намаас тань эргээд ямар нэг дарамт шахалт ирэх юм биш биз дээ?

-Намын дарга бас “Шударга ёс” эвслийн дарга шүү дээ. Загнаж, муулах, доромжлох нь хамаагүй. Тэгээд ч Н.Энхбаяр дарга бүлгийн өмнөөс шийдвэр гаргадаг хүн биш. Хуулиараа бүлэг шийдэх ёстой. 40 хүрсэн хүн хэн нэгний уур хилэнгээс айж улс төр хийдэг юм биш. Би УИХ-ын гишүүний хувьд огцруулах бичигт гарын үсгээ зурсан. Бүлэг нам, эвсэлд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шийдвэрт шууд нөлөөлөх хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Би Н.Энхбаяр гэдэг хүний өмгөөлөгч байсан. Хойшид ч байна. Гэхдээ зарчим дээр зарчмаа бариад явна. Бүлгийн дарга, дэд дарга нь Засгийн газрын кабинетад ажиллаж байгаа учраас юу гэж огцруулъя гэх юм бэ. Өөрөө өөрийгөө огцруулна гэхгүй шүү дээ. Сайд биш хүнээр бүлгийг удирдуулах хэрэгтэй байгаа юм. Бүлэг болж болно гэсэн бол сайд биш хүнийг томилох ёстой.

-Намын дарга бүлгийн хуралд оролцсон гэсэн. Та бүхэнд ямар чиглэл өгөв?

-Эвслийн зүгээс зарчмын зүйлүүдээ ярьсан. Тэр нь нэлээд ноцтой улс төр болчих вий дээ. Маргааш цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрвэл “Та нарыг минь буруутгах вий” гэж Н.Энхбаяр дарга хэлсэн. Өндөр хүүтэй бонд олдох учир хүү өссөн гэдгийг бидэнтэй холбож тайлбарлах вий гэдгээс болгоомжилсон. Монголын ард түмэн цалинтай байх уу үгүй юу гэдэг нь нэгдүгээр асуудал биш. Ард түмний нэгдүгээр асуудал нь бид өртэй байж, Парисын клубт очиж, өрөө худалдуулж, Монгол Улс тусгаар тогтнолоо алдах уу. Эсвэл бид уул уурхай, ашигт малтмал, газрын тосоо улсад ашигтайгаар арилжиж 5-10 сая төгрөгийн цалин авах уу. Аль нь дээр байна вэ.

-Та Монголын ард түмнээс болон манай бүлгээс З.Энхболд уучлалт гуйвал би огцруулах бичгээс нэрээ татаж болно гэсэн байсан шүү дээ?

-З.Энхболд Ерөнхий сайдын ажлыг давхар гүйцэтгэсээр удаж байна. Тэр Ерөнхий сайд маш сайн ажиллаад байгаа юм биш үү. Ипотекийн зээлийн гацааг гаргаж, найман хувийн зээлийг тав болгох жишээтэй. Харин Ч.Сайханбилэг маш муу ажиллаж байгаа юм шиг харагдаж байна. Тэгвэл З.Энхболд Ерөнхий сайдаа хийе гэдгээ хэлэх ёстой. З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр албан тушаалаа соль. З.Энхболд шиг ухаантай хүнийг яагаад Ерөнхий сайд болгохгүй байгааг ойлгохгүй байна. Энэ хүн Монголоо өрөнд оруулахгүй нь. Монгол Улсын эдийн засгийг мэдэж байгаа хүн хууль нь болж байвал давхар хаших хэрэгтэй. Даанч болохгүй юм даа.