Эцэг эхийн оролцоо нэмэгдсэнээр сургуулийн орчин дахь гэмт хэрэг 15 хувиар буурчээ
Эцэг эхийн оролцоо нэмэгдсэнээр сургуулийн орчин дахь гэмт хэрэг 15 хувиар буурчээ
2016.01.28

Эцэг эхийн оролцоо нэмэгдсэнээр сургуулийн орчин дахь гэмт хэрэг 15 хувиар буурчээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 2015 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,3 хувиар буурчээ.

Энэ нь Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас үзэж байна.

Цагдаагийн газраас мэдээлснээр эцэг эх сургуулийн орчинд эргүүл хийдэг болсноор сургуулийн орчинд гардаг гэмт хэргийн тоо эрс буурсан байна.

School police төсөл нийслэлийн ерөнхий боловсролын 180 сургуульд хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 97 000 гаруй эцэг эхчүүд сургуулийн орчинд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлд гарч ажиллаж байна гэж Монголын Сурагчдын холбооноос мэдээллээ.

Өнөөдөр эдгээр сургуулиудаас төслийг хамгийн үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн сургуулийн захирал болон сургуулийн орчинд эргүүл хийхэд идэвх санаачилгатай оролцсон эцэг эхчүүдийг урамшуулжээ.

Төслийг амжилттай хэрэгжүүлсэн сургуулиар:

  • ХУД-ийн 118, 18, 52-р дунд сургууль,
  • БГД-ийн 13, 20, 28-р дунд сургууль, Эрдмийн өргөө цогцолбор сургууль,
  • БЗД-ийн 48, 87, Шавь цогцолбор сургууль,
  • Чингэлтэй дүүргийн 72-р сургууль,
  • СБД-ийн 35, 31, 58-р сугууль,
  • СХД-ийн 105-р сургууль,
  • Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль тус тус тодорчээ.

Мөн энэ үеэр 10 гаруй эцэг эхийг шагнаж урамшуулсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.