Улс төрчид бид худлаа ярьсаар л... Үүний тод жишээ нь “Зөгийн үүр” хэмээх хөтөлбөр
Гадаадад сурч, ажиллаж буй олон мянган залуус эх орондоо ирж ажиллая гэвч ажлын байр байхгүй, Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр улс төржөөд явуулдаггүй... Үүний тод жишээ Монгол улс 2013 онд Төмөр зам, Сайшандын аж үйлдвэрийн цогцолбор төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой 1,5 тэрбум ам.долларын бондыг Олон улсын зах зээл дээр босгож бодит ажил хэрэг болгосон....
Харамсалтай нь дээрх ажил бодитоор хэрэгжсэнгүй, АСАР ИХ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЛАА.... энэ ажлыг хийхэд асар их үүрэг биечлэн гүйцэтгэсэн, багийн маань нэг нөхөр “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатынхаа одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төрийн өндөрлөгүүдэд хандан бичсэн захиаг өөрийн булангаараа дамжуулан олон нийтэд хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
УИХ-ын дарга З.Энхболд,
Ерөнхий сайд Ч. Сайханбилэг,
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар танаа
Ил захидал хүргүүлэх тухай
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж Чулуунхүүгийн Ганбат миний бие мэндчилж байна.
Намайг хууль хяналтын байгууллагаас онц аюултай гэмт хэрэгтэн мэтээр олон улсад зарлан, эрэн сурвалжилж байгаагаас үүдэн энэхүү захидлыг бичихэд хүрлээ.
Юуны өмнө миний бие дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүдтэй хэрхэн яаж холбогдсон тухай товч түүхээ дурдъя.
2009 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Зөгийн үүр” санаачлагыг хэрэгжүүлж байх үед би ХБНГУ-ын «Commerzbank»-ны Нью Йорк дахь салбарт 6 жил ажиллаад байсан ба ажлын шаардлагаар Монгол руу ирж очих явцдаа УИХ-н гишүүн Х. Баттулгатай танилцаж, "одоо л гадаадад ажиллаж байгаа өндөр мэргэжлийн хүмүүс улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох хэрэгтэй байна" гэсэн түүний уриалгыг хүлээн авч, өөрийн мэдлэг, хуримтлуулсан туршлага, сурсан зүйлээ улс орныхоо хөгжилд нэмэрлэх их хүслийг өвөрлөн 2009 оны 7 сард Нью Йорк хотоос Монголдоо нүүж ирсэн. (Өөрийн товч намтарыг хавсаргав).
Энэхүү шийдвэрийг гаргахад хувийн ашиг сонирхлоос илүүтэйгээр улс орны хөгжил, ирээдүйн бүтээн байгуулалтыг цогцлоох хүсэл, мөн “Commerzbank”-нд ажиллаж байхдаа ОХУ, Казакстан, Бразил, Мексик, Нигер зэрэг байгалийн баялагтай орнууд түүхий эдийн үнийн уналтаас хамааран эдийн засгийн гүн хямралд орж (тухайлбал 2007-2008 онуудад), эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор нэмүү өртөг бүхий үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж, дотоодын бэлтгэн нийлүүлэх салбарыг хөгжүүлэх явцад банк талаас хамтран ажиллаж хуримтлуулсан туршлага маань эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад дөхөм болно гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн буцаж ирсэн.
Тухайн үед Х.Баттулга нь УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан. Хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэж, 2009 оны 9 сарын 16-ны өдрийн 254 тоот сайдын тушаалаар “Хөрөнгө оруулалтын ажлын хэсэг” байгуулан, намайг сайдын орон тооны бус зөвлөхөөр томилж, уг ажлын хэсгийг ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргасан.
Аж үйлдвэр, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин яамны түвшинд дутмаг, төслүүдтэй холбоотой боловсруулах олон баримт бичиг, ажлуудыг ганцаар гүйцэтгэх боломжгүй байсан учир гадаадад сурч, ажиллаж байсан Монгол залуучуудыг татаж, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх «Либерти Партнерс» ХХК-ийг 2010 оны 3 сарын 12-ны өдөр байгуулж байсан. Улмаар 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ЗТБХБЯ-тай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд бид яаманд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байхаар, шаардлагатай тохиолдолд зарим зөвлөх үйлчилгээг гадаадын зөвлөхтэй хамтран төлбөртэй гүйцэтгэх нөхцөлтэй байсан болно. Бид голчлон төмөр замын бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг төслүүд дээр зөвлөгөө өгч ажилласан.
