Авлигатай тэмцэх өвөрмөц аргууд
2016.01.27

Авлигатай тэмцэх өвөрмөц аргууд

Авлига гэдэг нийгмийн хорт үзэгдэлтэй тэмцэхийн тулд зарим оронд ер бусын, заримд нь хэтэрхий харгис гэмээр аргуудыг хэрэглэдэг.

Хахуулийн хэрэгцээнд зориулсан мөнгөн дэвсгэрт

Хээл хахууль бараг хэвийн үзэгдэл болсон гэж болохоор Энэтхэгт 2010 онд авлигатай тэмцдэг “Тавдугаар цуваа” нэртэй төрийн бус байгууллагаас хээл, хахуулийн хэрэгцээнд зориулж тусгай мөнгөн тэмдэгт гаргажээ. Энэ мөнгөн тэмдэгт жинхэнэ мөнгөн тэмдэгттэй адилхан ч дээрээ “хахууль авбал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн сэрэмжлүүлэгтэй байв.  Гэхдээ тэг рупийн ганцхан хувилбартай. Дээрх ТББ-ын  төлөөлөгчдийн мэдэгдсэнээр олон нийт энэ санааг дэмжиж мөнгөн тэмдэгтүүд тэр дороо тараагджээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди

Авлигын аялал жуулчлал

Чехийн нийслэл Прагад авлигаас урьдчилан сэргийлэхэд маш өвөрмөц арга хэрэглэдэг. Тус хотын нэгэн аялал жуулчлалын компани ирсэн зочдод “Авлигын аялал жуулчлал” нэртэй үйлчилгээг санал болгодог. Энэ нь тус улсын авлигын хэрэгт холбогдож байсан төрийн албан тушаалтнуудын тансаг харш, байр, эдлэн газар зэргийг жуулчдад танилцуулах гурван цагийн зугаалга юм. Жуулчид энэ аялалд дуртайгаас гадна Чехийн Засгийн газар дэмждэг байна.

Буруугүй гэдгээ нотлохгүй бол буруутай

Хонконгод “Хэрэв чи авлигын хэрэгт сэжиглэгдсэн бол авлига аваагүй гэдгээ нотолж чадаагүй цагт чи авлигачин биш байж чадахгүй” гэсэн зарчим үйлчилдэг. Өнөөгийн Хонконгод авлига авна гэдэг ховор үзэгдэл. Харин 30 жилийн өмнө Хонконгийн төрийн аппаратын 90 хувь нь авлигад идэгдсэн байжээ. 1974 онд “Авлигатай тэмцэх Хараат бус Комисс” байгуулагдсан. Энэ байгууллагын ажилтнууд нь маш өндөр цалинтай, зөвхөн амбан захирагчид захирагддаг, үйл ажиллагааг нь сэхээтэн, бизнесменүүдээс бүрдсэн хөндлөнгийн баг хянадаг. Хонконгод авлигын эсрэг өргөн хэмжээний кампанит ажил өрнөж эхлэхэд бэл бэнчинтэй албан тушаалтнууд өөрийн хөрөнгийг хуулийн дагуу олж авсан гэдгээ нотолж чадахгүй бол баривчлуулж, хөрөнгөө хураалгаж байв. Түүнээс гадна авлигын тохиолдлуудыг идэвхтэй мэдээлж байсан жирийн иргэд, авлигын хэрэг болгоныг олон нийтэд цацаж байсан хэвлэлийнхэн Хонконгод авлига буурахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Үр дүнд нь 30-хан жилийн дотор авлигын хэмжээ 90 хувиас гурван хувь болтлоо буурсан байна.

10 жилийн дотор 10 000 албан тушаалтан авлигын хэргээр цаазлуулжээ

Хятадын авлигын эсрэг хууль тогтоомж дэлхийн хамгийн хатуу хуулиудын нэгэнд тооцогддог. Авлигын хэрэг нь илэрсэн, эсвэл сэжиглэгдсэн албан тушаалтнуудыг цаазаар авах хүртэл хатуугаар шийтгэдэг. Түүнчлэн гарыг нь тасдах шийтгэл бий. Зөвхөн 2003-2013 онд Хятадад 10 000 албан тушаалтныг олны өмнө буудаж, 120 000 албан тушаалтан 10-20 жилийн ял авчээ. Гэсэн ч Хятадад авлига буурдаггүй бөгөөд хахууль авах, өгөх, албан тушаалаа буруугаар болон хэтрүүлэн ашиглах, төсвийн мөнгө шамшигдуулах, тэр байтугай сексийн үйлчилгээгээр хахууль өгөх үзэгдлүүд түгээмэл байдаг.

Хогны машинд өгдөг “Vip” улсын дугаар

Оросын зарим мужид ижил тоо болон ижил үсэг бүхий авто машины улсын дугаарыг нийтийн тээвэр, түргэн тусламжийн машин, гал сөнөөх машин, тэр байтугай хогны машинд хүртэл олгодог байна. Энэ нь авто замын асуудал хариуцсан төрийн байгууллагын албан тушаалтнууд машины “vip” улсын дугаарыг өндөр үнээр олгож илүү гарсан мөнгийг нь завшдаг байдлыг арилгах зорилготой юм байна.