Ч.Сайханбилэг улсынхаа эрх ашгаас урвасан
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.01.22

Ч.Сайханбилэг улсынхаа эрх ашгаас урвасан

УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн барьсан.

Учир нь Дубайд айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан хэмээн үзэж, огцруулах бичгийг санаачлан УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан юм.

Тус саналд нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар ийнхүү өргөн барих эрх нь үүссэн. Тодруулбал, Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар уг саналд гарын үсэг зурсан билээ.

Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг уг бичигт гарын үсэг зурсан гэж байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай саналаас нэрээ татсан гэдгээ зарласан юм. Тэгвэл МАН-ын бүх гишүүд огцруулах тухай саналаас нэрээ татсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас өргөх бичигт ямар учраас гарын үсэг зурсан, эргээд нэрээ татах эсэх асуудлыг тодруулав.

Тэрбээр “Миний итгэл үнэмшил өргөн барих огцруулах төсөлд тусгагдсан Оюутолгойн асуудал. Ерөнхий сайд маш хариуцлагагүй гэрээ хийсэн. Бид энэ гэрээг нухацтай харсан судалсан. Монголын төрийн гурван яам, монголын төрийн гааль, татвар гэсэн агентлагуудын хамтарсан нөр их хөдөлмөр, алдаа дутагдал олон их наядаар тавигдсан. Гэтэл зөвхөн энэ гэрээгээр бүгдийг нь хүчингүй болгосон. Онгоцонд суугаад явж байхад нь үл марган зарчмаар хүлээн зөвшөөрөх ёстой гэж Сангийн яам гарын үсэг зурсан.

Хувь хэмжээ өссөн, цаг хугацааны асуудлыг ярих зүйл их байна. Тухайн асуудлыг хэлэлцэх үед нь ярина. Миний хувьд Монгол Улсын Засгийн газар улсынхаа үндэсний эрх ашгаас урвасан” хэмээлээ.

Мөн “Эдийн засгийн ийм хэцүү үед төрийг тогтворгүй болгох шаардлага байна уу” хэмээхэд “Алдаа гаргасан. Алдааг хол явуулахгүй засч чадвал сайн. Үр дагавар нь багасна. Улс орны ажил явдгаараа явна. Ерөнхий сайдыг огцруулах асуудал эдийн засаг болоод улс төрийн тогтворгүй байдалд нөлөөлөх байх зүйл биш. Хариуцлага хүлээх ёстой бол хариуцлагаа хүлээх л хэрэгтэй” гэлээ.