Улсын Их Хурал 2010 оны 6 сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн “Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 283 дугаар тогтоолыг баталсан ба тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий АНУ-ын «McKinsey» компани Шинэ төмөр замын төсөлд зөвлөхөөр ажиллахаар шалгарсан. «McKinsey» компани «Либерти Партнерс» компанийг дотоодын зөвлөхөөрөө сонгож, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан болно. Зүйрлүүлж хэлбэл, Тавантолгойн ордыг ашиглах тендерт ялсан Хятадын «Шенхуа» компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа «Энержи Ресурс» компанийг хамтрагчаараа сонгосонтой адил үйлдэл юм.
Төмөр замын төслийн зөвлөх багийг “McKinsey” тэргүүлж, багийн бүрэлдэхүүнд АНУ-ын «Pillsbury Winthrop Pittman Shaw LLP» хуулийн фирм, Францын «BNP Paribas» банк, дотоодын “Либерти Партнерс” ХХК хамтран, Төмөр замын бодлогын эхний үе шатыг (Тавантолгой-Чойбалсан чиглэл) хэрэгжүүлэхэд ямар тохиолдолд эдийн засгийн үр ашигтай байх, хэрхэн санхүүжүүлэх талаар ЗТБХБЯ болон “Монголын төмөр зам” ТӨХК-д Төмөр замын бодлогын 1-р болон 2-р үе шатыг хамтад (цаашид “Шинэ төмөр зам” төсөл) нь хэрэгжүүлэх тухай мэргэжлийн зөвлөгөө, тайлан боловсруулж өгсөн. Үүний үндсэн дээр Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 35/32 тоот зөвлөмж гарсан байдаг.
Үүний дараа, Төмөр замын бодлогын 1, 2-р үе шатыг хэрэгжүүлэх, санхүүжилт босгох ажилд АНУ-ын «Guggenheim International», Францын «BNP Paribas» зэрэг банкуудтай «Либерти Партнерс» компани санхүүгийн зөвлөх багийн бүрэлдэхүүнд хамтран орж ажилласан. Энэ зуур Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ойролцоогоор 1 тэрбум ам.доллар шаардагдах тооцоог Германы «Deutsche Bahn International» компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн техникийн зөвлөхийн хувиар тодорхойлсон байсан. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар 400 сая ам.доллар гаргах, олон улсын зээлийн санхүүжилтээс 600 сая ам.доллар босгох шаардлага тулгараад байв. Ингээд Санхүүгийн зөвлөх баг нийтдээ 650 сая ам.долларыг «Korea Eximbank», «Korea Development Bank», «EBRD» зэрэг олон улсын банкуудаас босгож санхүүжүүлэх тал дээр яриа хэлэлцээрийг амжилттай хийж, тухайн банкуудын албан ёсны саналыг “Монголын төмөр зам” ТӨХК, Зам, тээврийн яаманд хүргүүлж, ЗТЯ түүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн боловч ЗГХЭГ-аас Засгийн газрын хуралдаанд оруулаагүй билээ.
Миний бие 2013 онд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан тул хуулийн дагуу Зөвлөх үйлчилгээний ажил эрхлэх боломж байгаагүй. Харин “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан АНУ-ын “FLUOR” компанитай ТУЗ-ийн даргын хувиар, мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байсан. Тэр үед Сингапурын “SEMBCORP”, Францын “Air Liquid”, Энэтхэгийн “Overseas Infrastructure Alliance”, ОХУ-ын “ИНТЕР РАО” зэрэг байгууллагууд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, БНХАУ-ын “BAUTOU STEEL”, Энэтхэгийн “INDIA STEEL AUTHORITY” зэрэг байгууллагуудаас “Сайншанд” аж үйлдвэрийн дэд бүтэц болон хүнд аж үйлдвэрүүдийн төслүүдэд хөрөнгө оруулах албан саналаа ирүүлж, дотоодын үйлдвэрүүдтэй түүхий эд нийлүүлэх санамж бичгүүд хийгдэн ажил урагштай явж байлаа. Би болоод миний багт ажиллаж байсан хүмүүс, УИХ-ын гишүүн Х.Баттулга бүгд Монголоо гэсэн чин сэтгэлээр жигүүрлэн, урам зоригтой ажиллаж байсан.
