Шаардлага
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ЗАМ ТЭЭВРИЙН САЙД М.ЗОРИГТ
САНГИЙН САЙД Б.БОЛОР ТАНАА
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2016.01.21 Улаанбаатар хот
Монголын авто замчид, зам барилгын компани, аж ахуйн нэгжүүд 2015 онд Засгийн газрын үйл ажиллааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд улсын чанартай 12640 км авто замын засвар арчлалтын ажил, шинээр 989,6 км хатуу хучилттай авто зам, 839,5 у/м гүүрийн барилгын ажлыг хийж гүйцэтгээд байна.
Эдгээр хийж гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилт бүрэн олгогдоогүйгээс дараахь хүндрэлүүд үүсээд байна.
1.Авто замын засвар арчлалтын компаниудын талаар:
Авто замын засвар арчлалтын 28 компанид 2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоогүйгээс татвар, нийгмийн даатгалын өрөнд орж, техник тоног төхөөрөмжүүдээ банк, санхүүгийн байгууллагад битүүмжлүүлээд байна. Ойрын өдрүүдэд цас их орж, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан зам засвар арчлалтын компаниуд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж улсын чанартай авто замаар зорчигч, иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүрээд байна.
Ажилчдын цалинг сүүлийн 2-3 сар өгөөгүйгээс замчдын ар гэр, ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байна.
2.Авто зам гүүрийн барилгын гүйцэтгэгч компаниудын талаар
2014, 2015 онуудад үндэсний авто зам гүүрийн барилгын компаниуд гэрээт ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд компанийн эд хөрөнгө, машин техник, тоног төхөөрөмж, хувийн орон сууц, машин болон үл хөдлөх хөрөнгөө банкинд барьцаалах, нефть импортлогч компаниудаас шатах тослох материал, битум зэрэг матералуудыг зээлээр авч ажлаа гүйцэтгэсэн зэргээс болж өрийн сүлжээнд ороод байна. Түүнчлэн, хувь хүн, аж ахуйн нэгжүүд банкны өрийн зээлийн хүүгийн алдагдалд орж байна.
Туслан гүйцэтгэгч компаниудын өр, ажилчдын цалингаа өгч чадахгүй 4-6 сар болж байна.
Авто зам гүүрийн барилга, засвар арчлалтын компаниудын санхүүжилтыг олгоогүйгээс компаниуд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс ажилчид өвдсөн ч эмнэлгийн үйлчилгээ болон бусад нийгмийн үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байна.
Санхүүжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хаяглан ил захидал, албан бичиг, шаардлага хүргүүлсэн ч одоо болтол ямар нэг арга хэмжээ аваагүй, үр дүн гараагүй тул салбарын төрийн бус байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гарч энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
- Авто замын засвар арчлалтын 28 компанид 2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 01 сарын 29-ний дотор нэн даруй шийдвэрлэж олгох
- 2014, 2015 онуудад хийгдсэн авто зам гүүрийн барилгын санхүүжилтийг 2016 оны 01 сарын 29-ний дотор нэн даруй шийдвэрлэж олгохыг тус тус шаардаж байна.
Асуудлыг заасан хугацаанд шийдвэрлэхгүй бол ажил хаялт зохион байгуулж, орон нутгийн замуудыг хаах хүртэл арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
Үүнээс үүдэн гарсан үр дагаврыг авто замчид хариуцахгүй болно.
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2016.01.21 Улаанбаатар хот
Авто зам, гүүрийн сүлжээний урт нэмэгдэхийн хэрээр хатуу хучилттай авто зам, гүүрийнзасвар арчлалтын хөрөнгө санхүүжилт байнга өсөн нэмэгдэж байдаг. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын хатуу хучилттай замын насжилтыг уртасгах, хөдөлгөөний аюулгүй байдал, замын байнгын бэлэн байдлыг хангахын тулд жилд 100 тэрбумаас доошгүй хөрөнгийг зам засварын ажилд зориулж байх ёстой гэсэн тооцоо гарсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл авто замын засвар арчлалтын зайлшгүй хийх шаардлагатай ажлын хөрөнгө санхүүжилт дутмаг байснаас нийт замд хийгдэх өдөр тутмын засвар арчлалт, ээлжит болон их засварын ажил шаардлагатай хэмжээнд хийгдэж чадалгүй явж ирлээ.
Иймд:
2016 оны улсын төсөвт Зам, тээврийн яамнаас Улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтын зардлыг 55,0 тэрбум төгрөгөөр тооцон хүргүүлсэн боловч УИХ-аар 8 тэрбум төгрөг болгон батласан нь авто замын сүлжээний бэлэн байдал, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд зам хэрэглэгчдийн аюулгүй зорчих нөхцөл ноцтой зөрчигдөх байдалд хүрээд байна. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий авто замын сүлжээг байнгын бэлэн байдалд байлгах, түүгээр зорчиж байгаа зорчигчид, зам хэрэглэгчдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангасан, ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах хэмжээнд зарцуулагдах 55,0 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2016 оны улсын төсөвт тодотголоор бүрэн суулгаж өгөхийг хүсч байна. Түүнчлэн цаашид засвар арчлалтын санхүүжилтийг цаг хугацаанд нь олгодог байх, үүнээс үүдэн улсад төлдөг татвар онцгой гааль, нийгмийн даатгал зэрэг төсөвт төвлөрдөг татварын өглөгийг хүлээгдэж байгаа санхүүжилтээс суутгаж өр авлагыг тооцдог байх зарчмыг баримталдаг байхаар хууль, журамд нийцүүлж өгөхийг хүсэж энэхүү шаардлагыг хүргүүлж байна.
АВТО ЗАМ, ГҮҮРИЙН БАРИЛГА, ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫН
АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ҮЭ-ҮҮДИЙН ХОЛБОО
AВТО ЗАМЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН НИЙГЭМЛЭГ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО