Хотын гишүүд олон болох нь ЗӨВ : БУРУУ
Хотын гишүүд олон болох нь ЗӨВ : БУРУУ
2016.01.28

Хотын гишүүд олон болох нь ЗӨВ : БУРУУ

УИХ энэ долоо хоногт багтааж сонгуультай холбоотой чухал шийдвэрийг гаргана. Аль аймаг сонгуулийнхэддүгээр тойрог байх, тэр тойргоос УИХ-ын хэдэн гишүүн сонгогдох вэ гэдгийг энэ сарын 31 гэхэдбатлах ёстой.

Хуулийн хугацаа маргааш дуусах юм. Сонгуулийн санал авах өдөр, тойргийн дугаар,мандатын тоог тогтоох УИХ-ын тогтоолын төслөөс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Учир нь хотын мандатын тоог нэмэх, хөдөөгийнхийг хасах санал гараад байгаа юм. Энэ саналын талаар УИХ -ынзарим гишүүний байр суурийг хүргэе.

АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан:

-Монгол Улсын нийт хүн амын 48 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байхад сонгуулийн 48 мандатын ердөө 14 нь нийслэлийн иргэдэд хуваарилагдсан нь шударга бус. Нийт 1.4 сая иргэний төлөөлийн ардчиллыг шударга ёсонд нийцүүлэх үүднээс мандатны тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Би Баянзүрх, Налайх дүүргийн 365000 гаруй иргэнийг төлөөлж ажилладаг гурван гишүүний нэг. Нэг гишүүн 120000 гаруй мянган хүнийг төлөөлж ажиллаж байгаа нь хэтэрсэн ачаалал. Тиймээс Монгол Улсын хэмжээнд хуваарилагдсан 48 мандатын 14 нь биш, 22 нь Улаанбаатар хотын иргэдэд оногдох ёстой.

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл:

-Би хотын хүн. Тиймээс мандатын тоог хотод нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Учир нь Улаанбаатар хотод хүн ам зүйн 48 хувь нь оршиж байна. Гэхдээ нийгэм, эдийн засгийн талаас нь аваад үзвэл бизнесийн гол хэсэг, амьдрал хотод өрнөж байна. Улаанбаатарын гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүллээ гээд хөдөө, орон нутаг орхигдоно гэсэн үг биш. Хөдөө, орон нутаг манай үе үеийн Засгийн газар, УИХ-ын хамгийн их анхаарлын төвд байсан. Харин ч хотын асуудал орхигдсоор явж ирсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнгө, хүн амын тоо зэрэг бүх л хүчин зүйлийг ярилцаж байж шийдэх ёстой.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Аймгуудын мандатыг цөөлж, хотын мандатыг нэмэгдүүлэх асуудлаар Улаанбаатар хотын 1000 гаруй иргэдээс санал асуулга авсан. Санал асуулгад оролцогчдын 43 хувь нь аймгуудын мандатыг цөөлбөл зах хязгаар нутаг эзгүйрч, тэр хэмжээгээр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэж үзсэн. Харин 20 хувь нь нийслэлийн мандатыг нэмэх нь зөв гэж үзсэн. Улаанбаатар хотод хэт төвлөрөл бий болсноор сөрөг үр дагавар улам нэмэгдэнэ. Зах хязгаар нутаг эзгүйрвэл үүний цаана ямар асуудал гарах вэ. Мандатын тоог цөөрүүлэхийн цаана зах хязгаар нутгаа эзэнгүйдүүлэх, тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг, дуу хоолойг багасгах, боомилох нь гэж иргэд хэлж байна.

Бие даагч гишүүн Ц.Даваасүрэн:

-Сонгуулийн тойргийн мандатын тооны талаар хөдөөгийнхийг цөөрүүлж, Улаанбаатарынхыг нэмэгдүүлнэ гэсэн яриа байна. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрт тохирсон хууль болон тогтолцоо хийж болохгүй. Улаанбаатарт бид санал авах бололцоотой байна гэдэг үүднээс хандаж болохгүй. Монгол Улс өргөн уудам нутагтай. Хүн ам нэлээд тархан байршсан учраас тэдний төлөөллийн тоог бууруулсан арга хэмжээ авч болохгүй. Хотожсон гишүүдийн тоог нэмж болохгүй. Хөдөөгийн амьдрал, иргэний эрх ашгийг хамгаалж мэддэггүй гишүүдийн тоог нэмэх чиглэлийг зарим улстөрч, намууд ярьж байгаа нь байж болошгүй зүйл. Хот руу төвлөрсөн бодлого явуулна гэдэг үндэсний эрх ашигт харш. Хөдөөгийн мандатын тоог цөөрүүлнэ гэсэн санал орж ирвэл бие даагчид дэмжихгүй.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнбүлгийн гишүүн Ч.Улаан:

-Мандатын тоог хотод нэмэх талаар одоогоор “Шударга ёс” эвслийн бүлэг ярилцаагүй байгаа. Гэхдээ хувь гишүүнийхээ хувьд дэмжихгүй байр суурьтай байна. Улс орны хөгжлийг тодорхойлоход хүн амын хүчин зүйл чухал. Гэхдээ газар нутгийнхаа хүчин зүйлийг бид оновчтой, зөв ашиглах ёстой. Энэ утгаараа өнөөдөр тогтсон системийг бужигнуулаад байх шаардлагагүй гэж үзэж байна.