Харамсалтай нь дээрх амжилттай явсан төслүүдийг улс төржүүлснээр Шинэ төмөр замын төсөлд гаргахаар анх баталсан 400 сая ам.доллар 200 сая ам.доллар болж бууран, санхүүжилт зогсож, “Сайншанд” аж үйлдвэрийн төслийн ажилтнуудын цалинг 1 жил гаруй хугацаанд төлөөгүйн улмаас бүх ажил гацаж зогссон.
Төслүүдийг тойрсон хоосон хардлага, цуурхал, гүтгэлэг өргөн хүрээнд өрнөж байсан ч эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэлтэйгээр бид олон жил хичээж ажилласан. Монгол Улсад боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн ач тус, гадны түүхий эдийн бааз байхаа болихын үр шимийг хүртэхийг хүссэндээ олон удаагийн хоосон гүтгэлэг, төр засгийн түвшинд нөлөөлсөн дайралтыг ч сөрж зогсож ирсэн билээ. Бидний ажил саадгүй урагшилж, биелсэн бол Монголын баялаг Монголчуудын амьдралыг дээшлүүлж, цөөн хэдэн олигархийн эрх ашгийг хамгаалсан системээс олон нийтэд өгөөжтэй чиглэлд хөгжүүлэх бүрэн боломжтой байлаа.
Улс төржилт 2014 оны эцэс, 2015 оны эхээр улам ширүүсч, намайг АНУ-ын «McKinsey» гэх хуурамч компанийг байгуулан, бусдын хөрөнгийг булаасан, залилсан, мөнгө угаасан гэж гүтгэх нь хэрээс хэтэрч, улмаар ийм зохиомол хэрэгт сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгээд байна. Хэрэг үүсгэх үед би гадаадад томилолтоор явж таарсан ба энэхүү үндэслэлгүй, зохиомол бөгөөд улс төрийн шинж чанартай хэрэгт хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдох хүсэл гэм зэмгүй надад огтхон ч байгаагүй тул Бээжингээс Улаанбаатар нисэх гэж байснаа больсон.
Монголын улс төрчдийн хуурамч, луйварчин компани гэж зарласан олон улсад нэр хүнд бүхий АНУ-ын «McKinsey» компанийн Олон нийтийн харилцаа хариуцсан захирал Penny Burt нь 2014 онд уг гүтгэлэгийг анхлан тараасан "Өглөөний сонин"-ы эрхлэгчид эсэргүүцлийн албан тоот хүргүүлж байсан ч эс тоон гүтгэлэг өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Яг ийм утгатай гүтгэлгийг «Samsung C&T» компанийн нэртэй холбогдуулан хэвлэлээр хуурамч компани хэмээн тараасан.
Хэрвээ Монголын хэвлэл мэдээллийнхэн үнэхээр хариуцлагатай сэтгүүл зүйг баримталж ажилладаг нь үнэн бол “Samsung” компанийн сайт руу ороод охин компанийх нь Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийн танилцуулгыг харчихад л худлаа гэдгийг нь мэдэх байсан билээ. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг «Цензургүй ярилцлага»-д орохдоо «Rio Tinto» бол хэтэрхий шилэн компани шүү дээ гэж хэлж байсан. Тэгвэл АНУ-ын “McKinsey”, Солонгосын «Samsung C&T» бол мөн л яг тийм хэтэрхий шилэн компани шүү дээ. Үүнийг АНУ-д хуулийн магистерийн зэрэг хамгаалсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та мэдэж л байгаа шүү дээ. Эдгээр компанийн нэрийг ашиглан хуурамч компани байгуулах ямар ч боломжгүй гэдгийг ч та мэдэж байгаа.
Бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мөнгөн дүн тавьсан гүтгэлэгүүд зохион байгуулалттайгаар тарааж, тухайн дүнгийн 70 хувийг Б.Батзаяа болон бид нарыг "хувааж идсэн" хэмээн мэдээлж байгаа байдал нь гүтгэлэг эрүүл ухаанд буухааргүй хэмжээнд хүрснийг харуулна. Хамгийн сүүлд "42 сая ам.долларыг дансандаа шилжүүлсэн" гэж хүртэл барин тавин мэдээлж байна. Энэ нь Монголын хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгаж байгаа хэргийнхээ талаар асар их мөнгөн дүнтэй хохирол зарлаж, олон нийтээр жигшүүлж, үзэн ядуулах замаар хүнийг буруутгах ажлаа хөнгөвчилж, улмаар хилс хэрэг тохдог уламжлалт аргыг өөрийн эрхгүй санагдуулж байна.
