О.Содбилэг гишүүн ааваа дурсав
Одоогоос 15 жилийн өмнө 2001 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр зудад нэрвэгдсэн малчдад тусламж хүргэж явсан МИ8 нисдэг Увс аймгийн Малчин суманд осолдсон. Уг ослоор дотоод, гадаадын найман хүн амиа алдсаны дотор УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг байсан. Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг эдүгээ аавыгаа залгамжлан, УИХ-ын гишүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг фэйсбүүк хуудсандаа аавыгаа дурсан, 15 жилийн өмнөх хэрэг явдлын талаар өгүүлсэн нь олон хүнд хүрчээ. Ш.Отгонбилэг агсны дараа түүний гэргий Д.Туяа мөн УИХ-ын гишүүн болж байсан бөгөөд нэг гэр бүлийн гурван хүн ийнхүү төр түшилцсэн ховорхон түүхийг бүтээсэн юм.
О.Содбилэг гишүүн фэйсбүүктээ ийн бичжээ.
“Өнөөдөр 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр. Гадаа -32С байна. Яг 15 жилийн өмнө 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр. Гадаа -40С байв. Тэр өвөл 12 аймгийн 192 суманд зуд болж нийт 12 сая мал хорогдсон юм. Энэ өдөр миний аав НҮБ-ын олон улсын багтай байгалийн гамшиг зуданд нэрвэгдсэн малчидад туслахаар явж байгаад нисдэг тэрэгний осолд амь үрэгдсэн. Аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж таны хань, хүүхдүүд, бэр ба хүргэн, долоон ач зээ, ах дүү хамаатан, найз нөхөд тань мэхийн ёсолж байна!
Доор дурдсан хүмүүсийн ажлын үр дүнд хандивлагч орнууд зуданд нэрвэгдсэн малчдад 12 сая ам.долларыг бэлнээр, 18 сая ам.долларын бараа материалыг өгсөн байдаг.
Увс аймгийн Малчин суманд болсон осолд Монголчуудын төлөө явж байгаад амь үрэгдсэн баатрууд:
Ш.Отгонбилэг - Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн,
Сабине Метцнер-Страк - Герман Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газрын ахлагч,
Жерард Ле Клэйр - Их Британи Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын газрын нэгжийн гишүүн
Матью Гирвин - АНУ-ын иргэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хөтөлбөрийн ажилтан,
Такахиро Като - Япон Улсын иргэн, NHK ТВ-ийн сэтгүүлч,
Минору Масаки - Япон Улсын иргэн, NHK ТВ- ийн зураглаач,
Б.Баярмаа - Монгол Улсын иргэн, НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан,
Ц.Батзориг - Монгол Улсын иргэн, Гамма агентлагийн гэрэл зурагчин,
Д.Отгон - Нисдэг тэрэгний техникч нарын 9 хүн.
Түүхээ бид мэдэх ёстой!” гэжээ.