Хамтран ажиллах гэрээ байгууллаа
Өнөөдөр 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Монголын Авто замчдын холбоо, Хөдөлмөрийн яамны харьяа" Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв" авто замын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбарт ажиллагсадын хөдөлмөрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт явуулах, мэдээлэл сурталчилгаа хийх, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүх нар гарын үсэг зурлаа.
2015 онд шинэчлэгдэн батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 138 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам", Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журмууд"-ын хэрэгжилтийг хангах, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэр, ажлын байран дээрх осол гэмтлийг бууруулах явдал нийгэмд тулгараад байгаа хамгийн чухал асуудлуудын нэг билээ. Ажилчин хүн өдрийн гуравын нэгийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг буюу хамгийн идэвхтэй байх цаг хугацаагаа ажилдаа зориулдаг. Авто замын салбарын компаниудыг ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, урьдчилсан сэргийлэх үзлэгт ажилтан албан хаагчидаа хамруулахыг уриалж байна.