Том төсөл, олон улсын санхүүжилттэй ажиллагаануудад оролцож байсан хэн бүхэн санхүүгийн сахилга бат нь ямар нарийн чанд байдаг, хэн нэг нь өөрийнхөө данс руу дураар мөнгө шилжүүлж, луйвардах боломж байдаггүй зэргийг сайн мэднэ. Төслийн нийт өртгийн 70 хувийг залилан авах боломж хаана ч байхгүй. Шилжсэн доллар бүр гүйцэтгэлийн хяналт, баримт нотолгоон дээр үндэслэгдэн шилждэг. 42 сая ам.доллар бол 84 тэрбум төгрөгтэй тэнцэх асар их дүн бөгөөд ийм хэмжээний шилжүүлгийг хувийн данс руу оруулсан бол Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагууд Монголын хуулийн байгууллагуудаас ч өмнө мэдээд зарлаж, шалгах байсан.
Мөн миний талаар бодит мэдээлэлгүй хирнээ "Америкийн иргэн болж хил давлаа" гэх гүжирдлэгийг ч зориудаар тараах боллоо. Бодит мэдээллийг өгөхөд би 2012 онд АНУ-ын иргэн болчихсон байсан юм.
Миний санаа зовж буй зүйл бол улс төржилт, улс төрчдийн өрсөлдөгчөө намнах явцуу хүслээр өдөөгдөн үүссэн нөхцөл байдал нь Монголын гадаад нэр хүнд, хөрөнгө оруулалтын орчин зэрэгт таагүй нөлөөлөх магадлалыг бий болгож буй нь харамсалтай.
Эрхэм Ц.Элбэгдорж, Ч. Сайханбилэг, Л.Пүрэвсүрэн нараа! Би Та бүхний зарим гадаад улсууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаан дээр холбогч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн амжилттай ажиллаж байсан. Мэргэжлийн түвшинд өөрийн мэдлэг, чадвар, туршлагаа чамгүй сайн харуулсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Өөрийн мэдлэг чадвартаа тулгуурлан биеэ хангалттай хэмжээнд аваад явах чадамж надад бүрэн дүүрэн бий тул ямар нэг байдлаар хууль бусаар мөнгө олох сонирхол огтоос байхгүй болно.
Монгол Улсад үнэн ялж, шудрага ёс тогтох сайн цаг хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тийм ч учраас би өөрийн хүсэлтээр Монгол Улсад очиж шалгуулж нэрээ цэвэрлэх болно гэдгээ энэхүү захидлаар мэдэгдэж байна.
Хүндэтгэсэн Ч.ГАНБАТ
2016.01.25
Товч намтар:
Чулуунхүүгийн Ганбат
Боловсрол:
1974 оны 2-р сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн.
1982-1984 Нийслэлийн 23-р дунд сургууль,
1984-1990 Москва хотын Черёмушкины районы 102-р сургууль,
1990-1991 Нийслэлд Оросын 3-р сургуульд тус тус суралцсан.
1992-1995 ТИС-ийн КТМС-ийн Менежментийн ангийг Үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжлээр бакалавр цолтой төгссөн.
2001-2003 АНУ-ын Нью Хэйвэны их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
2003-2005 АНУ-ын Колумбын их сургуулийг Олон улсын санхүү, эдийн засгийн магистр зэрэгтэй төгссөн.
Ажилласан байдал:
1993-1995 оюутан ахуй цагтаа Азийн хөгжлийн банкинд Зөвлөхийн орчуулагч, "Ажлын байр нэмэгдүүлэх төслийн" мэдээллийн системийн дотоодын зөвлөхөөр ажилласан.
1995-2001 “Буян холдинг” ХХК-д Гүйцэтгэх захирлын туслах, Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан.
2005-2009 Нью Йорк хотод ХБНГУ-ын “COMMERZBANK AG” банкны International Structured Finance хэлтэст Ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан.