Н.Энхбаяр Шадар сайд болох боломжтой юу
Н.Энхбаяр Шадар сайд болох боломжтой юу
2016.01.26

Н.Энхбаяр Шадар сайд болох боломжтой юу

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзэн, тог­тоолын төсөлд гарын үсэг зурсан бүл­гийн­хээ гурван гишүүнийг саналаа та­тахыг шаардсан. Ийм шийдвэр гаргах болсон гол үндэслэл нь албан тушаалын эрх ашигтай холбоотой гэдгийг Г.Уянга гишүүн онцолсон.

Тодруулбал, “Шударга ёс” эвслийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болох хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Ерөнхий сайд түүнийг Шадар сайд болгох саналаа нэгэн болзолтойгоор тавьжээ. Тэр бол­зол нь огцруулах тогтоолд га­рын үгээ зурсан эвслийнхээ гурван ги­шүү­ний нэрийг татуулах юм. УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар нэрээ татаагүй байлаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хамгаалж үлдэх эсэх нь “Шударга эс” эвсэл, ялангуяа Н.Энхбаяраас ихээхэн хамааралтай. Тий­мээс гишүүд нь нэрээ татах эсэхээс үл хамааран Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилж, түүний оронд Н.Энхбаярыг томилохоос өөр аргагүй бололтой.

Харин түүнийг хууль зүйн хувьд Шадар сайдаар томилох боломжтой эсэхээр Засгийн газар, УИХ дахь АН-ын бүлгийн төвшинд яриад эхэлжээ. Нэг хэсэг нь “Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт оногдуулсан ялын зарим хэсэг нь өршөөлд багтаагүй тул ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй” хэмээн үзэж байна. Тэдний үзэж байгаагаар бол Шадар сайдаар томилогдох боломж­гүй гэсэн үг. Харин нөгөө хэсэг нь “Өршөөлийн хуульд хамрагдаж ялтайд тооцох хугацаа нь дууссан учраас Шадар сайдаар томилогдох боломжтой” гэж үзэж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Бат­зандан нарын байр суурийг сонирхлоо. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнийн тайлбарыг хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:  

-Ял эдэлж байсан хүн Шадар сайд болж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Би буруу санаагүй бол энэ хүний албан тушаалын хэрэг нь шүүхийн шийдвэрээр 2009 оны Өршөөлийн хуульд хамрагдсан. Мөн нам­рын Өр­шөөлийн хуулиар ялтай байдлыг бүгдийг нь өршөөсөн. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр хууль эрх зүйн хүрээнд Шадар сайд болох бүрэн боломжтой. Тэр эрх нь нээгдсэн. Гагцхүү нэг л асуудал бий. Энэ нь ёс зүйн асуу­дал. Өөрөөр хэлбэл, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч бай­сан хүн өршөөгдсөнийхөө дараа Шадар сайд болох гэж байна. Энэ бол ёс зүйн талаасаа зохимжгүй, учир дутагдалтай зүйл юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

 -Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энх­баярын ялтайд тооцох хугацааг нь өршөөлд хамруулчихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, бүх гэмт хэрэг дээр нь ялтайд тооцох хугацааг нь хүчингүй болгосон гэсэн үг. Энэ талаас нь авч үзэхээр бүх эрх нь нээгдчихсэн юм шиг харагдаад байгаа  юм. Харин  зарим хүн албан тушаалын гэмт хэрэг бол өршөөлд хамрагдаагүй. Тэр ут­гаараа Шадар сайд болох боломжгүй гэсэн тайлбар хийгээд байгаа. Тэгэхээр аль аль талаас нь харж болохоор байгаа юм. Энэ маргааныг шийдэхийн тулд УИХ-ын Хууль  зүйн  байнгын хорооноос албан ёсны тайлбар хийх хэрэгтэй болов уу. 

Д.Мөнх-Эрдэнэ фэйсбүүк хуу­даснаа “Н.Энхбаярт оногдуулсан ял болон ялтай байдлын талаарх лав­лагаа” гэсэн дөрвөн хуудас тайлбар тавь­сан юм. Тус материалд дурд­са­наар хуулийн дагуу Н.Энхбаяр 2017 оны наймдугаар сарын 3-наас ялгүйд тооцогдоно. Тө­рийн алба­ны тухай хуулийн 16.2-т заасны дагуу Н.Энхбаяр Шадар сайд болох боломжгүй юм байна. Н.Энхбаярт шүүхээс 2012 онд ял шийт­гэл оноо­сон бөгөөд түүний ялыг хүндэв­тэр гэмт хэргийн ангилалд хамаа­руулсан байдаг. Эрүүгийн хуулийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно” гэж заажээ.